Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01884

 

МАГАДЛАЛ

 2020.09.04                                              Дугаар 1884  

 

 

“А” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02480 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Р.М-т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ш.Энхээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Ч.Долгорсүрэн оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус “А” СӨХ-ны харьяалалд байх 22Б байрны 1 дүгээр орцны 0 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбар байрлах өрөөнд айл амьдрахыг хориглосон. Тус өрөөнд Р.М зөвшөөрөлгүйгээр амьдардаг бөгөөд оршин суугчид болон гэрлийн байцаагч, цахилгаанчид орж айлуудын цахилгаан тасрах, мөн цахилгааны гүйлт шалгахад байнга хүндрэл учруулдаг. Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс уг айлыг гаргах талаар манай СӨХ-д удаа дараа албан мэдэгдэл ирүүлсний дагуу тухай бүрт нь уг айлд албан ёсоор мэдэгдэж байсан. Хамгийн сүүлд Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор уг шитний өрөөг чөлөөлөх тухай мэдэгдлийг хавсарган “Асар” СӨХ-оос шаардлага өгсөн боловч чөлөөлөөгүй. Р.М нь 2003 онд манай сууц өмчлөгчдийн холбоотой түрээсийн гэрээ байгуулж, сарын 9 000 төгрөгийн төлбөр төлж амьдарч байсан. Одоо манай сууц өмчлөгчдийн холбоонд түүний төлбөр төлж байсан санхүүгийн баримтууд нь байхгүй. 2018 оноос хойш огт төлбөр төлөөгүй тул түүнийг цаашид үргэлжлүүлэн амьдруулах боломжгүй. Иймд 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоот өрөөг Р.Мэндбаярын хууль бус эзэмшдээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 1999-2000 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 6, 13 дугаар хорооны нийтийн хэв журам хариуцсан цагдаагаар ажиллаж байсан. Ар гэрийн амьдрал хүнд хэцүү, гэр оронгүй байх үед тухайн үеийн “А” СӨХ-ны дарга Б.Ахмаанд 2002 онд 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн энэ шитний өрөөнд маш их хэмжээний засвар хийж орсон. “А” СӨХ-ны дарга Б.Ахмаан нь тухайн үед орцны жижүүрүүдийг гэр оронгүй хүмүүсийг ажиллуулдаг байсан. “А” СӨХ-ны дарга Б.Ахмааны дараагийн дарга Ч.Мөнхбаяр нь оршин суугчдын төлсөн мөнгийг хууль бусаар зарцуулаад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн ял авч байсан. Одоогийн дарга Т.Баатар нь зөрчлийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байгаа болно. Р.М тус байранд 18 жил амьдарч байгаа. “Асар” СӨХ-нд Р.Мэндбаяраас гадна 11 өрөөг хүмүүс нь өмчлөх эрхээ авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б дугаар байрны 1 дүгээр орц 00 тоот орон сууцыг хариуцагч Р.Мэндбаярын эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч “Асар” сууц өмчлөгчдийн холбоонд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тэгш байх зарчим алдагдсан, нэг талыг барьсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар Т.Баатарыг томилсон байна гэж дүгнэсэн. “А” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн /цаашид УЗГ/ 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол хавтаст хэрэгт байхгүй. Нотлох баримтаар хавтаст хэрэгт байхгүй тогтоолыг үнэлж шийдвэрлэсэн. Т.Баатар УЗГ-ээс зөвхөн гарын үсгээ зураад өгчих гэж байсныг оршин суугчид мэддэг. Шийдвэрт “А” СӨХ-ны Т.Баатарыг шүүхэд төлөөлөх эрхтэй учраас бусдад өгсөн итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж дурдсан. “А” СӨХ-ны Т.Баатарын Ш.Энхээтэй хийсэн итгэмжлэлд Ш.Энхээг өмгөөлөгч гэж бичсэн мөртлөө өмгөөлөх эрхийн дугааргүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тодорхой оршин суух хаяггүй тул 22Б байр, 4 орцны 00 тоотыг авах гэж байгаа. Мөн Р.М 2003 оноос хойш сарын 9 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж байсан. 2018 оноос хойш төлбөр төлөөгүй тул цаашид амьдруулах боломжгүй гэж дурдсан. Түрээсийн төлбөрт 9 000 төгрөгийг өгөхгүй болохоор цахилгааны шит нь хүний амь насанд аюултай болдог, өгвөл цахилгааны шит нь хүний амь насанд аюулгүй гэсэн утгагүй агуулгыг дурддаг. “А” СӨХ-ны Т.Баатар нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо 22Б байрны 1 орц 00 тоотод 18 жил амьдарсан оршин суугч Р.Мэндбаяраас 00 тоотыг авч, нягтлан бодогч Д.Сумъяагийн хүүг түрээсээр суулгахын тулд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 53 магадлалаар таслан зогсоосон. “А” СӨХ-ны захирал Т.Баатарыг Баянзүрх дүүргийн 6 хорооны 21, 22Б байрнуудын оршин суугчид хуралдаж, хууль ёсны дагуу сонгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. “А” СӨХ-ны хариуцдаг Баянзүрх дүүргийн, 6 хороо, 21, 22Б байрнууд нь нийтдээ 14 орцтой буюу 00 тоот цахилгааны шитний 14 өрөө байдаг. Энэ 00 тоот өрөөнд байдаг цахилгааны шит нь 120 см өндөртэй, 60 см өргөнтэй, 12 см зузаантай байдаг. Р.Мэндбаярынх энэ 00 тоот өрөөндөө өнөөдрийг хүртэл 18 жил амьдарсан. Шүүхийн шийдвэрт дурдагдсан шиг эрүүл мэндэд хортой, аюултай эрсдэлтэй нөхцөлд амьдраагүй, бүгд эрүүл саруул амьдарч байна. Хариуцагч Р.М-т мөнгөний боломж муу байдаг учраас бусад 00 тоотын 13 өрөө шиг цахилгааны шитийг 00 тоот өрөөнөөс гаргаж 1 давхрын лифтний хажууд байршуулж чадаагүй. Ингэж байршуулахын тулд ОСК, МХГ, СӨХ зэрэг байгууллагуудын тамга барьсан дарга нарт их хэмжээний мөнгө өгч зөвшөөрлийг авдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Асар” СӨХ нь хариуцагч Р.М-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байрны 00 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг “5 000 000 төгрөг төлж худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.  

              Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хамаарна” гэж, мөн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж зааснаас үзвэл маргаан бүхий 00 тоот өрөө нь хариуцагч Р.Мэндбаярын эзэмшил, өмчлөлд хамаарахгүй байна.

 

             Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байхад Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б байрны 1 дүгээр орц 00 тоотод хүн амьдарч байгаа нь дээрх хуулийг зөрчсөн талаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4” орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ирүүлсэн мэдэгдэл /хх-6/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02-07-89/01 тоот акт, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02-03/4400 тоот албан бичиг /хх-7/ зэргээс дүгнэхэд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б байрны 1 дүгээр орц 00 тоот өрөө нь хүн амьдрах зориулалттай бус, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1, 15.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчид дундаа хамтран өмчлөх зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. 

 

Иймээс нэхэмжлэгч “Асар” СӨХ нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч Р.Мэндбаяраас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Р.М нь маргаж буй 00 тоот өрөөг 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Асар” СӨХ-ийн даргаар ажиллаж байсан гэрч Х.Ахман “Р.М надад 5 000 000 төгрөг өгөөгүй, ...Б энэ хүнээс мөнгө авч байгаагүй” гэж мэдүүлснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны 1 орц 0 тоот орон сууцыг хууль ёсны дагуу өмчилж байгаа гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй ба тэрээр маргаан бүхий 00 тоот өрөөг хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа, эзэмшил нь хууль ёсны болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б дугаар байрны 1 дүгээр орц 00 тоот орон сууцыг Р.Мэндбаярын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэжээ. “Асар” сууц өмчлөгчдийн холбооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаартай гэрчилгээнд СӨХ-ны УЗ-ийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэн Т.Баатарыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх тул Ш.Энхээд “Асар” СӨХ-г төлөөлөх итгэмжлэл олгосныг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                        Д.БАЙГАЛМАА