| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00505/И |
| Дугаар | 155/ШШ2016/00621 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00621
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................... дүүрэг, ....................... оршин суух, ....................... дугаар регистртэй, эмэгтэй, Х овогт М-ийн А нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ..... сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ................. дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт С-ийн Г холбогдох
Зээлийн үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/00505/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр С.Г нь 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг наймаа хийгээд ашгаа хуваая, мал маханд явья гээд ХААН банкны 5913047549 тоот дансанд М.А надаар хийлгэсэн. Анх ярьж тохирохдоо хүүхэд багачууд хурим найр хийх гээд байна, мөнгө хэрэгтэй байна, эргэлдүүлж байгаад өгье гэж гуйхаар нь би өгсөн. Тэрнээс хойш надад бол ашиг гэж өгөөгүй, хүү гэж өгөөгүй, харин 15.000.000 /арван таван сая/ төгрөг өгсөн. Мөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг энэ оны цагаан сарын эхээр манай дүүгээр надад дамжуулан өгсөн. Одоо 8.000.000 /найман сая/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд өгнө гэсээр өдий хүрлээ. Шүүхэд хандлаа шүү гэхэд охин нь би төлье гэдэг, тэгсээр бас жил гаруй болж байна. Иймд би С.Г ээс 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн хугацаанд 8.000.000 /найман сая/ төгрөгийг шуурхай гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: С.Г миний бие М.А аас анх 25.000.000 төгрөг аваад 17.000.000 төгрөгийг нь буцааж төлөөд одоо үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.Г т холбогдуулан зээлийн үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийн тал хувь болох 71.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г ээс улсын тэмдэгтийн хураамж 71.475 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.А аас зээлийн үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Г хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгөөс 71.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г ээс улсын тэмдэгтийн хураамж 71.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА