Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 596

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Р*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжийн, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжийн Б.Эрдэнэбалд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Р*******, гуравдагч этгээд Э.Г*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Р******* 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие “Б*******” ХХК-д насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд манай байгууллага “*******” зусланд том хэмжээний газар эзэмшдэг байсан.  Энэ газарт байгууллагынхаа зөвшөөрлөөр 1985 онд өөрийн зуслангийн байшингаа барьж улмаар Улаанбаатар хотын Зуслангийн товчооноос зуслангийн сууцны 19 тоот үнэмлэхийг 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр авсан. Надтай “Б*******” ХХК-д ажилладаг байсан Б.Эрдэнэбал ажлаасаа халагдсан байсан тул “надад газар олдохгүй байна, чи байгууллагын даргад хэлээд надад байшин барих газар авч өгөөч” гэсний дагуу би байгууллагын дарга байсан н.Пүрэвжавт хэлж өгч манай хажууд байшин барьсан. Гэтэл надаар гуйлгаж газартай болсон миний найз Б.Эрдэнэбал нь миний жижиг зуслангийн байшинд тулган надад мэдэгдэлгүйгээр кадастр хийлгэн газар эзэмших эрх авсан байна. Миний гомдол бол надад мэдэгдэлгүйгээр, зохион байгуулалтгүйгээр бусдын эзэмшил газраар дайруулан кадастр хийлгэн улмаар газар эзэмших эрх авсанд нь гомдолтой байна. Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол гаргахад Б.Эрдэнэбалын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж хариу өгсөн. Хэрэв Сүхбаатар дүүргийн газрын мэргэжилтнүүд Б.Эрдэнэбалд газар олгохдоо, газар дээр нь хэмжилт хийхдээ надад мэдэгдэж дуудсан бол байшингийн сууриар л газар авах хэмжээнд хүрч хохирохгүй байсан. Иймд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “*******” зуслангийн газарт хөршийн газрыг давхцуулан авсан Б.Эрдэнэбалын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно” гэжээ.

Хоёр. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б******* 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн 19 дүгээр хороо “*******”-ын зусланд иргэн Б.Эрдэнэбалд дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” 163, 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэгч Б.Р******* Улаанбаатар хотын Зуслангийн товчооны 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот газрын гэрчилгээгээр газар эзэмшсэн гэдэг. Гэтэл уг гэрчилгээнд нэхэмжлэгч “*******”-ын зуслангийн газарт ямар газрыг хэдий хэмжээтэй эзэмшдэг нь тодорхойгүй, газрын кадастрын зураглал, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй болон газрын төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд маргаан бүхий газар нь иргэн Б.Р*******ийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй байна” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Б.Р******* 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал нь олон жил айл хөрш явсан найз нөхдүүдийн хооронд болсон асуудал байгаа. Гэхдээ хуулийг зөв буруу ойлгох, мөн өөрийн ойлгосон талаас гуравдагч этгээд бусдыг хохироох асуудал гарсан байж болно. Төрийн байгууллага нь иргэдийн эрх ашгийг адил дээдэлж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл Сүхбаатар дүүргийн Газрын алба хариуцлагагүй хандаж энэ асуудлыг үүсгэсэн. Тийм учраас нэхэмжлэл гаргасан. Болсон явдал гэвэл Э.Г*******ийн аав бид хоёр нэг газар олон жил хамт ажилласан найз нөхдүүд байгаа. Кадастрын зургийг яаж зурсан эсэхийг мэдээгүй байсан. Дараа нь Э.Г*******ийн ээж хувьчлах сураг гараад байна гэж хэлээд гарын авлага өгсөн. Манай байшингийн ёроолоор кадастрын зургаа зурсан байсан. Үүнийг мэдээд би Э.Г*******ийн ээжтэй нь уулзан яагаад ингээд зурсан юм бэ гэхэд “уучлаарай, эвгүй юм болсон байна. Хоёр байшингийн дундуур нь татуулчихъя” гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн Газрын алба руу хамт явсан. Э.Г******* мөн манай хүүхдүүдтэй найз нөхдүүд байгаа. Газрын албанд хүсэлтээ гаргахад “...та нар тохиролцож байгаа бол болно шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл гэнэт л “ганцаараа шийдэж чадахгүй байна” гэж хэлээд гараад явсан. Энэ асуудалд би газрын албыг буруутгаж байна” гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г*******  2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаад өгсөн тайлбартаа: “...Манайх айл саахалт байсан. Хамт ажилладаг найз нөхдийн хүүхдүүд байгаа. Яг зусланг “Б*******” ХХК-ийн өмчлөлд авах талаар тусалсан гэдгийг бид сүүлд сонсож байна. Сүүлд 1990 он гараад “Өргөө импекс” ХХК зусланг худалдаж авсан. Тэр уулын ам “Б*******”-ийн биш “Өргөө импекс” ХХК-ийн харьяанд очихоор хувьчилсан газар биднийх биш эзэмших эрхтэй болсон байгаа. Б.Р******* гуайн байшин мөн адил эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Бид эзэмших эрхийн гэрчилгээг авах гэж яваад “Өргөө импекс” ХХК-ийн газар гэдгийг мэдэж аваад кадастрын зураг хийлгүүлье гээд хууль, тогтоомжийн дагуу кадастрын зургаа хийлгүүлэн 562 м.кв талбайг аавын нэр дээр, 485 м.кв талбай миний нэр дээр гаргаж авсан. 2 байшин хоёулаа өөр өөр хүний нэр дээр байдаг. Тухайн үед Б.Р******* гуайд “...“Өргөө импекс” ХХК-ийн газар болж байх шиг байна. Байшингаа хямгадаарай” гэж хэлсэн байтал байшинтай холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдэг. Бид хууль тогтоомжийн дагуу кадастр хийлгэн жил бүр төлбөрөө төлөөд явдаг. Шүүх хуралдааны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ авахын тулд хашаа барьж таарах гээд байна. Бид яагаад өгөхгүй гээд байгаа вэ гэхээр анх ийм зүйл болоод байна, тиймээс байшингийнхаа асуудлыг шийдээрэй гэж сануулсаар байтал ирээгүй орхисон. Ингээд манай аав өөрөө мэдэн татсан зураг нь энэ. Мөн энэ газартаа аав минь амьд сэрүүндээ маш олон мод тарьсан. Хоёр метр газарт миний аавын тарьсан мод байгаа болохоор өгмөөргүй байна. Мөн бид хууль тогтоомжийн дагуу гэрчилгээгээ авсан. Б.Р******* гуай байшингийн эзэмших гэрчилгээ хийлгээгүй байгаа. Кадастр хийлгэсэн гэж байгаа нь мөн баталгаажаагүй. Хамгийн сүүлд газрын албанд хамт очсон. Кадастрын зургийг улсад ямар бүртгэлтэй байгаагаар хэвлүүлж авахад ийм байсан. Хашааны оронд бид мод тарьсан байгаа. Миний аавын тарьсан мод учир 2 м газар ч байсан өгмөөргүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Р******* нь Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд иргэн Б.Эрдэнэбалын газрыг хэмжиж кадастрын зураг хийж, газрыг эзэмшүүлэхдээ миний 1991 оноос хойш эзэмшиж байсан газар дээр буюу зуслангийн байшинд тулган өгч миний эрхэнд халдаж, хохироож байна гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Иргэн Б.Эрдэнэбал нь 2008 онд Сүхбаатар дүүргийн газрын албанд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны  нутаг “*******”-ын  зуслангийн автобусны буудлын арын энгэрт 1976 оноос хойш зусланд гарч, зусаж ирсэн газрыг кадастрын зургийн дагуу эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн хавсралтын 252-д 15 дугаар хорооны “*******”-д иргэн Б.Эрдэнэбалд 562 м.кв  газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  Б.Эрдэнэбалын хүсэлт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж, бүртгэл хяналтын карт, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн 0211463 дугаар гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг, газрын төлбөр төлж байсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл Б.Эрдэнэбал нь 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир нас барсан тул охин Э.Г******* нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “*******”-ын зуслангийн  газар эзэмших эрхийн 0211263 дугаартай 562 м.кв газрыг  “Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай” хүсэлт гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр өвлөж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Өвлөх эрхийн гэрчилгээ”, Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, 0000091302 тоот нас барсны гэрчилгээ, Б.Эрдэнэбал, Э.Г******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/493 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Р*******ид  Улаанбаатар хотын зуслангийн товчооны 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаар үнэмлэхээр “*******”-ын зусланд зуслангийн сууц барих зөвшөөрөл олгогдож, зуслангийн байшин барьсан гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан “Зуслангийн сууцны үнэмлэх” зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа боловч зуслангийн газраа одоог хүртэл эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

Зүй нь нэхэмжлэгч иргэн Газрын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргана”, 31.2-д  “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн газрын албанд зуслангийн газар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх ёстой байжээ. Гэтэл маргаан бүхий газрыг Б.Эрдэнэбал түрүүлж эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн нь тухайн үед ямар нэгэн давхцал байхгүй байсан тул эзэмшүүлэх шийдвэр гаргасан дүүргийн Засаг даргыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Р*******ийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжийн, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжийн Б.Эрдэнэбалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ