| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00668/И |
| Дугаар | 155/ШШ2016/00639 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1957 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын ....... дүүргийн ......дугаар хороо, булгийн ..... гудамж, ...... тоотод оршин суух, Ш овогт Т-ийн О /................../-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/00668/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т-ийн О 1969 онд 4 дүгээр анги төгсөөд эмээ ээжийнхээ асаргаанд байж байгаад 16 нас хүрч 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Тосонцэнгэл сумын Арлбн зориг нэгдлийн 01 дүгээр бригадад хоньчноор ажиллаж эхэлсэн юм. Түүнээс хойш 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдэлдээ 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хоньчноор тасралтгүй ажилласан юм. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний хоньчин байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийг хурааж аваад буцааж өгөөгүй алга болсон тул нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.О нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Т.О нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Г.Д , Ш.А нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Төмөрбаатарын О ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 01 дүгээр бригадад 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Т.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН