Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 115/ШШ2024/0015

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  тус шүүхийн шүүгч Б.Цэнд даргалж, мөн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: Дорноговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын, Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /Г/, нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр /шийтгэх хуудас/-ийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: прокурор Ц, хариуцагч геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Гомдол гаргагч хяналтын прокурор нь иргэн Ад Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0705703 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай прокурорын дүгнэлт бүхий гомдлыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /Г/-д холбогдуулж гарган, маргаж байна.

 

2. Гомдол гаргагч хяналтын прокуророос шүүхэд гаргасан дүгнэлт бүхий гомдолдоо: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц би, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г "Ань 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Иххэт сумын нутаг дэвсгэрээс байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүсэн" гэх зөрчлийн 03 дугаартай мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж холбогдогч Ад Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

 

Материалд авагдсан холбогдогч Аийн мэдүүлэг, чулуу хураан авсан тэмдэглэл зэргээр Ань тусгай зөвшөөрөлгүй чулууг олборлосон зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Зөрчлийг шалгаад Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0705703 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Ад Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж, шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон... бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, байгалиас түүсэн 3,645 кг чулуу нь өнгөт чулуу мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох, энэхүү чулууг түүснээс учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ болон чулууны үнэлгээг тогтоосны эцэст шийтгэл оногдуулах ёстой байтал үндэслэлгүйгээр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол", 1.2 дахь заалтад "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол", 1.3 дахь заалтад "зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол" зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх хэсэгт заасан зөрчлийн тухайд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана", 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана", 2 дахь хэсэгт зааснаар “Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний нийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ", 4.3 дугаар зүйлийн 1-д заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ" гэж заасны дагуу холбогдогч нь хууль бусаар хөрөнгө орлого олсон эсэх, чулуу түүсний улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох, мөн түүсэн чулуу нь ямар чулуу болохыг тогтоосны эцэст шийтгэл оногдуулж шийдвэрлэх ёстой байсан байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэний улмаас зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахгүйгээр хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүнд үндэслэлгүй шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчим, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарч байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ггийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0705703 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Ад Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив, гэсэн бөгөөд,

 

Мөн гомдол гаргагч прокуророос шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дорноговь аймгийн Ерөнхий прокурорын баталсан удирдамжаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгасан. Шалгалтын хүрээнд геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г нь А гэдэг хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар шийтгэл оногдуулсан материалыг хянасан. Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан 2024 оны 06 сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах шийдвэр гаргаж Ад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байсан.

 

Энэ шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй байна гэж үзсэн. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журмыг зөрчиж, байгалийн үнэт, өнгөт чулуу олборлосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Тэгэхэд эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл байна уу, хэрэгсэл байна уу, хууль бусаар олсон хөрөнгө, орлого байвал хураахаар байна уу гэдгийг болон мөн учруулсан хохирол, нөхөн төлбөр байгаа эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр шууд хялбаршуулж шийтгэл оногдуулсан байгааг үндэслэлгүй гэж үзсэн. Байгаль орчин дээр байгаа нэг ширхэг чулуу, нэг ширхэг ан амьтан, ургамал байлаа гэхэд бүгд төр, нийтийн өмч байх ёстой.

 

Тиймээс төр, нийтийн өмчийг төлөөлөх  хууль ёсны төлөөлөгчөөр мэргэжлийн хүнийг тогтоож, эсвэл шинжээчийн дүгнэлт гаргуулж  байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох ёстой. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж байгаль орчинд 3,6 кг чулууг түүснээр ямар хохирол учрах вэ гэдгийг тогтоолгосны үндсэн дээр энэ хэргийг шийдэх ёстой, хэрэв хохиролгүй гэсэн тохиолдолд хохирол болон нөхөн төлбөр гаргуулахгүйгээр шийдэх боломжтой.

 

Гэтэл нэг дүгээрт учирсан хохирол бий эсэхийг тогтоогоогүй, хоёр дугаарт хурааж авсан чулуу нь байгалийн үнэт чулуу юм уу, эсвэл өнгөт чулуу юм уу гэдгийг мөн шалгаж тогтоолгоогүй. Уг чулууг шинжлүүлэлгүй  байгальд нь буцааж асгасан дүр зураг бүхий баримт хэрэгт авагдсан байгаа боловч чулууг зүгээр байгальд цацчих ёстой юу, зохих мэргэжлийн хүнийг байлгаж тодорхой дүрэм, журмын дагуу уг ажиллагааг явуулах ёстой юу гэх мэт байдлаар шалгалт маш дутуу хийгдсэн. Дээр нь нөхөн төлбөрийг тогтоох ёстой байтал тогтоогоогүй. Нэгэнт хуулийн энэ зүйл хэсэгт хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураана гээд заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр шалгаж тогтоох ёстой.

 

Эдгээр ажиллагаануудыг дутуу хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хэргийг хялбаршуулж шийтгэл оногдуулах нь зөрчил үйлдэгдсэн нь ил, тодорхой, учруулсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулж болно гэж заасан байгаа. Гэтэл тусгай ангидаа учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байгаа тул хохирол учирсан болон учраагүйг зайлшгүй тогтоож, шалгах ёстой байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаа зөрчөөд хялбаршуулж шийтгэл оногдуулсан нь буруу юм. Нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг буруу хийгээд шийтгэл оногдуулчихаар зөрчлийн улмаас учирсан хохирол, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар хөрөнгө, орлого олсон эсэх, нөхөн төлбөр гаргуулах эсэх асуудал шийдэгдэхгүй. Ингээд буруу шийдвэр оногдуулаад явчихсан. Үүнийг прокурор хянаж, удирдамжийн дагуух шалгалтын хүрээнд  хууль зүйн үндэслэлтэй шийдсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, үндэслэлгүй бол хүчингүй болгуулах, хууль буруу хэрэглэсэн бол өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичдэг эрхийнхээ хүрээнд хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.

 

Зөрчлийн хэргийг шалгах процессыг эрх бүхий албан тушаалтан нь нэгэнт дуусгаад шийтгэл оногдуулчихсан байгаа тул одоо тухайн шийдвэр үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг шүүх шийдвэрлэх болж байна. Нэгэнт шийтгэл оногдуулчихсан шийдвэр дээр дахиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах процесс байхгүй. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын баталсан аргачилсан заавар байдаг. Энэ аргачилсан зааврыг прокурор, эрх бүхий албан тушаалтнууд нэгэн адил хэрэгжүүлэх заалттай. Мөн энэ зааварт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол прокурорын шаардлагыг тухайн байгууллагад нь хүргүүлж, эрх бүхий албан тушаалтантай нь хариуцлагын асуудал яригдана.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавихдаа эрх бүхий албан тушаалтны зүгээс тухайн зөрчилд тохирсон холбогдох хууль, хуулийн зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэл оногдуулсан эсэх асуудал болон зөрчлийн хэрэг бүртгэлтийг цаг хугацаандаа шалгаж байна уу, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж байна уу гэдгийг эрх үүргийнхээ хүрээнд хянадаг бөгөөд энэ эрх хэмжээнийхээ дагуу прокурорын дүгнэлтийг бичсэн. Харин эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ зөрчлийн хэрэг нээж, эсвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуул гэх асуудал яригддаггүй. Энэ нь эрх бүхий албан тушаалтны өөрийнх нь шийдвэрлэх асуудал тул ийм шийдвэрийг прокурор эрх бүхий албан тушаалтны өмнөөс гаргах эрх байхгүй.

 

Хэрэв тухайн үед эрх бүхий албан тушаалтан болох Ггийн зүгээс тус зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд энэ талаарх тогтоолыг ирүүлсэн бол зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг нь үндэслэлтэй эсэхийг хянаж, үндэслэлгүй бол түүнийг нь хүчингүй болгох эрх прокурорт байгаа. Гэхдээ Ггээс зөрчлийн хэрэг нээсэн тогтоол прокурорт ирүүлээгүй. Иймд тус эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтээ дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч улсын байцаагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар-28 тоот, Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан №0705703 дугаартай шийтгэлийн хуудастай шийдвэрийг хүчингүй болгох тухай Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Прокурорын дүгнэлтэд тайлбар гаргах нь:

 

Холбогдогч Ань зөвшөөрөлгүй байгалийн өнгөт чулууг түүсэн /Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар "Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт дараах ажиллагааг явуулаагүй байна гэсэн байна. Үүнд:

 

  1. Хураасан чулууг үнэт эсхүл өнгөт чулуу мөн эсэхийг тогтоогоогүй гэх

 

Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар байгалийн үнэт болон өнгөт чулууг хууль бусаар олборлосон зөрчилд адил шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугааp хавсралтаар үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох тэдгээрийг бүртгэх журмаар үнэт болон хагас үнэт, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу буюу дээрх ангилалд нэр дурдагдаагүй чулууг ижил шинж чанартай чулууны адилаар тооцно гэж заасан. Иймд иргэн Аийн хууль бусаар түүсэн шар өнгийн чулуу нь хавсралтад дурьдсан үнэт болон хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй байх тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журмын дагуу байгалийн өнгөт чулуунд тооцон зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн.

 

2. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах арга хэмжээ аваагүй rэх

 

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Мын "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхийг илрүүлсэн тухай тэмдэглэл"-д иргэн Аийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгалийн өнгөт чулууг хууль бусаар түүсэн зөрчлийг илрүүлсэн гэсэн тэмдэглэл болон холбогдогч Аийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан мэдүүлэгт Иххэт сумын нутаг дэвсгэрт очиж хөрсөн дээр байсан чулууг түүсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Хэргийн материалаас харахад зөрчил гаргасан иргэн Ань хууль бусаар байгалийн өнгөт чулууг техник хэрэгсэл ашиглалгүй газрын хөрснөөс түүсэн нь тогтоогдож байна.

 

Иймд хуульд заасны дагуу хууль бусаар байгалийн өнгөт чулуу түүхдээ эд зүйл, хэрэгсэл ашиглаагүй учраас хураах ажиллагааг явуулаагүй болно. Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Мын "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхийг илрүүлсэн тухай тэмдэглэл"-д иргэн Ань 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 50 минутад Иххэт сумын нутаг дэвсгэрт хууль бусаар байгалийн өнгөт чулуу түүсэн зөрчлийг илрүүлсэн” гэх тэмдэглэл болон холбогдогч Аээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан мэдүүлэгт Иххэт сумын нутаг дэвсгэрт очиж хөрсөн дээр байсан чулууг түүсэн зэрэг мэдүүлэг хэргийн материалаас харахад иргэн А түүсэн 3,645 кг байгалийн өнгөт чулуугаа зарж борлуулаагүй эрх бүхий албан тушаалтанд хураалгасан учир хууль бусаар олсон орлогыг хураах ажиллагаа явуулаагүй болно.

 

3. Учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулаагүй гэх

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна:

1/ойн санд учруулсан хохирол;

2/амьтанд учруулсан хохирол;

3/ургамалд учруулсан хохирол;

4/усны нөөцөд учруулсан хохирол;

5/газарт учруулсан хохирол

6/газрын хэвлийд учруулсан хохирол;

7/хөрсөнд учруулсан хохирол”

 

Холбогдогч Ань Иххэт сумын нутаг дэвсгэрээс байгалийн өнгөт чулууг хууль бусаар газрын хөрсөн дээр байсан чулууг түүсэн үйлдэл нь байгаль орчинд шууд хохирол учруулаагүй байна. Мөн хураагдсан чулууг Иххэт сумын Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэн нутаг дэвсгэрт буцаан тараасан болно.

 

Нэмэлт хавсралтаар:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Иххэт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас тодорхойлолт авсан болно. Иххэт сумын Байгаль орчны байцаагчийн тодорхойлолт хавсаргав.

 

Холбогдогч А үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрснөөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээсэн бол" зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасны дагуу Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар "Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу зөрчил үйлдэхдээ багаж техник хэрэгсэл ашиглаагүй, түүсэн чулууг газар дээр нь эрх бүхий албан тушаалтан хураан авсан учир зарж борлуулж орлого олоогүй, газрын хөрсөн дээр байгаа чулууг гараар түүсэн учир байгаль орчинд хохирол учраагүй учир зөвхөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болно.

 

Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д заасны дагуу холбогдогчид арга хэмжээ тооцсон, нэмэлтээр ямар нэгэн арга хэмжээ тооцоогүй учраас Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурорын дүгнэлтэд дурьдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчим, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг зөрчөөгүй болно,  гэсэн бөгөөд,

 

Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Прокуророос зөрчил шалгахдаа процессын алдаа явагдсан гэж байна. Үнэт болон өнгөт чулууг тогтоогоогүй асуудал нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-аар үнэт болон хагас үнэт чулуунд ямар чулуунууд харьяалагдах вэ, гоёл чимэглэлийн болон өнгийн чулуунуудад ямар чулуу багтах вэ гэдгийг өнгөөр нь тодорхойлж ангилан заасны дагуу тус иргэний түүсэн чулуу нь нүдээр харахад түрүү түрүүчийн шийдвэрлэгдэж байсан зөрчлийн хэрэг дээрх чулуунуудтай адил чулуу байсан учир мөн тус журамд үнэт болон өнгийн чулууны ангилалд нэр дурдагдаагүй бол ижил чанарын чулууны адилаар тооцно гэж заасныг үндэслэн  өнгөт чулуу гэж үзэж шийдвэрлэсэн.

 

Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах арга хэмжээ аваагүй гэж байна. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Амгаланбуянт нь эрх бүхий албан тушаалтны хувьд Аээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн холбогдогчоор авсан мэдүүлэгт Иххэт сумын нутаг дэвсгэрт, хөрсөн дээр байсан чулууг түүсэн, өнгийн чулууг түүхдээ техник хэрэгсэл ашиглаагүй, газрын хөрсөн дээр байсан чулууг, гар аргаар түүсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Уг түүсэн 3.645 кг чулуугаа зарж борлуулалгүй, эрх бүхий албан тушаалтанд хураалгасан учир олсон орлого гэж хураагаагүй. Аийн түүсэн 3.645 кг чулууг миний зүгээс харьяаллын дагуу Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, устгах, орон тооны бус зөвлөлд акт үйлдэж шилжүүлсэн. Тус актын дагуу тэдгээр өнгийн чулууг тухайн сумын нутаг дэвсгэрт тараасан, байгальд нь буцаасан тайланг мөн эрх бүхий албан тушаалтан болох сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ганбат нь бичиж, баримтжуулж авсан зурагтайгаа явуулсан. Үүнийг хэргийн ард хавсаргасан байгаа.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч хууль бус чулуу түүсэн газарт учирсан хохирол байхгүй гэсэн тодорхойлолтыг тус Иххэт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас гаргуулан авч хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд байгаль орчны байцаагч нь өөрөө дүгнэлтээ гаргаад, тодорхойлолтоо өгөөд хохиролгүй гэсэн байгаа учир хохирол, нөхөн төлбөр гаргуулаагүй. Харин зөрчилд холбогдогч иргэн А нь өөрөө тухайн зөрчлийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул түүнд торгуулийн шийтгэл оногдуулсан. Хууль бусаар алт олборлогчид, чулуу олборлогчид нь хоорондоо маш их холбоо сүлбээтэй байдаг, гэтэл процессын алдаа гаргасан гэснээр шийдвэрийг хүчингүй болгоод торгуулийн төлбөрийг буцаан олгох тохиолдолд тухайн зөрчлийг үйлдэгчид хяналтаас гарна гэсэн үг болно. Иймд шийтгэл оногдуулсан шийдвэр болох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэв.

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх гомдол гаргагч прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээрх хэргийн оролцогчдоос гаргаж буй тайлбарууд, эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч, тус захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тэдгээрийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, үнэлж дүгнэн гомдол гаргагч прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Гомдол гаргагч болон хариуцагч талуудаас шүүхэд тайлбарлаж буй гомдлын шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрч буй үндэслэлүүдийг дараахь агуулгаар тодорхойлбол:

 

         2.1 Гомдол гаргагч талаас: Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д заасан зөрчил үйлдэгдсэн тохиолдолд зөрчилд холбогдогч хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, улмаар зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн улсын байцаагч нь уг чулуу нь ямар чулуу болохыг холбогдох этгээдээр тодорхойлуулж, тогтоолгоогүй, түүнийг зарж борлуулж хууль бусаар хөрөнгө, орлого олсон эсэх, тус зөрчлийн улмаас байгальд ямар хэмжээний хохирол учирсан болон нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцсон зэрэг асуудлуудыг шалгаж тогтоосны эцэст шийтгэл оногдуулж, мөн зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах арга хэмжээ авч шийдвэрлэх ёстой байсан боловч дээрх ажиллагаануудыг хуульд заасан журмын дагуу хийлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хийж, шийтгэл оногдуулсан нь хууль бус гэсэн агуулгаар,

 

2.2. Хариуцагч талаас: Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д байгалийн үнэт болон өнгөт чулууг хууль бусаар олборлосон зөрчилд адил шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд иргэн Аийн түүсэн шар өнгийн чулуу нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-д дурдсан үнэт болон хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй тул уг чулууг мөн журамд “дээрх ангилалд нэр дурдагдаагүй чулууг ижил шинж чанартай чулууны адилаар тооцно” гэж зааснаар “байгалийн өнгөт чулуу”-д тооцон зөрчлийг хянан шийдвэрлэсэн. Зөрчилд холбогдогч иргэн нь зөрчил үйлдэхдээ багаж, техник хэрэгсэл ашиглаагүй, чулууг тухайн үед газар дээр нь эрх бүхий албан тушаалтан хураан авсан тул зарж борлуулж  ашиг, орлого олсон зүйл байхгүй, газрын хөрсөн дээр байсан чулууг гар аргаар түүсэн учир байгаль орчинд хохирол учраагүй, мөн хохирол учраагүй талаар тус аймгийн Иххэт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас тодорхойлолт авч хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иймд зөрчилд холбогдогч иргэнд  зөвхөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй, гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

 

3. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

 

3.1 Хавтаст хэрэгт авагдсан тухайн үед зөрчлийг хянан шалгасан баримтууд /хх-ийн 13-20 дахь тал/-аас үзвэл цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт иргэн Аийг хууль бусаар өнгөт чулуу түүсэн гэх зөрчлийг илрүүлж, тус иргэнээс 3,6 кг чулууг хураан авч, тэмдэглэл үйлдэн, зөрчлийн холбогдогч гэх Аболон түүний нөхөр Ц.Отгонбаяр нараас мэдүүлэг авсан зэрэг  үйл ажиллагаануудыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийж гүйцэтгэн,

 

3.2 Цагдаагийн байгууллагын тус эрх бүхий албан тушаалтны санал болон зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /хх-ийн 21,22 дахь тал/-оор тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн байна.

 

3.3  Уг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын байцаагч /Г/ нь иргэн Аийг үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзсэнээр, тухайн зөрчлийн талаар шалган тогтоох ажиллагаа явуулалгүй цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн баримтуудад үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл үйлдэн /хх-ийн 24 дэх тал/, зөрчлийн холбогдогч гэх иргэн Ад танилцуулан,

 

3.4 Улмаар мөн өдөртөө буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0705703 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр /хх-ийн 25 дахь тал/ ээр иргэн Аийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д заасан зөрчилд холбогдуулан “байгалийн чулууг хууль бусаар түүсэн” гэх үндэслэлээр, түүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэн, хураагдсан чулууг Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөл”-д  /хх-ийн 26-28 дахь тал/ шилжүүлэн, шийдвэрлүүлжээ.

 

4. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан буюу геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дээрх байдлаар иргэнд шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурорын зүгээс тухайн зөрчлийг хянан шалгаж, шийдвэрлэх үйл ажиллагааг тус эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэлгүй шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж үзэж, тус шийдвэр бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бүхий гомдол гаргасан нь маргааныг үүсгэх үндэслэл болж байна.

 

 5. Маргааны зүйл болж буй хариуцагчаас иргэнийг торгож шийтгэсэн 0705703 дугаартай шийтгэлийн хуудас бүхий захиргааны акт нь холбогдох хуулийг зөрчсөн эсэх, мөн түүнийг хууль бус гэж үзэж буй прокурорын дүгнэлт бүхий гомдол үндэслэлтэй эсэх тухайд;

 

 5.1  Хариуцагчаас зөрчил үйлдсэн гэх иргэнд оногдуулсан шийтгэлийн арга хэмжээг зохицуулсан хууль болох Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйл /Ашигт малтмалын тухай хууль зөрчих/-ийн 7 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг” 7.1 -д зааснаар “олборлосон;”  бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэхээр зохицуулжээ.

 

 5.2 Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас  үзэхэд “хүн” болон “хуулийн этгээд” нь байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр “олборлох” нь хориотой бөгөөд, хэрэв тусгай зөвшөөрөлгүй атлаа уг хуульд тодорхойлон заасан “байгалийн үнэт” болон “өнгөт чулуу”-г олборлосон тохиолдолд тухайн хуульд заасны дагуу хариуцлага хүлээхээр байна.

 

5.3 Гэтэл иргэн Аийн гаргасан гэх зөрчлийн тухайд хариуцагч геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд тухайн иргэний түүсэн гэх чулуу нь “байгалийн үнэт”, эсхүл “өнгөт чулуу”-ны аль нь байсан болох, энэ тохиолдолд тус иргэний хувьд түүнийг олборлох “тусгай зөвшөөрөл”-тэй эсэх асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлснээр шалгаж тогтоон, шийдвэрлэх ёстой атал тэрээр зөвхөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөрчлийг илрүүлэх үедээ зөрчлийн холбогдогч гэх иргэн  Аээс авсан мэдүүлэг, бусад баримтуудад үндэслэн “... Ань байгалийн чулууг хууль бусаар түүсэн гэх зөрчлийг үйлдсэн талаар зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул нотлох баримт цуглуулах шаардлагагүй ...” гэж үзэж  зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь /хх-ийн 24 дэх тал/ учир дутагдалтай байгаагаас гадна,

 

5.4 Хариуцагч улсын байцаагч нь шийтгэл оногдуулсан шийдвэр /0705703 дугаартай шийтгэлийн хуудас/-ээр тухайн иргэнийг торгож шийтгэхдээ “байгалийн чулууг хууль бусаар түүсэн” гэх үндэслэл заасан нь  дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д заасан үндэслэлтэй тохирохгүй байгаа нь улсын байцаагчийн хувьд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буюу хуульд заагаагүй үндэслэлээр иргэнд шийтгэл оногдуулсан байна гэж үзэхээр байна.

 

5.6 Нөгөө талаар хариуцагч улсын байцаагч нь “иргэн Аийн түүсэн шар өнгийн чулууг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” дахь үнэт болон хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй тул мөн журамд “дээрх ангилалд нэр дурдагдаагүй чулууг ижил шинж чанартай чулууны адилаар тооцно” гэж зааснаар “байгалийн өнгөт чулуу”-д тооцон зөрчлийг хянан шийдвэрлэсэн.” гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн бөгөөд,

 

5.7 Гэтэл хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан дээрх журмын зохицуулалтаас үзэхэд эрдэнийн чулууг тодорхойлж, тогтоох болон тус журамд заасан ангилалд нэр дурдагдаагүй чулууг ижил шинж чанартай чулууны адилаар тооцож шийдвэрлэх эрхийг  “геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч” бус харин “сорьцын хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын улсын байцаагч, шинжээч, ажилтнаас хэрэгжүүлэхээр байгаагийн хувьд хариуцагч улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх эрхийн хүрээнд, уг үйлдэгдсэн гэх зөрчлийн явцад хураан авсан “чулууг” ямар ангилалд хамаарах болон хамааруулан тооцох асуудлыг дээрх эрх бүхий этгээдэд хандан тогтоолгохоор байна.

 

5.8 Мөн хариуцагч улсын байцаагчаас шүүхэд гаргасан тайлбартаа үндэслэл болгож буй 2010 онд батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181 дугаар тогтоолоор хүчингүй болсон байх ба тус тогтоолын 2 дугаар хавсралтаар буюу 2024 онд батлагдсан “Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журам” нь тухайн зөрчил гарах үед болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдах нь зүйтэй.

  

6. Иймд прокурорын дүгнэлт дэх хариуцагчийг “хуульд заасан үндэслэл журмаас гадуур үндэслэлгүй шийтгэл оногдуулж хүний эрхийг зөрчсөн” талаарх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байхын хамт, хариуцагч улсын байцаагчийн иргэнд шийтгэл оногдуулсан шийдвэр болох 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0705703 дугаартай шийтгэлийн хуудас нь дээр тогтоогдож буй байдлаар холбогдох хууль, журмыг зөрчиж гарснаар хууль бус бөгөөд тус шийдвэрийн улмаас уг зөрчлийн холбогдогч гэх иргэн /А/-ий эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч улсын байцаагчийн дээрх шийдвэр буюу 0705703 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

7. Уг шийтгэлийн хуудсаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэсэн арга хэмжээг зөрчлийн холбогдогч гэх иргэн /А/-ий зүгээс биелүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д заасныг баримтлан прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /Г/-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0705703 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Хариуцагч улсын байцаагчийн 0705703 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн /А/-д оногдуулсан торгуулийн шийтгэл биелэгдсэн эсэх талаарх баримт хэрэгт байхгүй болохыг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.ЦЭНД