| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00811/И |
| Дугаар | 155/ШШ2016/00628 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, .................. дугаар регистртэй, Хөвсгөл аймгийн ……. сумын ….. багт оршин суух, Х С-ын Д хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2016/0811/и дугаар индекстэй иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян, хүсэлт гаргагч С.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1975 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар анги төгсөж Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байх хугацаандаа тракторын курст орж суралцаж төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл хугацаанд тасралтгүй тракторчнаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.Д нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, 1977 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн дарга Г.Аюурсэдээс олгосон тракторын жолоочоор томилов гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн амралтын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1978 он, 1984 онуудад тракторын жолоочоор ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэрэл зургуудын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Жаргалант-Амьдрал нэгдлийн авто машин, трактороор гүйцэтгэсэн тээврийн ажлын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/358 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10/189 тоот албан бичиг, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө гал гарч шатсан тухай нотломж, гэрч Ц.Б-ын С.Д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тракторын жолоочоор нэгдэл тартал буюу 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Р.Даваадоржийн С.Д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тракторын жолоочоор орж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х С-ын Д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ