| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00499/И |
| Дугаар | 155/ШШ2016/00623 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00623
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн
нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47, өөрийн байрны 02 тоотод байрлах, Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дүгээр багийн ....дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, ................... дугаар регистртэй, Ө овогт М-ын С холбогдох
Үйлчилгээний хэрэглээ болон гар утасны төлбөр, нийт 794.068 /долоон зуун ерэн дөрвөн мянга жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00499/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20153780 тоот гэрээ байгуулан 95253838 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулан Samsung Galaxy S6 edge утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, нийт 794.068 /долоон зуун ерэн дөрвөн мянга жаран найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүхэд гаргасан
тайлбартаа: Хариуцагч М овогтой С нь нэхэмжлэлийн нийт дүн болох 20153780 гэрээний үлдэгдэл 794.068 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Программ дээр төлбөрийн үлдэгдэлгүйг нотолж хавсралтаар хүргүүлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани нь М.С-д холбогдуулан үйлчилгээний хэрэглээ болон гар утасны төлбөр, нийт 794.068 /долоон зуун ерэн дөрвөн мянга жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлага болох 794.068 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.608 төгрөгийн тал хувь болох 11.804 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.С-оос улсын тэмдэгтийн хураамж 11.804 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар үйлчилгээний хэрэглээ болон гар утасны төлбөр, нийт 794.068 /долоон зуун ерэн дөрвөн мянга жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.С биелүүлэн, нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.608 төгрөгөөс 11.804 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.С-оос улсын тэмдэгтийн хураамж 11.804 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА