Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00616

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, Хөвсгөл аймгийн ....... сумын ...... дүгээр багт оршин суух Х  овогт Д-ийн Ж  /.................. /-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч155/2016/0683/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ж  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 1983 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Агарын 4-р бригадад хоньчноор томилогдон ажиллаад 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл тасралтгүй хонин суурь хариуцан маллаж байсан юм. 1986, 1987 онуудад ажиллаж байсан үеийн зарим сарын цалин хөлс, цалингийн тодорхойлолтонд бичигдээгүй учир миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Агарын 4 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ж  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Д.Ж  нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Д.Ж ын ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс Доржгоо овогтой Ж ын нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Д 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Д.Ж  1983 оноос Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар орж 1989 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Ц-ын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ....Д.Ж  1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Агарын 4 дүгээр бригадад хоньчноор орж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/361 дугаартай ...Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын тушаалд Д.Ж ыг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Ж-ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Д-ийн Ж  /.................. /-ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ж ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ