| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00443/И |
| Дугаар | 155/ШШ2016/00625 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж,шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн ..... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, .................. дугаар регистртэй, эмэгтэй, Ш овогт Л-ийн Ч
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/00443/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1963 онд төрсөн, 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Нүхт бригадын малчнаар 1979 оны 6 сараас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан. Уг ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт үрэгдэж үгүй болсон тул 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 20 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, .............. дугаар регистртэй, Ц овогт Л-ийн Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ч нь миний төрсөн эгч юм. Тэрээр 1979 оны 06 сард 8 дугаар ангиа төгсөөд манай өвөө, эмээгийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1979 оны 6 сараас эхлэн хонь маллаж эхэлсэн бөгөөд 1989 оны 12 сарыг дуустал мал маллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Л.Ч ийн ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичгүүд нь устаж үгүй болсон тул шүүхээр ажиллаж байсан жилүүдээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Л.Ч ийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.Ч Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Ч ийн 1979 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Н.Э-ын ...Л.Ч нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1979 оны 6 сараас 1990 он хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан. 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч байсан юм... Тасралтгүй ажиллаж байсан... Би Галт сумын Идэрийн ундрал нэгдэл болон Идэрийн ундрал компанид бичээчээр 1982 оноос 1994 он хүртэл ажилласан... Л.Ч нь саальчдын зөвлөгөөн, малчдын зөвлөгөөн, төлчдийн зөвлөгөөн, залуу ажилчдын семинар зэрэг арга хэмжээнд ирж оролцдог байсан. Нэг нутгийн хүмүүс, нэг үеийн хүмүүс нэг нэгнээ сайн мэддэг байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.А-ийн ...Л.Ч нь өвөө Пүрэвийндээ байдаг байсан юм. 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1979 оны 6 сараас эхлэн 1990 он хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан...өвөө П-ээ туслах малчнаар ажиллаж байгаад, төллөх мал хариуцан ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... Би Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1969 оноос 1985 он хүртэл хугацаанд саальчин, төлчнөөр ажиллаж байсан. Тэгээд 1985 оноос 2000 он хүртэл хүн эмнэлэгт асрагчаар ажилласан. Нэгдэлд Л.Ч тэй хамт ажиллаж нэгдлийн хонь сааж төл бойжуулж явсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Л.Ч ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Тус аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Ч т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/222 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Л-ийн Ч Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА