Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

 

 

 

 

 2023         02         08                                        2023/ДШМ/05

 

  Ц.Бид холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тогтох,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/690 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр Ц.Бид холбогдох 2238003110616 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Хархүүний булаг” овогт Цын Б, ......... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багт оршин суух бүртгэлтэй, урьд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг торгох ялаар шийтгүүлсэн, гавьяа шагналгүй /регистрийн ....................... дугаартай/.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар гудамжны 34-11 тоотод байрлах хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 6 дугаар гудамж 08 тоотод байрлах хашааны гадна байсан хохирогч Б.Бгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/690 дүгээр захирамжаар шүүгдэгч Цын Бид холбогдох эрүүгийн 2238003110616 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, Хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Тогтох эсэргүүцэлдээ: Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид дурдагдсан заалт нь үндэслэлгүй болох бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” тухай заалт буюу мөн зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн     9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан заалтад хамаарч байх ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэх хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 357 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/690 дугаартай шүүгчийн захирамжаар буцаасан хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/690 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” саналыг гаргаж байгаа учир давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байгааг тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй. Хүний зөрчигдсөн эрхийг сэргээж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар гудамжны 34-11 тоотод байрлах хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 6 дугаар гудамж 08 тоотод байрлах хашааны гадна байсан хохирогч Б.Бгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг яллагдагчид танилцуулахад зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “Ц.Б нь 2021/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул прокуророос ирүүлсэн саналын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж заасан тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргасан тохиолдолд шүүх дээрх заалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Тодруулбал: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Бийг дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. /хх-н 135-138/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл... түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ...саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, ...яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан бөгөөд Ц.Б нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх уг хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасантай нийцэх юм.

Прокурорын гаргасан “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” тухай заалт буюу мөн зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан заалтад хамаарч байх ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэх хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна...” гэх агуулга бүхий эсэргүүцлийн тухайд:

Хууль тогтоогч “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж өршөөлд хамрагдах болон хамруулахгүй гэмт хэргийг тодорхой заажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гэмт хэрэг нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөлд хамааруулахгүй.

Иймд Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/690 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/690 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРХҮҮ                           

      ШҮҮГЧИД                                       Б.СОСОРБАРАМ

                                                                        Л.ЭРДЭНЭБАТ