| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00641/И |
| Дугаар | 155/ШШ2016/00643 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2016/00643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлттэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/00461/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Д.Э нь 2015 оны 01 сарын 09-ний өдөр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 276-р галт тэргээр баавгайн савар 8 ширхэг, баавгайн доньд 2 ширхэг, бугийн цусан эвэр 500 гр, бугийн сүүл 7 ширхэг, бугийн чив 3 ширхэг зэрэг түүхий эд зүйлийг тээвэрлэн авч явсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, шалган амьтны аймагт учруулсан хохирол нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж Д.Э д холбогдох эрүүгийн 201524000111 дугаартай хэргийг тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан үндэслэлээр Тээврийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 855 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Өршөөлд хамрагдахын тулд иргэн Д.Э нь Хохирлыг бүрэн барагдуулах болно гэж өргөдөл гаргасан байдаг. Гэвч одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй. Иймд манай байгууллага уг хэрэгт БОНХАЖЯамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж Д.Э-аас амьтны аймагт учруулсан хохирол болох 118.400.000 төгрөгний хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч тус иргэн нь өөрийн оршин суух Мөрөн сумын 2 дугаар багийн 26 гудамжны 11 тоотод бүртгэлтэй боловч хаяг дээрээ оршин суудаггүй, хаяг тодорхой бус үндэслэлээр манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан тул хэргийн хариуцагч иргэн Д.Э-ыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжилтэн ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 7-8-10 тоотод оршин суух, РК89082507 дугаар регистртэй, Хан есөн эрдэнэ овогт Батжаргалын Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Э нь Монгол Улсын амьтны аймагт онц их хэмжээний хохирол учруулан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх хугацаандаа амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргаж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байдаг. Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яамыг иргэний хэргийн шүүхэд хандаж амьтны аймагт учирсан хохирлоо Д.Э-аас нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Тээврийн прокурорын тогтоолоор түүхий эдийг улсын орлогод оруулсан, одоо иргэн Д.Э-аас амьтны аймаг, экологид учруулсан хохирол 118.400.000 төгрөгийг нэхэмжлэх ёстой юм. Шинжлэх ухаан, биологийн хүрээлэнгийн шинжээчээр үнэлүүлж, 59.200.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-д заасны дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг нэг бүрийг нь 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөрийг барагдуулна гэж заасныг үндэслэн 118.400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Холбогдох баримт материалыг шүүхэд өгсөн. Д.Э нь амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, оршин суух газартаа байхгүй, алга болсон. Үүнтэй холбогдуулан эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байгаа. Анх тээврийн прокурорт өөрийн хаягаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 26-11 тоотод оршин суудаг гэж бичүүлсэн байсан. Түүнтэй холбогдох утас байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иймд иргэн Д.Э-ны оршин суугаа газрыг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү. Д ийн Э , эмэгтэй, регисртийн дугаар .......................... гэв.
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э нь 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэгний 258 дугаар вагоны 7 дугаар тасалгааны 25 дугаар местэнд зорчин явахдаа хөрөөдөж жижиглэсэн 78 ширхэг буюу 22кг бугын ясан эвэр, 2 ширхэг буюу 50гр бугын ясжсан эвэр, баавгайн савар 8 ширхэг, баавгайн доньд 2 ширхэг / 1 хүрэн баавгай 6.500.000 төгрөг, нийт 2 бодгаль хүрэн баавгай 13.000.000 төгрөг/ бугын цусан эвэр 500гр, бугын сүүл 7 ширхэг, бугын чив 3 ширхэг, /1 эр халиун буга 6.600.000 төгрөг, нийт 7 бодгаль халиун буга 46.200.000 төгрөг/ зэрэг ховор амьтны түүхий эдийг худалдан авч тээвэрлэн Монгол орны байгаль орчин, амьтны аймагт 59.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэстэй болохыг тогтоож, эрүүгийн 201524000111 дугаартай хэргийг Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Д.Э д холбогдох эрүүгийн 201524000111 дугаартай хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 499, 510, 505 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээс гаргуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 209А дугаартай Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнийн яллах дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 855 дугаартай прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Х овогт Д ийн Э Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 26 дугаар гудамжны 11 тоот хаяганд бүртгэлтэй боловч тус хаяганд оршин суудаггүй, байнга оршин суугаа хаягийн өөрчлөлт хийсэн талаар бүртгэл хийгдээгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн засаг даргын Д Э тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх мэдэгдэх хуудасны тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн РД:.......................... , овог Х , эцгийн нэр Д , нэр Э ...амьдарч эхэлсэн он Хөвсгөл, Мөрөн, ........................байнга оршин суугаа хаягийн өөрчлөлтөд бүртгэлгүй гэх бичилттэй Д.Э-ны иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Жич: Д.Э-ны талаарх мэдээлэл. Гэрийн хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн ........................... оршин сууж байсан, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, эмэгтэй, ургийн овог Х , яс үндэс халх, .......................... дугаар регистртэй болохыг дурьдав.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар .......................... дугаар регистртэй, Х овогт Д ийн Э-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х овогт Д ийн Э-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА