Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1833

 

“Г банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/01571 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А-од холбогдох

Гэрээний үүрэгт 1 871 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г банк” ХХК нь Ч.А-той 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ2715008231 тоот зээлийн гэрээгээр 3.500.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч Ч.А- нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн төлбөр 971.151 төгрөг, хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрөөс Ч.А- нь 2018 онд төлсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г банк” ХХК-аас 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3.500.000 төгрөгийг 21 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлэн авсан нь үнэн. Гэхдээ дээрх төлбөрийг төлж барагдуулсан. Зээл авснаас хойш осолд орж тахир дутуу болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ариунболдод холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол үндсэн зээл 971.151 төгрөг, зээлийн хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөг гаргуулах тухай Г банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.901 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо хариуцагч тал хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үндсэн зээлийн эргэн төлөлт хийсэн гэж үзсэн байна. Гэтэл Ч.А- нь үүнээс хойш 7 удаа нийт 360.154 төгрөгийг төлсөн байх ба хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13.000 төгрөгийн төлөлт хийсэн. Шүүхээс уг баримтыг харгалзалгүйгээр дүтнэсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдоно. Хариуцагч Ч.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үндсэн хүү төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацааг энэ өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар тооцох нь зүйтэй.         Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжилж буй мөнгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Гэтэл шүүхээс талуудын маргаагүй асуудал болох хөөн хэлэлцэх хугацааг хөндөн шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Ч.А-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 1.871.905,43 төгрөгийг Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь хариуцагч Ч.А-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 971.151 төгрөг, зээлийн хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 271500 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ч.А- нь “Г банк” ХХК-аас  3.500.000 төгрөгийг 21 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй  зээлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. / хх-6, 27 /

Зээлдүүлэгч “Г банк” ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч нь зээл, зээлийн хүүнд 3.859.009 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын     22-ны өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Гэвч шүүх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон буруу шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан байх боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.А- нь 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 2.528.848 төгрөг, хүүд 1.297.565 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32.591 төгрөг, нийт 3.859.009 төгрөгийг төлсөн гэх боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэх үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч “Г банк” ХХК хариуцагч Ч.А-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 971.151 төгрөг, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/01571 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.А-оос 1.871.905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээж” гэснийг “44 901 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 44 901 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                      Н.БАТЗОРИГ