Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймгийн Тэшиг суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... аймгийн ...... сумын ...... дугаар багт оршин суух, ....................... дугаар регистртэй, В  овогт Д-ийн С

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2016/00429/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.С  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.С  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйд анх 1980 онд нормын ажилтнаар ажилд орсон. 1996 он хүртэл ажилласан ба улсаас 1990 оноос хойш ажилласан жилээ нөхөн тооцуулсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай, ихэнх жил нь Хөвсгөлд ажилласан байх тул Хөвсгөл аймаг Сум дундын шүүхэд ханд гэсэн. Цалин хөлсний материал бүрэн гарч ирэхгүй байгаа юм. Би хөдөлмөрийн дэвтэр ерөөсөө аваагүй ажиллаж байсан хугацааг минь хөдөлмөрийн дэвтэрт бичээд дараа нь өгөх байх гэж бодоод явж байсан. Тариалангийн Сангийн аж ахуйн контор шатаад бүх бичиг баримт устсан гэсэн. Би улирлын чанартай ажил хийж байсан ч өвөл зунгүй ажилладаг байсан. Өвөл нь будаагаа Мөрөнгийн гурилын үйлдвэрт ачуулдаг, хавар нь будаагаа хордуулж тарих хэсэг рүүгээ ачуулж тарьдаг, зундаа үтрэмийн талбай цэвэрлэдэг, намартаа будаагаа хурааж авдаг ажилтай байсан. Энэ хугацаандаа би нийт 8 хүүхэд төрүүлсэн. Иймд Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйд 1980 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.С  Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд, 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.С гийн 1980 оны 5 дугаар сараас 1982 оны 4 сар хүртэл, 1986 оны 7 сараас 1990 оны 7 сар хүртэл, 1992 оны 6 сараас 1994 оны 10 сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Тариалан сумын Сангийн аж ахуйн үтрэм дээр ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан 1984, 1985 оны гэрэл зургууд, Тариалан Сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1. Нэр бүхий 45 ажилчид, малчдын 1981 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай. 2. Хавсралтаар амрагсадын амралтын мөнгийг бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай 144 дугаартай тушаалын хуулбар, ...С , албан тушаал: саальчин, үндсэн амралт 15, а/ж нэмэгдэл 3, у/ж нэмэгдэл 0, бүгд хоног 18, эхлэх хугацаа 1/XII гэх бичилттэй 144 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1. Дараахь нэр бүхий 134 ажилчдад 1988 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай. 2. Амрагчдын ээлжийн амралтын мөнгийг зохих ёсоор бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай 94 дугаартай тушаалын хуулбар, 99. Д.С . үтрэм ажилчин, 15, 3, 0, 18, I/YII хойш гэх бичилттэй 94 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дорлиг овогтой С  1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс Ар тархи цогцолборын үтрэмд ажилчнаар томилогдон ажилласан гэх боловч тухайн оны тушаалыг шүүж үзэхэд ажилд томилсон тушаал гараагүй байна. Д.С гийн гаргасан өргөдөл, үтрэмийн ажилчин Т.Даваасүрэн, Нарантуяа, З.Эрдэнэцэцэг нарын ажилласныг батлан гаргасан тодорхойлолтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Дорлиг овогтой С г үтрэмийн ажилчнаар 1989 оны 4 сарын 27-ны өдрөөс томилсон тушаалыг нөхөн гаргасанд тооцсугай... гэх бичилттэй Ажилд орсон тушаалыг нөхөн гаргах тухай 354 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Тариалан сумын Тариалан Сангийн аж ахуйг хувьчлах тухай 06 дугаартай тогтоолын хуулбар, гэрч Ч.Нарантуяагийн ...Д.С  нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 8-р анги төгсөөд ажилд орсон. САА-д нормчноор ажиллаж байсан. 1980 оны 6 сараас 1988 оны 5 сар хүртэл ажиллаж байгаад 1988 оны 5 сард Булган аймаг руу явсан. Буцаад 1989 оны 1 сараас эхлэн 1990 он хүртэл нормчноор ажилласан... Тасралтгүй ажиллаж байсан. Үтрэмийн будаа дээр ажиллах, цэвэрлэх, ачих, будаа таваарт өгөх, скаладад ажиллах, газар харах гэх мэт ажил хийж байсан... сумын дарга удирдлага өөрчлөгдөх үеэр зарим бичиг баримт алга болсон гэдэг. Цалин хөлсний дэвтэр сумандаа байдаг байх. Боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж бичилт хийдэг байсан... Би Тариалан САА-д 1974 оноос 1994 онд саальчин хийдэг байсан. Д.С  бид хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Амаржаргалын Д.С  нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын САА-д 1980 оны 6 сараас 1988 оны 6 сар хүртэл нормчноор ажиллаж байгаад 1988 оны 6 сараас 12 сар хүртэл Булган аймагт байсан. 1989 оны 1 сараас 12 сарын дуустал мөн Тариалангийн САА-д нормчноор ажиллаж байсан. Үтрэмийн нормчин хийдэг байсан юм. Тасралтгүй ажиллаж байсан, цалин яагаад бичигдээгүйг мэдэхгүй байна... Хөдөлмөрийн дэвтрийг сургууль төгссөн бол уг төгссөн газраас, үгүй бол САА-гаас нээж өгдөг байсан... Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын САА-д үтрэм дээр агротехникч, үтрэмийн эрхлэгчээр 1980 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч Д.С гийн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

Учир нь хүсэлт гаргагч Д.С гийн шүүх хуралдаанд гаргасан ...Булган аймагт эгч дээрээ очоод зүгээр байж байхаар гээд малчнаар ажилласан гэх тайлбар, Тариалан Сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дорлиг овогтой С  1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс Ар тархи цогцолборын үтрэмд ажилчнаар томилогдон ажилласан гэх боловч тухайн оны тушаалыг шүүж үзэхэд ажилд томилсон тушаал гараагүй байна... гэх бичилттэй Ажилд орсон тушаалыг нөхөн гаргах тухай 354 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.С гийн ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа болон 70 дугаар дансны хуулбаруудад түүнд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд цалин бичигдээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

Иймд Д.С гийн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд, 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар В  овогт Д-ийн С  Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд, 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА