Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч С.Баттамир,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706001390304 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Б, 1972 оны 12 дугаар 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 26-381 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асгат сервис” ХХК-ний орчимд Э.Оргилтой маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, Улсын яллагчаас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э.Оргил мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ахыг  хутгалуулан хүргэгдсэн байгаа талаар утсаар оюутны байрны баруун талаар урагшаа гэр хорооллын гудамжаар машинтай явж Ус сувгийн удирдах газрын хажуу талд урд машин хөндөлдөөд явахгүй байхаар нь яарч явсан учир цонхоороо толгойгоо гаргаж урд талын машины жолоочид хандаж хурдан яваач ээ пизда минь гээд орилчихсон юм. Тэгтэл миний урд явж байсан 22-69 УНЕ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Т.Приус-20 маркийн авто машины жолооч машинаасаа бууж ирээд чи муу  яасан уур омогтой юм бэ гээд намайг заамдаж авч цээж рүү цохиж авсан...намайг дахин цонхоор гараа оруулан заамдан авч гадагш татаж хаалганы дотор талын дээд бариулыг мөргүүлэн гараа атгаж байгаад намайг цохиж авахад нь би хажуу тал руугаа савахад машин өнхөрч урд талд зогсож байсан тэр ахын машиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх11-12/,

             Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баруун хөмсөгний дээд талын баруун зах хэсэгт язарсан, цус гарсан өөр ил харагдах гэмтэл шарх бол анзаарагдаагүй. Уг гэмтлээ нөгөө машины жолооч Баатарзоригт гэх залуу цохьсон гэж байсан бөгөөд Баатарзоригт нь Оргил гэх залууг дунд талын хайрцагнаасаа төмөр гаргаад ирэхээр нь хаалгийг нь хаах гээд цохьчихсон гэж ярьж байсан. Оргил нь болохоор намайг хаалгаар цохиогүй, харин хаалгийг нь түлхэж хаахад цочсондоо холдох гээд тоормосноосоо хөлөө аваад машиныг нь мөргөсөн гэж маргалдаад л байж байсан...Хаалганы дээд талыг мөргөсөн гэж хоорондоо маргалдаад байсан бөгөөд хаалганы дээд талын бариулаа мөргөсөн биз дээ гээд яриад байсан. Би тэр бариулыг нь бол хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-13/,

            Гэрч Э.Болортунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би шууд яваад очсон чинь манай дүүгийн нүүр амнаас нь цус гарчихсан нэг хөгшин ахтай маргалдаад зогсож байсан ба энэ ах намайг заамдаж машинаас гаргах гэж байгаад миний баруун хөмсгийг маань язартал цохиод хаячихлаа гээд байж байсан. Тэгэхээр нь би тэр ах дээр очоод та манай дүүг яаж байгаа юм бэ гэсэн чинь танай дүү чинь өөрөө миний машины араас хүрч ирээд мөргөчихсөн юм. Би машинаасаа бууж очоод яаж байгаа юм бэ гэж танай дүүгээс асуухад танай дүү чинь өөрөө миний өөдөөс уурлаад хэл амаар доромжлоод байсан гэсэн. Тухайн үед хэв журмын цагдаа нар ирчихсэн байсан ба дараа нь замын цагдаа нар хүрч ирээд тэр хоёрыг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх16-17/, 

              Гэрч Ц.Учрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд манай нөхөр яараад намайг өвөөгийн гэрийн гадаа буулгачихаад машинтайгаа цаашаа Госпиталь руу явсан юм. Ингээд төд удалгүй байж байтал манай нөхөр над руу залгаад би ах руу явж байгаад замдаа хүнд зодуулчихлаа гэхээр нь би нөхрийнхөө байгаа газар яваад очтол манай нөхөр нэг настай эрэгтэйд зодуулчихсан баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан. Ингээд цагдаа нар хүрч ирээд манай нөхөр болон манай нөхрийг зодсон ахыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх18-19/,   

              Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би машинтайгаа баруун тал руу шахаад уг машинд зай тавьж өгсөн чинь нөгөө машин миний ард тулж зогсоод жолооч нь чи явж чадахгүй бол зайлаад өгөөч эмнэлэгт хүн хутгалуулчихаад байхад чинь гэхээр нь би машинаасаа бууж очоод чи юу гээд хүн доромжлоод байгаа юм гээд бид хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаж эхэлсэн. Ингээд би сүүлдээ уурлаад тухайн залууг заамдаж аваад машинаас нь гаргах гэж татахдаа уг залуугийн баруун хөмсөгөөр нь хаалгыг нь мөргүүлчихсэн...” гэсэн мэдүүлэг. /хх50-51/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8720 тоот дүгнэлтэд: 

                 1.Э.Оргилын биед баруун хөмсгөнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

                 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэсэн дүгнэлт. /хх-23/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асгат сервис” ХХК-ний орчимд Э.Оргилтой маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Э.Оргил нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, хохиролд 200.000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хүсэлт /хх-9х/-д дурьдсан байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-г 460 (дөрвөн зуун жар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР