Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 

улсын яллагч Н.Гэрэлмаа

шүүгдэгч Ц.Ж өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706031570283 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.Ж, 1966 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, орцны жижүүр ажил хийдэг гэх, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 90-г дүгээр байрны 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 16 дугаар гудамжинд Б.Энхбатын толгойд шалтгаангүйгээр архины шилээр цохиж, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

           Шүүгдэгч Ц.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.

Хохирогч Б.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр хоёр ахтай юм яриад тэр гудамжинд зогсож байтал нөгөө миний зүс таних ах намайг энэ архи аягалчих гэхээр нь тэгье гээд би архийг аваад аягалах гээд зогсож байтал хажууд нь байсан 165 см орчим өндөр, буурал толгойтой, бор дуу царайтай 50 орчим насны эрэгтэй хүн миний гараас нөгөө шилтэй архийг шууд булааж аваад миний толгой руу цохьсон юм…” гэсэн мэдүүлэг. /хх6-7/,

Гэрч П.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гарч яваад 20 орчим минутын дараа манай хүү Б.Эрдэнэсувд толгойноос нь цус гарчихсан нүүр ам нь битүү цус болсон байдалтайгаар хажуудаа 50 орчим буурал толгойтой ногоон куртиктай, эрээн өмдтэй эрэгтэй хүнийг дагуулаад гэр рүү орж ирсэн юм. Тэгээд юу болсон талаар асуухад манай хүү Б.Энхбатын дагаж орж ирсэн настай эрэгтэй хүн нь согтуу байсан ба тэр хүн нь архитай шилээрээ манай хүүхдийн толгой руу нь цохиж гэмтэл учруулсан байсан юм…” гэсэн мэдүүлэг. /хх8-9/,

Гэрч Д.Золзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би буцаад дэлгүүрээс архины аяга авах гээд орсон санагдаж байна, нэг мэдсэн чинь л нөгөө хүүхдийн толгойноос нь цус гарчихсан манай найз Жаргалсайханыг дагуулаад гэр рүүгээ аваад явсан юм…” гэсэн мэдүүлэг. /хх9-10/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13870 дугаартай дүгнэлт:                

1. Б.Энхбатын биед доргилт, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-13/,

Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 16 дугаар гудамжинд Б.Энхбатын толгойд шалтгаангүйгээр архины шилээр цохиж, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч Ц.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ж нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Энхбат нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Ж-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-д оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР