Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ..... дугаар багийн ............ /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... тоотод түр/ оршин суух, ...................  дугаар регистртэй, Байчууд овогт Базардарийн Б д холбогдох

3.195.250 /гурван сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/00446/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Батсуурь нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагад малчнаар ажиллаж байсан Б.Б  нь 2015 оны 09 сарын 02-ны өдөр мал хүлээлгэн өгөхдөө өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 41 /дөчин нэг/ тооны мал төл дутааснаас гадна ноолуур дутааж байгууллагад нийт 3.195.250 /гурван сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун тавь/ төгрөгний хохирол учрууллаа. Үүнд: эр төлөг 20х80.000=1.600.000, эр хонь 7х120.000 =840.000, хурга 9х30.000=270.000, ишиг 5х25.000=125.000, ноолуур 3.5кг х 76.500=267.750, ноолуур 1.850кг х 50.000=92.500, нийт 3.195.250 төгрөг. Эдгээр мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээнээс дутаасан малынхаа дутууг одоо болтол хийгээгүй тул уг асуудлыг шийдвэрлэж байгууллагыг хохиролгүй болгож, Б.Б гаас 3.195.250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн захирал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын арга зүйч, мал зүйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Цөм сүрэг үржлийн төвийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 7 дугаар байрны 30 тоотод оршин суух, РЭ59122839 дугаар регистртэй, Монгол овогт Гомбожавын Батсуурь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагыг Малын удмын сангийн үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар гэсэн нэртэй байхад Б.Б  нь 2008 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр малчнаар ажиллаж эхэлсэн юм билээ. Тус байгууллагын нэр 2015 оны 05 сард өөрчлөгдөж Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төв гэсэн нэртэй болсон юм. Би 2013 онд захирлаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Тус байгууллагад 2010 онд санхүүгийн шалгалт ирж 2008-2009 оны санхүүгийн баримтад шалгалт хийхэд малчин Б.Б гийн дутаасан ноолууранд нийт 267.800 төгрөгийн төлбөрийг тавьсан боловч тэрээр уг төлбөрийг одоо болтол төлөөгүй. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр малаа хүлээж авахад эр төлөг 20 толгой, эр хонь 7 толгой, хурга 9 толгой, ишиг 5 толгой, нийт 41 толгой мал дутаасан. Манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мал нэг бүрийн үнэ буюу эр төлөг 80.000 төгрөг, эр хонь 120.000 төгрөг, хурга 30.000 төгрөг, ишиг 25.000 төгрөгөөр тус тус үнэлсэн боловч одоо малын үнэлгээг багасгаж байна. Үүнд: Эр төлөг 20 толгой х 40.000 төгрөг = 800.000 төгрөг, эр хонь 7 толгой х 70.000 төгрөг = 490.000 төгрөг, хурга 9 толгой x 20.000 төгрөг = 180.000 төгрөг, ишиг 5 толгой х 10.000 төгрөг = 50.000 төгрөг, бүгд 41 толгой малын нийт үнэ 1.520.000 төгрөг болж байна. 2010 оны санхүүгийн шалгалтаар илэрсэн 2008 он, 2009 онд дутаасан ноолуурын үнэ 267.750 төгрөг, 2014 онд дутаасан ноолуурын үнэ 92.500 төгрөг, бүгд 360.250 төгрөг болж байгаа бөгөөд үүний тал хувь 180.125 төгрөгийг нэмж авна. Манай байгууллага Б.Б гаас 3.195.250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дутаасан мал болон ноолуурын нийт үнэ 1.700.125 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн Б.Б  миний бие Цөм сүргийн үржлийн төвийн малыг маллаж байсан. Гэтэл тус байгууллагаас нэхэмжлэл ирүүлсэн байна. Байгууллагын зүгээс гэрээнд зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Байгууллагын зүгээс гэрээнд зааснаар 3.1 болон 3.5, 3.7 дахь заалтуудыг биелүүлээгүй учраас дээрх өр бий болж малын ашиг шим буурч төл хорогдсон, тарилга туулгаа цаг тухайн үед нь хийхгүй, бензин шатахуун тусламж өгдөггүй, ашиг шим ноолуураа өөрсдөө ирж самнадаг, ямар ч хяналт байдаггүй. Байгаль цаг уурын таагүй нөхцлөөс болон малын ашиг шим, онд оролт буурсан учраас малаа хүлээлгэж өгсөн. Иймд дээр бий болсон өрийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төв нь хариуцагч Б.Б д холбогдуулан 3.195.250 /гурван сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд 1.700.125 /нэг сая долоон зуун мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 1.495.125 /нэг сая дөрвөн зуун ерэн таван мянга нэг зуун хорин тав/ төгрөгөөр багасгажээ.

Нэхэмжлэгч нь малын ашиг шим, бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээг зөрчиж хохирол учруулсан тул 1.700.125 /нэг сая долоон зуун мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж авна, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас дээрх өр үүссэн тул төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.Б  Малын удмын сангийн үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар буюу Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд малчнаар ажиллаж байх хугацаандаа 2008-2009 онд ноолуурын үнэ 267.750 төгрөг, 2015 онд 41 толгой мал буюу 1.520.000 төгрөг, нийт 1.787.750 төгрөгийн хохирлыг тус байгууллагад учруулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, байгууллагын малчидтай хийсэн мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээ, Б.Б нийт бэлтгэх ноолуур кг-аар 2008 он 76.92, 2009 он 68.62, бэлтгэсэн ноолуур кг-аар 2008 он 68.8, 2009 он 64.3, дутуу ноолуур кг-аар 2008 он 8.12, 2009 он 4.32, нийт өртөг мян төг 2008 он 203.0, 2009 он 64.8 гэх бичилттэй 2008-2009 онуудад ноолуур дутаасан малчдын тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн малчин Б.Б гаас хонь: эр төлөг 12, охин төлөг 24, эр хонь 23, эм хонь 78, эр хурга 20, эм хурга 27, бүгд 184 толгой, ямаа: эр борлон 9, эм борлон 6, эр ямаа 6, эм ямаа 17, эр ишиг 4, эм ишиг 4, бүгд 46, бүгд 230 мал хүлээж авсан, малчин Б.Б гаас мал хүлээлцэхэд эр төлөг 20, эр хонь 7, хурга 9, ишиг 5 бүгд 41 толгой мал дутаасан, хүлээн зөвшөөрсөн Б  гэж гарын үсэг зурсан бичилттэй мал хүлээлцэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Б.Б гаас 2010 оны санхүүгийн шалгалтаар илэрсэн 2008 он, 2009 онд дутаасан ноолуурын үнэ 267.750 төгрөг, 2014 онд дутаасан ноолуурын үнэ 92.500 төгрөг, бүгд 360.250 төгрөг болж байгаа бөгөөд үүний тал хувь 180.125 төгрөг гаргуулж авна гэж мэтгэлзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2010 оны санхүүгийн шалгалтаар илэрсэн малчин Б.Б гийн 2008 он, 2009 онд дутаасан ноолуурын үнэ 267.750 төгрөгийг гаргуулахаар 2010 оноос 2014 оны хооронд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч тус хугацааг хэтрүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Мөн 2014 онд 92.500 төгрөгийн ноолуур дутаасан гэж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 41 толгой малын үнэ 1.520.000 төгрөгийг хариуцагч Б.Б гаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх ноолуурын үнэ бүгд 180.125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн үнэлсэн малын үнэлгээ тухай орон нутгийн зах зээлийн үнэ ханшид тохирсон, хариуцагч малын үнэлгээний талаар ямар нэг тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан үнэлгээг үндэслэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 66.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.520.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 39.270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Б  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Б.Б гаас 1.520.000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180.125 /нэг зуун наян мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 66.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39.270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА