Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ...... дугаар гудамжны ..... тоотод оршин суух Б  овогт Б-ын Б /.................... /-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч155/2016/0486/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Б.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөн улмаар Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд төлчин, саальчин, малчнаар ажиллаж эхэлсэн. Илгээлтээр хөдөө аж ахуйд 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр томилолт авч ажиллаж эхэлсэн боловч миний хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласнаар цалин хөлсийг тооцож олгожээ. Уг хөдөлмөрийн дэвтэрт илгээлтээр авч ажиллуулахдаа ажилд авсан тушаалыг 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэж ташаа бичсэн байх ба энэ нь уг тушаалыг нөхөн гаргасантай холбоотой юм. Энэ тушаал надад ирээгүй бөгөөд уг тушаалд 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр гэж нөхөн гаргасныг тэмдэглэсэн байсан ба хөдөлмөрийн дэвтэрт 1981 оноос эхэлж тэмдэглэж иржээ.

Иймд миний тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлчин, саальчин малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Б.Б  нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс 1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Базаррагчаагийн Б ын нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Б ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөрийн хөлсний лавлагаа, Б.Б ыг хөдөө аж ахуйд илгээлтээр хуваарилсан тухай 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үнэмлэхний хуулбар, Б.Б д олгосон Амжилтын гэрчилгээ, Талархал, гэрч Н.Э-ийн  2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд өгсөн: ....Б.Б  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад Галбаатар гэх хүний суурьт 1980 оноос 1990 оныг дуустал саальчин, төлчнөөр ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.П-ийн  2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Б.Б  1980 оны 6 сард төлчнөөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд элсэн орж 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10/253 дугаартай ...Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын тушаалд Б.Б ыг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Б ыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт Б-ын Б /.................... /-ын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ