Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 793

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч М.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706023010240 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, М.Б, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага  боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан захын орчим иргэн Д.Саруулбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, Улсын яллагчаас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Саруулбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өндөр залуу нь миний дээрээс цохьсон. Яагаад зоддог юм бэ гэхэд өндөр нь ахиж барьж аваад нүүр ам руу гараараа баахан цохьсон ...” гэсэн мэдүүлэг. /хх10-13/,

             Гэрч Р.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би түрүүтэй гутал өмсөж явж байсан учраас цэцэрлэгийн хашааны уулзварын замын боржуур дээр бүдрээд замд тааралдсан залууг мөрлөчихсөн. Тэгсэн хохирогч Саруулбат чи яасан онгироо юм бэ гээд намайг заамдаж авсан. Тэгсэн Батболор хажуугаас ирэхэд чи юу бэ 3 дахь нь илүү гээд Батболорыг цохиод авсан. Батболор зөрүүлээд 2-3 удаа цохиж авсан...” гэсэн мэдүүлэг. /хх24-26/,

            Гэрч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Отгонбаатар том зузаан гуталтай явж байгаад замдаа бүдрээд нөгөө хохирогч гэх залууг шүргэчихсэн. Тэгсэн хохирогч гэх залуу уурлаад Отгонбаатартай заамдалцаад зогсож байхаар нь Батболор салгах гэхэд нөгөө хохирогч залуу цохьсон. Тэгсэн Батболор зөрүүлээд 2 удаа цохьсон ...” гэсэн мэдүүлэг. /хх34-35/,

            Яллагдагч М.Б мэдүүлэхдээ: “... Тэгээд түүнээс болоод Отгонбаатар хохирогч гэх Саруулбат нар хоорондоо барилцаж авсан. Тэгээд би өмнө учраас “очоод яагаад байгаа юм бэ больцгоо, гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг хохирогч цохьсон. Би зөрүүлээд хоёр цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-53-54/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №12453 тоот дүгнэлтэд: 

            1. Д.Саруулбатын биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх-22/.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан захын орчим иргэн Д.Саруулбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ял оногдуулахдаа прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрснийг харгалзан үзсэн болно.

Шүүх шүүгдэгч М.Б-с хохирлын 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Саруулбатад олгож шийдвэрлэсэн ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах зүйтэй.

Хохирогч Д.Саруулбат нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-т оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Б-с 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны хонхрын 4-45 тоотод оршин суух, Д.Саруулбатад олгосугай.

7. Хохирогч Д.Саруулбат нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР