Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Д.Л, Г.О, тэдгээрийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Куляш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О нарт холбогдох эрүүгийн 2017 2400 0425 дугаартай хэргийг 2017 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Л, 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй , Хавдар судлалын үндэсний төвд эдийн засагч ажилтай, ам бүл 1,  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 76-28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.О, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, Ногоон үр ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 6-11 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүүргийн хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Ева-гийн хөшөөний баруун замд Zhejiang маркийн 41-46 УБ улсын дугаартай мотоциклийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” , 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Айболатын амь насыг хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Ева-гийн хөшөөний баруун замд Zhejiang маркийн 41-46 УБ улсын дугаартай мотоциклийн жолоог мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Лхагвасүрэнд шилжүүлж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэг болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг биелүүлээгүйгээс Х.Айболатын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр найзуудаараа амралтын өдөр салхинд гарч тоглох талаар ярилцсан. Тухайн өдөр бид нар цуглаад Баянзүрх дүүргийн гүүрнээс баруун тийш Адам-Евагийн хөшөөний хажууд голын эрэг дээр очиж, хоол хийж, хөзөр тоглож, 2 шил архи уусан. Харанхуй болж ялаа шумуул их болсон. Тэгээд аргалын утаа тавьж суух гээд бид дөрөв хөдөлж явсан. Хөшөөний баруун хэсэгт очиж аргал түүгээд буцаад явахдаа би жолооны ард суусан. Бага зэрэг хөдлөөд явахад араас Хишигдорж зогсоорой Х.Айболат уначихлаа гэж хэлсэн. Тэгээд зогсоод харахад Х.Айболат газар дээшээ харсан байдалтай унасан байсан. Очиход толгойны ар хэсгээс нь цус гарсан байсан. Цусыг нь тогтоох гэж үзсэн. Мөн түргэн тусламж дуудсан. Түргэнийг андаж очих гээд машинтай хөдлөөд Маршалын гүүр хавьцаа түргэний машинд шилжүүлэн суулгаж гэмтлийн эмнэлэгт очиж түүний толгойд нь оёо тавиулсан. 10 гаруй минутын дараа Х.Айболатын уруул нь хөхрөөд ирэхээр нь эмчид нь хэлсэн. Тэгээд эрчимт эмчилгээний тасаг руу оруулж, эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эрчимт тасагт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Өөрийн болгоомжгүй үйлдэлдээ маш их гэмшиж байна. Куляш эгчээс уучлалт гуйж байна, танд ямар хэцүү байгааг ойлгож байна. Оргил бид хоёр талийгаачийн оршуулгын зардалд мөнгөө нийлүүлж нийт 15 сая төгрөгийг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр амралтын өдөр байсан. Эрдэнэхүү бид хоёр оройхон тийшээ голын эрэг дээр найзууд дээрээ хоцорч очсон. Талийгаач бид нар 10 жилийн нэг ангийн хүүхдүүд 20 гаруй жил найзалж байна. Д.Лхагвасүрэнтэй их сургуулиасаа эхлэн найзалж 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Бид нар баяр ёслолыг хамт тэмдэглэж, агаар салхинд улиралдаа 1-2 удаа гарч, байнга уулздаг байсан. Би мотоциклийг аялалд зориулж аваад огт унаагүй байсан. Тэр өдөр яагаад ч юм жолооны үнэмлэхээ авсан тул унаж үзье гэж очсон маань харамсалтай үр дагаварт хүргэлээ. Хэнэггүй, болгоомжгүйгээсээ болж харамсалтай үр дагаварт хүрсэндээ харамсаж байна. Бусад зүйлийг мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Куляш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нар миний хүүгийн багын, дотны жаргал зовлонгоо хуваалцдаг найзууд. Миний хүү амьд байхдаа найзуудынхаа төлөө амь насаа өгөхөөс буцдаггүй байсан. Энэ хэрэг бол болгоомжгүй байдлаас болсон. Албаар үйлдэгдсэн гэж би огт бодохгүй байна. Гэхдээ шүүдэгч нарын хариуцлагагүй, хайнга байдал нөлөөлсөн гэж бодож байна. Би хүүгээ алдчихаад гомдолгүй гэж хэлэх хэцүү ч, хүүгийнхээ найзуудын төлөө гомдолгүй гэж хэлнэ. Би хүүгээ шороонд булчихаад найзуудыг нь шоронд оруулах бодолгүй байна. Би 5 хүүхэдтэй ч талийгаач хүүгийн маань орон зай их байсан. Талийгаач хүү маань надтай хамт амьдардаг, намар гэрлэнэ гэж байсан. Талийгаач маань ажилдаа идэвхитэй, амжилт гаргаж, хамт олондоо үнэлэгдэж байсан. Талийгаачийн маань хойдох бүх ажилд найзууд нь хамт байсан. Нэг зүйл хэлэхэд манай гэр гэмтлийн эмнэлгийн ойр байдаг юм энэ осол болсон даруйд нь надад хэлсэн бол хүүтэйгээ амьд сэрүүн байхад  нь уулзах байсан болов уу гэж харамсаж байна. Энэ хүүхдүүд тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Найзуудынх нь зарим нь гэрлээгүй, залуу, цаашид амьдрах гээд ядаж байгаа хүүхдүүд. Би цаашид эд юмс, мөнгө төгрөгийн тусламж гуйхгүй гэж бодож байгаа. Гэхдээ надад хэцүү асуудал тулгарвал би талийгаачийнхаа найзуудаас нь тусламж хүснэ. Бүгд ажил, төрөлтэй хүмүүс учир үргэлж манайд ирсэнгүй гэж би гомдохгүй. Хааяа утсаар асууж, ирж байж болно. Талийгаач хүүхэд маань эргэж ирэхгүй, найзуудаас нь юм аваад би жаргахгүй. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гадна энэ хүүхдүүдийг өмгөөлөх гэж шүүх хуралдаанд ирсэн юм. Талийгаачийн маань найзуудад битгий ял тулгаасай гэж хүсч байна” гэв.

Хохирогч З.Куляш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Ослын талаар сайн мэдэхгүй байна. Надад 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Айболатыг осолд ороод гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байна гэж найз нар нь хэлсэн. Би гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байсан. Х.Айболат нь 1983 оны 05 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, бага насаа 1 дүгээр хороололд өнгөрөөсөн. 10 жилийн Ирээдүй цогцолбор сургуулийг төгсөж Улаанбаатар дээд сургуулийг компьютер програмист мэргэжлээр төгсөж, сургуулиа төгсөөд Солонгос улсад 6 жил ажиллаж байгаад 2013 онд Монголд ирээд надтай цуг амьдарч байсан. Солонгосоос ирээд Нийслэлийн орон суцны удирдах газар дуудлагийн хэлтсийн ахлагч ажил хийж байсан...санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж ийм зүйл болчихсон, гомдолгүй гэж хэлэхэд хэцүү байна...” гэсэн мэдүүлэг. /хх-29/,

Гэрч П.Хишигдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд намайг гэртээ байх үед Айболат, Баянжаргал нар нь машинтай ирж аваад 13 дугаар хорооллын миний дэлгүүрийн урд очиход Лхагвасүрэн нь гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид 4 миний дэлгүүр рүү орж идэж уух юм, мах, архи, ундаа, ус, талх, ношоо зэргийг худалдаж авчихаад явах гээд машиндаа худалдаж авсан юмнуудаа хийгээд байж байх үед Амарсанаа нь өөрийнхөө машинтай лагераас ирсэн. Улмаар Амарсанаа нь машинаа миний дэлгүүрийн урд талд байх машины зогсоол дээр үлдээсэн. Ингээд Баянжаргал нь өөрийн эзэмшлийн саарал өнгийн Тоёота Кроун маркийн 90-70 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь бид 4 сууж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Адам-Ева” нэртэй хөшөөний ойролцоо байх голын эрэг дээр очсон. Тэгээд бид нар хорхогоо хийх зорилгоор би гал асааж, харин Айболат, Амарсанаа нар нь чулуу түүхээр явсан. Харин Лхагвасүрэн нь мах эвдээд сууж байсан ба Баянжаргал юм яриад зогсож байсан. Тэгтэл ойролцоогоор 18 цаг өнгөрч байх үед Оргил нь өөрийн эзэмшлийн мотоциклийг жолоодоод Эрдэнхүүгийн хамт ирсэн. Хорхогныхоо чулууг халааж байх хойгуур бид долоо хөзөр тогтоод архиа дөнгөж задлаад тойруулаад суусан. Улмаар хорхогоо газан плиткэн дээр тавьчихаад, Оргилын мотоциклийг би, Амарсанаа, Айболат ээлжилж жолоодож үзсэн, гэхдээ бид 3 нээх хол тойрч явсан зүйл байхгүй. Тэгээд бид нар хорхог болонгуут хорхогоо идээд сууж байтал ялаа, шумуул шаваад байхаар нь бөөндөө ярилцаад галдаа хомоол, хийж, хомоолын утаа үнэртчихье гээд Оргил нь мотоциклоо жолоодохоор болж, жолоочийн хажуу талын суудалд би сууж, арын тэвшин дээр Айболат, Лхагвасүрэн нар нь суусан. Ингээд бид нар “Адам-Ева” хөшөөнөөс ертөнцийн зүгээр баруун тийш хэсэг явж очоод зогсоод дөрвүүлээ мотоциклиос бууж тэр хавиар аргал, хомоолыг түүгээд эргэж явахаар болсон. Тэгээд тухайн мотоциклийн жолоон дээр сууцгаагаад дөнгөж хөдлөөд 30-60 метр яваад л Айболат нь тэвшнээс хойшоогоо саваад уначихсан юм. Тэгээд би зогсоорой гэж орилж байж зогсоосон. Тэгээд бид гурав мотоциклоос буугаад Айболат дээр очсон чинь ухаангүй ам, хамар хоёроос нь цус гараад хурхираад байхаар нь түүнийг бид 3 сэрээх гэсэн боловч ерөөсөө сэрэхгүй байсан. Тэгээд би Лхагвасүрэнгийн хамт Айболатыг харж үлдээд, харин Оргил мотоциклио жолоодоод Эрдэнэхүү, Баянжаргал, Амарсанаа гурвыг машинтай нь авчирсан. Улмаар Эрдэнэхүү нь Баянжаргалын эзэмшлийн машиныг жолоодон кабинд нь Айболат, Лхагвасүрэн, Баянжаргал нарыг суулгаж Улаанбаатар хот руу явсан, харин би араас нь Оргилтой мотоцикльтой дагаад явсан. Амарсанаа нь араас такси барьж ирэхээр болсон. Тэгээд Оргил нь замаараа гэрээрээ орж мотоциклоо хийчихээд машинаа жолоодоод гарч ирж, би машинд суугаад бид хоёр хоёуулааа гэмтлийн эмнэлэг рүү очсон. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмч нь Айболатын дагз хэсэгт оёдол тавьчихаал сэхээн амьдрах тасаг руу шилжүүлсэн. Харин Эрдэнэхүү, Оргил хоёр Айболатын ээжийг гэрээс нь авчирхаар яваад ойролцоогоор 15-20 минутын дараа ирсэн. Тэгтэл сэхээн амьдруулах тасгийн эмч нь гарч ирээд Айболатын ар гэрээс хүн байна уу гээд ээжийг нь надтай хамт оруулсан боловч нээх удалгүй өөд болсон юм. 0.75 литрийн Экс нэртэй архи хоёр ширхэг байсан. Гэхдээ голын эрэг рүү очихдоо би Айболат, Лхагвасүрэн нарын хамт нэг нэг ширхэг пиво уусан. “...Зориулалтын суудал байгаагүй. Ямар нэгэн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-47-48/,

Гэрч С.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Лхагвасүрэн, Баянжаргал, Хишигдорж, Айболат нарын хамт Баянжаргалын машинтай Баянзүрх товчооны хойно туул голын гүүрний баруун хойно Адам-Евагийн хөшөөний зүүн урд талд голын эрэг дээр очсон. Бид нар очоод гал түлж хорхог хийх санаатай махаа янзлаад байж байтал Оргил нэг 4 дугуйт мотоцикль жолоодчихсон, Эрдэнэхүүгийн хамт ирсэн. Тэгээд бид нар хорхогоо хийж идэцгээгээд хөзөр тоглогоо 2 шил 0.75 литрийн Экс архийг Лхагвасүрэн, Хишигдорж, Айболат, Баянжаргал бид тавуулаа хувааж уусан. Бид нар ялаа шумуул их байна, аргал хомоол олж ирж утаа гаргая гэж яриад байж байтал Оргил, Хишигдорж, Айболат, Лхагвасүрэн дөрөв Оргилын дөрвөн дугуйт мотцикльтой хомоол түүгээд ирье гээд хөдлөөд явсан. Тэгээд Баянжаргал, Эрдэнхүү бид гурав үлдээд хорхогны тогоогоо цэвэрлээд тэр орчмын хогийг цэвэрлээд байж байтал Эрдэнэхүү рүү Оргил залгаад Айболат мотоциклиос унчихлаа гялс хүрээд ир гэж байна гээд Баянжаргалын машиныг Эрдэнэхүү жолоодоод бид гурав хөдлөх үед Оргил мотоцикльтойгоо өөдөөс ирээд бид хэд осол болсон газар яваад очтол Айболатыг шороог зам дээр уначихсан дээшээ хараад хэвтчихсэн, Лхагвасүрэн дагзнаас нь гарч байсан цусыг тогтоох гээд цамцаараа дарчихсан сууж байсан. Айболатыг машины ард хэвтүүлээд Баянжаргал, Эрдэнэхүү, Лхагвасүрэн нар эмнэлэг рүү явсан. Хишигдорж, Оргил бид гурав үлдээд араас нь гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь Айболатыг эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад Айболатын ээж нь ирээд талийгаач нас барсан. “...Мотоциклийг Лхагвасүрэн жолоодож яваад осол болсон гэж ярьж байсан. Тэд нар тавуулаа 2 шил архийг яг адилхан хувааж уусан байх...” гэсэн мэдүүлэг. /хх52-53/,

Гэрч Л.Эрдэнэхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар хорхогоо хийж идэцгээгээд хөзөр тоглонгоо 2 шил 0.75 литрийн Экс архийг Лхагвасүрэн, Хишигдорж, Амарсанаа, Айболат, Баянжаргал тавуулаа хувааж уусан. Би Баянжаргалын машиныг жолоодож явна гээд архи уугаагүй, Оргил мотоцикльтой явж байгаа болохоор архи уугаагүй. Бид нар хөдлөхийнхөө өмнө хомоол түлж утаа гаргая гээд Оргил, Хишигдорж, Айболат, Лхагвасүрэн дөрөв Оргилын 4 дугуйт мотоцикльтой хомоол үүгээд ирье гээд хөдлөөд явсан. Тэгээд Амарсанаа, Баянжаргал бид гурав үлдээд хорхогны тогоогоо цэвэрлээд тэр орчмын хогийг цэвэрлээд байж байтал Оргил над руу залгаад Айболат мотоциклиос уначихлаа гялс хүрээд ир гэсэн. Би Баянжаргалын машиныг жолоодоод хөдлөх үед Оргил мотоцикльтойгоо өөдөөс ирээд бид хэд осол болсон газар яваад очтол Айболат шороон зам дээр уначихсан дээшээ хараад хэвтчихсэн. Лхагвасүрэн дагзнаас нь гарч байсан цусыг тогтоох гээд цамцаар дарчихсан сууж байсан, Айболат мотоциклиос уначихлаа гэж байсан ба бид нар Айболатыг машины ард хэвтүүлээд 103-руу дуудлага өгөөд шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Айболат эрчимт эмчилгээнд ороод эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Осол болоход мотоциклийг хэн жолоодож явсныг би хараагүй. Мотоциклийг Лхагвасүрэн жолоодож яваад осол болсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх54-55/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх8-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх15-17/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-20/, хохирогч З.Куляшийн мэдүүлэг /хх28-29/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-40/, иргэний хариуцагч Г.Оргилын мэдүүлэг /хх-41/, гэрч П.Цэцэгээгийн мэдүүлэг /хх43-44/, гэрч П.Хишигжаргалын мэдүүлэг /хх47-48/, гэрч Г.Оргилын мэдүүлэг /хх50-51/, гэрч С.Амарсанаагийн мэдүүлэг /хх-52/, шинжээчийн №1263, 6370, 6371, 6455, 6454, 6451 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн №17/42130 дугаартай дүгнэлт /хх31-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Г.Оргилийг 2017 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Ева-гийн хөшөөний баруун замд Zhejiang маркийн 41-46 УБ улсын дугаартай мотоциклийн жолоог мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Лхагвасүрэнд шилжүүлж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэг болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг биелүүлээгүйгээс Х.Айболатын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүнийг шүүх гэм буруугүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Оргилд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба энэ хэрэг нь хуульд “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэгт гэм буруутай этгээдийн шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас хохирсон байхыг хуульд зааж өгсөн байх ба шүүгдэгч Г.Оргилын шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас иргэн Х.Айболат нас бараагүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг шүүгдэгч Г.Оргил нь урьдчилан мэдэх боломжгүй юм. Харин шүүгдэгч Г.Оргилын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт гэмт хэрэг  гэж үзсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул түүнийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Д.Л нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүүргийн хороо, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Адам-Ева-гийн хөшөөний баруун замд Zhejiang маркийн 41-46 УБ улсын дугаартай мотоциклийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” , 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Айболатын амь насыг хохироосон болох нь

Гэрч П.Хишигдоржийн: “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр…бид нар хорхог болонгуут хорхогоо идээд сууж байтал ялаа, шумуул шаваад байхаар нь бөөндөө ярилцаад галдаа хомоол, хийж, хомоолын утаа үнэртчихье гээд Оргил нь мотоциклоо жолоодохоор болж, жолоочийн хажуу талын суудалд би сууж, арын тэвшин дээр Айболат, Лхагвасүрэн нар нь суусан. Ингээд бид нар “Адам-Ева” хөшөөнөөс ертөнцийн зүгээр баруун тийш хэсэг явж очоод зогсоод дөрвүүлээ мотоциклиос бууж тэр хавиар аргал, хомоолыг түүгээд эргэж явахаар болсон. Тэгээд тухайн мотоциклийн жолоон дээр сууцгаагаад дөнгөж хөдлөөд 30-60 метр яваад л Айболат нь тэвшнээс хойшоогоо саваад уначихсан юм. Тэгээд би зогсоорой гэж орилж байж зогсоосон. Тэгээд бид гурав мотоциклиос буугаад Айболат дээр очсон чинь ухаангүй ам, хамар хоёроос нь цус гараад хурхираад байхаар нь түүнийг бид гурав сэрээх гэсэн боловч ерөөсөө сэрэхгүй байсан” гэх мэдүүлэг

Гэрч С.Амарсанаагийн: “…Бид нар ялаа шумуул их байна, аргал хомоол олж ирж утаа гаргая гэж яриад байж байтал Оргил, Хишигдорж, Айболат, Лхагвасүрэн 4 Оргилын дөрвөн дугуйт мотцикльтой хомоол түүгээд ирье гээд хөдлөөд явсан. Тэгээд Баянжаргал, Эрдэнэхүү бид 3 үлдээд хорхогны тогоогоо цэвэрлээд тэр орчмын хогийг цэвэрлээд байж байтал Эрдэнэхүү рүү Оргил залгаад Айболат мотоциклиос уначихлаа гялс хүрээд ир гэж байна гээд Баянжаргалын машиныг Эрдэнэхүү жолоодоод бид гурав хөдлөх үед Оргил мотоцикльтойгоо өөдөөс ирээд бид хэд осол болсон газар яваад очтол Айболат шороон зам дээр уначихсан дээшээ хараад хэвтчихсэн, Лхагвасүрэн дагзнаас нь гарч байсан цусыг тогтоох гээд цамцаараа дарчихсан сууж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Эрдэнэхүүгийн: “...Би Баянжаргалын машиныг жолоодоод хөдлөх үед Оргил мотоцикльтойгоо өөдөөс ирээд бид хэд осол болсон газар яваад очтол Айболат шороон зам дээр уначихсан дээшээ хараад хэвтчихсэн. Лхагвасүрэн дагзнаас нь гарч байсан цусыг тогтоох гээд цамцаар дарчихсан сууж байсан” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Л-н үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тухайн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр шүүх шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Д.Л-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Куляш нь гэм буруутай этгээд болох Д.Л-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн ба энэ нь гэм буруутай этгээдийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага тооцох буюу хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Тээврийн прокурорын газраас Г.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Тээврийн прокурорын газраас Д.Л-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  3. Д.Л-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Л-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Л-н тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Л, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, талийгаач Х.Айболатын оршуулгын зардалд хамтран 15 сая төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
  7. Хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох №207700 дугаартай түр үнэмлэхийг Г.О-д буцаан олгосугай.

 

 

  1. Г.О-д урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай.
  2. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л, Г.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР