Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 502

 

М.Н-ы нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга,

хот байгуулалтын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа 

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг   

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0451 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Н-аас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0451 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. Нэхэмжлэгч Х овогт М-ы Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М би, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0451 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

4. Шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд: Нэхэмжлэгч М.Н нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан байсан. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221 /МА2017/00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 466 дугаар захирамж болон Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон юм.

5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзсан учраас албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан байсан. Тэгтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болж /дүр үзүүлж/ 2018 оны 02 дугаар сарын 05- ны өдөр нэхэмжлэгч М.Н-ыг томилсон тухай Б/18 дугаар тушаал гаргаж, үүнийгээ нэхэмжлэгч М.Н-д 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч М.Н ажлаа хүлээж авахаар аймгийн ГХБХБГ-т очсон боловч түүнд ажлыг нь хүлээлгэж өгөөгүй /нэг ч хором ажил хийлгээгүй/, мөн цалин хөлс өгөөгүй байдаг. Тэгсээр байгаад хариуцагч аймгийн ГХБХБГ-ын дарга К.Б нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 6/20 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч М.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн үйл баримт тогтоогдсон.

6. Нэхэмжлэгч М.Н уг маргаан бүхий тушаалын үндэслэлийг тухайн үед хариуцагчаас асууж тодруулахад: “чиний орон тоо цомхтголд орсон учраас чамайг чөлөөлж байгаа юм” гэж хариулж, өөр олигтой тайлбар хэлээгүй байна.

7. Хуульд зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Мөн хуульд зааснаар захиргааны байгууллага буюу албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл сөрөг нөлөө бүхий захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг заавал татан оролцуулах зэрэг ажиллагаануудыг хийсэн байхыг хууль шаардаад байгаа. Гэвч хариуцагч эдгээрээс “нэг сарын өмнө мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй. Ингэснээр хариуцагч холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ тухай хоёр шатны шүүх шийдвэр магадлалдаа дүгнэлт хийгээгүй. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан, Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хэлбэрэлтгүйгээр заавал биелэгдэх учиртай.

9. Гэвч Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 466 дугаар захирамж болон Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоол одоо болтол бүрэн гүйцэд бодитой биелэгдээгүй.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5-д “Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

11. Дээр дурдсанчлан хэрэв нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан орон тоо цомхтголд орсон бол ажил олгогч нэхэмжлэгчид ажил олж өгөх ёстой.

12. Хоёр шатны шүүх энэ тухай дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримт болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын лабораторийн шинжээч”-ийн ажлыг нэхэмжлэгчид санал болгож хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэжээ. Гэвч дээрх хуулийн заалтуудаас үзэхэд “...адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна. Ажил олгогчоос ажилтанд санал болгосон “Барилгын лабораторийн шинжээч”-ийн ажил нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байгаа төдийгүй тусгай мэдлэг шаардагдах ажил юм. Өөрөөр хэлбэл “Барилгын лабораторийн шинжээч”-ийн ажил нь хуульд заасан адил чанарын өөр ажил, албан тушаалд хамаарахгүй. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

13. Ажил олгогчоос маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.

14. Хэрэв М.Н-ы ажиллаж байсан Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэж үзсэн тохиолдолд ажил олгогч /хариуцагч/ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Н-ы цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлэх сургалтанд хамруулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох ёстой байсан.

15. Гэвч ажил олгогч /хариуцагч/-аас хуульд заасан эдгээр баталгаануудыг эдлүүлэх үүрэгтэй боловч алиныг ч гэсэн эдлүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингэснээр хариуцагч хуулийг ноцтой зөрчсөн байна.

16. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ёстой.

17. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0451 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд миний бие болон өмгөөлөгч заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

19. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “М.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2018 оны орон тоо бүтцэд Орон сууц, нийтийн аж ахуй, зураг төсөл магадлалын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал ажлын байрны тодорхойлолт хасагдаж ирсэн тул М.Н-ыг ажлаас чөлөөлжээ.

20. Дээрх тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Хуульд зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. ...сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг татан оролцуулах зэрэг ажиллагаануудыг ...хийгээгүй...” гэж, хариуцагчаас “...М.Н-ы ажлын байр нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалын дагуу хасагдсан учраас түүнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулах зарчмаар мэдэгдэх хуудас өгч, сонсох үйл ажиллагааг явуулсан... ажлын байр нь хасагдсаныг мэдэгдэх үед түүнд лаборантын ажлын байранд ажиллах талаар санал болгоход тэрээр хүлээн зөвшөөрөөгүй” гэж тус тус маргасан байна.

21. Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан, хуулийн энэ хэсэгт заасан “...орон тоо нь хасагдсан...” гэдгийг “байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг” ойлгох бөгөөд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг чөлөөлөх хуулийн зохицуулалттай. 

22. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсан, үүний дагуу түүнийг үүрэгт албанаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, түүнчлэн анх албан тушаалын орон тоо нь хасагдсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, өөр ажил санал болгосон зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.    

23. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ы хяналтын журмаар гаргасан “...хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болж /дүр үзүүлж/ ...М.Н-ыг томилсон тухай тушаал гаргаж, шүүхийн шийдвэр биелэгдээгүй” гэх агуулга бүхий гомдолд “... Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж байгаа энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй буюу маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм.   

24. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд энэхүү тогтоол нь уг эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.  

25. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0451 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН