Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01956

 

МАГАДЛАЛ

 2020.09.14                                           Дугаар 1956

 

 

 

 

 

                                     

И.Мнэхэмжлэлтэй

                                                      иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.М- ын нэхэмжлэлтэй, ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч И.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 11 сараас Аж үйлдвэрийн материал хангамжийн ерөнхий газарт ажилд орсон. 1987 оны 5 сараас реактив, шил савны барааны агуулахад няраваар ажилласан. 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс дотоод зохион байгуулалтаар агуулахын нэрийг хими реактив, шил сав болгож өөрчилсөн. 1991 оны 8 дугаар сараас тус агуулахын эрхлэгчээр томилогдон 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Миний бие хортой нөхцөлд ажиллаж байсны дагуу тэтгэвэр тогтоолгох гэхэд манай байгууллага татан буугдсан, мөн бусад лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр гэмтсэн гэсэн шалтгаанаар буцаагдсан. Архивын лавлагаа гарахгүй гэсэн. Иймд намайг 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн агуулахын нярав, эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хүрд овогтой И.М нь Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл агуулахын няраваар, 1991 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл агуулахын эрхлэгчээр тус тус ажилласан болохыг тогтоож, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээсэн 193845 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1997 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх тэмдэглэл байх ба уг хөдөлмөрийн дэвтрийн эх хувьтай харьцуулан үзэхэд 1997 гэх бичилт засвартай байхаас гадна уг хөдөлмөрийн дэвтэрт 1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нийгмийн даатгалын улсын байцаагчаас ажилласан жилийг 8 жил 1 сараар тооцсон тамга бүхий бичилтээс үзэхэд хөдөлмөр эрхэлж эхэлсэн /хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр/ 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 8 жил 1 сарыг тооцоход 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцогдохоор байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт авагдаагүй буюу хөдөлмөрийн дэвтрийг эрх хувийг харьцуулж судалсан талаараа дүгнэлт хийсэн нь буруу. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах ёстой. Хөдөлмөрийн дэвтэрт 1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нийгмийн даатгалын улсын байцаагчаас ажилласан жилийн 8 жил, 1 сараар тооцсон бичилт байгаа. Гэтэл уг бичилт нь 1995 онд Нийгмийн даатгалын хууль гарснаас хойш улсын байцаагч нь “... 1995 оноос өмнө 8 жил, 1 сар ажилласан” талаар дүгнэж бичсэн болохоос нийт 8 жил, 1 сар ажилласан гэж бичээгүй. Мөн шүүх 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтэр дуусгавар болсон тул 1995 оноос хойш хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн нь эргэлзээтэй талаар дүгнэснийг зөвшөөрөхгүй. 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдал тогтоолгох хүсэлт нь шүүхээс тогтоох ёстой эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтад хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И.Минжинсор 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн агуулахын нярав, эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрт И.Минжинсор нь 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилласан байсан. Мөн уг дэвтэрт /1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 8 жил, 1 сар тооцов/ гэж нийгмийн даатгалын улсын байцаагч тамга дарж баталгаажуулсан нь аль хугацааны шимтгэлд хамаарч байгаа талаар нийгмийн даатгалын газраас тодруулах шаардлагатай. Энэхүү баримт нь нэхэмжлэгчийн шүүхээр ажилласан байдал тогтоолгох гэж буй үйл баримттай хамааралтай эсэхийг шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ. /хх-5-6/

Шүүх нэхэмжлэгчийн ажилласан хугацааг хэрхэн тооцсон нь түүний шийдвэрийн үндэслэлд ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэхэд анхаарах учиртай.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                                       ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

                                                                                       Д.БАЙГАЛМАА