| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00617/И |
| Дугаар | 155/ШШ2016/00617 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвгсөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, Хөвсгөл аймгийн ....... сумын ......дүгээр багт оршин суух Г овогт Э-ын Э /.................. /-ын
Э.Ц тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие эхнэр Э-ы Ц 2013 онд танилцаж гэр бүл болоод 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү Б ын эцэг, эх болцгоосон ба бид нэг гэрт ороод 3 жил болж байна. Хүү Б ыг төрөх үед бичиг баримтаа гээсэн байсан тул албан ёсоор гэр бүлээ батлуулж чадалгүй өдийг хүрсэн. Гэтэл эхнэр Э.Ц нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан тул хүү Б даа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Э.Э нь талийгаач Э.Ц тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э ын Б тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх бөгөөд Э.Ц нь нас барсан ба түүнтэй хамтын амьдралтай байсан болох нь Тухайлбал; Б Э-ы Ц нь 2016 оны 4 дүгээр сарын 25-нд нас барсны №0000145977 дугаартай гэрчилгээний хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э ын Б ын 6725000043 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 13/55 дугаартай тодорхойлолт, гэрэл зураг, гэрч Ц.Ч-ын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Э.Э нь миний төрсөн ах Э-ы төрсөн охин Ц ийн нөхөр байгаа юм. Манай дүү Э.Ц нь Э.Э той 2013 онд танилцаж хурим найр хийлгүй хамт амьдарч байгаад 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү Б ыг төрүүлсэн. Ц нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа юм. гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Г овогт Э-ын Э /.................. /-ыг талийгаач Б овогт Э-ы Ц /............... /-тэй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Э ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ