| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00397/И |
| Дугаар | 155/ШШ2016/00641 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00641
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, ..................... дугаар регистртэй, Б овогт Т-ийн Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багийн ........ дүгээр гудамжны ....... тоотод оршин суух, ..................... дугаар регистртэй, Ш овогт Д-ийн А холбогдох
Барааны үнэ 500.199 /таван зуун мянга нэг зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2016/00397/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тогооч овогтой Н миний бие нь 1991 оноос өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилж, бараа борлуулдаг ажилтай билээ. Надтай хамтран ажиллаж байсан Мөрөн сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжны 16Б тоот хаягт байрлалтай Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 400.408 төгрөгийн бараа авсан. Д.А нь тухайн үед Эргэн дурсахуй бар рестораныг түрээслэн ажиллуулж байсан бөгөөд манайтай хамтран ажиллах гэрээ байгуулж, авсан барааны төлбөрийг тухайн сарын 25-ны дотор төлж барагдуулж байна гээд авсан. Д.А нь энэ барааг авснаас хойш нэг ч төгрөг төлсөнгүй. Утсаар ярихад 2016 оны 03 сарын 07-ны өдөр дуучин Баярцэцэгийн тоглолтыг Мөрөнд зохион байгуулж байгаа, тэр орлогоос өгнө, хүнээс мөнгө авна, тэгээд өгнө гэх мэтээр хэлдэг боловч тохиролцсон хугацаа нь болж төлбөрөө төлөхийг сануулахад мөнгө байхгүй гээд өгөхгүй явсаар удлаа. Сүүлдээ Д.А нь утсаа авахгүй, гэрт нь очиход байхгүй, уулзалдахгүй байна. Д.А-тай байгуулсан гэрээний дагуу тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг барагдуулахгүй бол хоног тутам 0.3 хувийн алданги тооцно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж бараа авсан. Авсан барааны он, сар өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлбөрийг хийх байсан гэж үзээд 2015 оны 12 сарын 25-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 83 хоног байгаа бөгөөд алданги 99.719 төгрөг, нийт 500.199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Н гийн нэхэмжилсэн 500.199 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.А-т холбогдуулан барааны үнэ 500.199 /таван зуун мянга нэг зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.660 төгрөгийн тал хувь болох 7.830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Амараас улсын тэмдэгтийн хураамж 7.830 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Н гээс барааны үнэ 500.199 /таван зуун мянга нэг зуун ерэн ес/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.А хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.660 төгрөгөөс 7.830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Амараас улсын тэмдэгтийн хураамж 7.830 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА