Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00638

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн ........ сумын ...... дүгээр багт оршин суух, ........................ дугаар регистртэйБ  овогт Р-ийн О

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/00448/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Р.О  нар оролцлоо.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.О  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 8 дугаар ангид орох жил ээж маань нас барсан тул ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. Дараа нь оройн сургуулийн 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсролтой болсон. Манай ээж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд саальчнаар ажиллаж байсан бөгөөд би ээжийнхээ сааж байсан 15 үнээг хүлээн авч тус нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1986 оны 5 дугаар сар хүртэл саальчнаар ажиллаж байсан. Тэгээд 1986 оны 05 сараас 1992 оны 04 сар хүртэл мал тууварчнаар ажиллаж байсан. 8 дугаар ангиа төсгөөд манай ангийн 5 хүүхэд илгээлт авч мал маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн конторт хадгалагдаж байсан бөгөөд тус контор гурван удаа шатсан учир хөдөлмөрийн дэвтэр болон ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний баримт бүгд шатаж устсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхээр ажиллаж байсан жилүүдээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд саальчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Р.О  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Р.О  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд саальчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, 1981 онд илгээлтээр ажиллаж байсан хүүхдүүдтэй авахуулсан гэрэл зургууд, 1985 оны саальчдын зөвлөгөөнд оролцохдоо авахуулсан гэрэл зураг, 1992 онд саальчдын зөвлөгөөний хуралд сууж байх үеийн гэрэл зураг, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газар, Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл, Мал бэлтгэлийн контороос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Цагаан-Үүр сумын тууварч-малчин Р.О т БНМАУ-ын гавьяат нэгдэлчин хошой аварга тууварч-малчин М.Цэрэннямын туршлагыг эзэмшиж, 1989 онд хариуцсан малаа хорогдолгүй тууварлаж, 43.1 хувиар таргалуулан үйлдвэрлэлийн даалгавараас 5.8 тонн мах давуулж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тул гэрчилгээ, мөнгөн шагнал олгов гэх бичилттэй 198 дугаартай гэрчилгээ, Цог нэгдлийн ерөнхий хорооноос 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдөр олгосон баярын бичиг, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Аймгийн өмч хувьчлалын комиссоос тогтоох нь: 1. Цагаан Үүр сумын Цог нэгдлийг Уйлган ББХХ, Үүр ББХХ, Дархинт ББХХ, Баян гол ББХК болгон хувьчлахаар нэгдлийн ерөнхий хорооноос боловсруулсан төслийг баталж, хувьчлах нийт хөрөнгийг 16493,7 мянган төгрөг, үүнээс бага хувьчлалд хамрагдсан хэсгийг 2956,6 мянга, ардын аж ахуйтнуудад олгох хэсгийг 10262,7 мянга, тэдэнд зуучлан үйлчлэх аж ахуйн нэгжүүдийн дүрмийн сангийн хэмжээг нэгдүгээр хавсралтад заасан хэмжээгээр тус тус тогтоосугай... гэх бичилттэй Цог нэгдлийг хувьчлах тухай 42 дугаартай тогтоолын хуулбар, гэрч Г.М ын ...Р.О  нь...1981 онд 7-р анги төгсөж...Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1990 он хүртэл хугацаанд саальчин, тууварчнаар ажиллаж байсан. Бид нэг үеийн хүүхдүүд бөгөөд хамт нэгдэлд ажиллаж хөдөлмөрлөж байсан... Тасралтгүй ажиллаж байсан...Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1980 оны 6 сараас 1986 он хүртэл саальчнаар ажиллаж байсан... Р.О  нь нэгдлийн үнээ саадаг байсан. Би нэгдэлд 1986 оноос хойш ажиллаагүй ч байнга сумандаа хувийн малаа маллан амьдарч байсан. Хэн хаана ямар ажил хийдэг талаар сумын хүмүүс бүгд л мэддэг байсан...манай сумын захиргаа 3 удаа шатсан. Тэгээд манай сумын хүмүүсийн ажиллаж байсан үеийн баримт байхгүй байгаа юм... гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн ... Р.О  7-р ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар хөдөө мал дээр гарч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1992 оны 4 сард Цог нэгдэл тарах хүртэл саальчин, тууварчнаар ажиллаж байсан. Ээжийн нь бие муудаад ар гэрийн гачигдлаар 8-р ангидаа суулгүй гарсан ба ээж нь удалгүй нас барсан. Тэгээд аав Ренчиндоржийн хамт нэгдлийн мал тууварт явдаг байсан... тасралтгүй ажиллаж байсан. Бид хамт 1981 оноос нэгдэлд ажилласан. Ээжийгээ асрах хугацаандаа мал саадаг саальчин, ээж нь нас бараад аавынхаа хамт тууварт тууварчин хийж байсан... Би 1981 оны 6 сараас Цог нэгдэлд 1984 он хүртэл саальчин хийж байгаад, Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1990 он хүртэл ажиллаж байсан... Бид нэг ангийн хүүхдүүд, байнгын холбоотой, захиа хүргүүлдэг байсан. Нэг сумандаа нэг дор байсан учир тэр тэнд, энэ энд ажиллаж байгаа гээд мэддэг байсан... Манай сумын захиргаа шатаад бичиг баримт олддоггүй юм билээ... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Р.О ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, ажиллаж байсан үеийн баримт материал шатаж устсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тус аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Р.О т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/210 тоот тодорхойлолтХөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архивт болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын иргэн Р-ийн О  бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй болно гэх бичилттэй 03/42 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид 1737205 төгрөгний хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн болно гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Манай сумын захиргаа нэгдлийн контор 1981-1997 онуудад шатаж архивт болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан иргэн Р-ийн О  хөдөлмөрийн дэвтэр шатсан гэх бичилттэй 65 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт Р-ийн О  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд саальчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА