Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010062 дугаартай хэргийг 2017 оны  11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Э, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Давс суманд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,  14 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар замд Тоёота Приүс 20 маркийн 17-95 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Гантулгыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Дүнжингаравын уулзвараар баруун эргэх гээд ногоон гэрлээр амжаад гарчихлаа гэж бодсон чинь шар гэрлээр гараад хохирогчийг мөргөсөн. Миний буруутай үйлдлээс Гантулга хохирсон. Гэм хорийн хохирлоо төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цаг 30 минутын орчимд 13-р хороолол орохоор өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 17-95 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ганцаараа, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун гар тийш нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 10 орчим км/цагийн хурдтай эргэтэл баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг автомашиныхаа баруун гар талын толь хэсгээр мөргөсөн. Тэр үед мөргүүлсэн хүн зам дээр унасан. Би сандраад буугаад иртэл автомашины хажуу талд нэг настай хүн зам дээр сууж байсан. Би явган зорчигчоос “юу болов, та зүгээр үү яав” гэж асуусан. Тэр үед явган зорчигч надад “эмээгийнх нь хөл эвгүй болчихлоо” гэж байсан. Би явган зорчигчийг автомашиндаа суулгасан. Тэр үед явган зорчигчийн зүүн хөл гэмтсэн байсан. Би өөрийнхөө 9906**** дугаартай гар утсаар түргэн тусламжийн 103, цагдаагийн 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх52-53/,

Хохирогч Г.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар замд би гэр рүүгээ харихаар явган хүний гарцаар 20 цаг 30 минутын орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал гэнэт нэг автомашин ирээд мөргөсөн байсан. Би тухайн үед автомашинд мөргүүлээд унахдаа гарцнаас 2-3 метр орчим зайтай унасан байсан. Жолооч залуу автомашинаасаа бууж ирээд та яав гэсэн. Та босоо гээд намайг өргөсөн. Би босож чадаагүй. Миний зүүн хөл гишгэж болохгүй байсан. Гэтэл хажуугаар явж байсан түргэний автомашиныг зогсоогоод миний биеийг үзээд надад зүрхний эм хэлэн доор тавьж өгсөн, мөн өвчин намдаах тариа хийсэн. Даралт үзээд өндөр байна гэж хэлээд эм өгчихөөд яваад өгсөн. Удалгүй ослын газар цагдаа нар ирсэн, би жолоочийн хамт хэргийн газар үзлэг хэмжилт хийлгэсэн. Тэгээд би жолоочийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр бичиж хөлийн зураг авахуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх22-23/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17/52031 тоот дүгнэлтэд: “..Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 17-95 УНЕ улсын дугаартай Тoyota маркийн Prius 20 загварын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Сүхбаатар овогтой Эрдэний эзэмшлийн Тoyota Prius 20 маркийн, цагаан өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 1795 УНЕ улсын, NHW203432791 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1350 цагаас 1425 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан, зүүн талын ойрын гэрэл асахгүй, баруун талын арыг харах толь хавтсаараа салсан зэрэг үзүүлэлтээр MNS4598:2011 стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэжээ. /хх42-44/,

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх8-13х/,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаанд:

“1. Тоёота Приус 20 маркийн 17-95 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Сүхбаатарын Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Гүррагчаагийн Гантулга /67 настай эмэгтэй/ -нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Магадлагааг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” гэжээ. /хх-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №11667 дугаартай дүгнэлт:

1. “Г.Гантулга-н биед зүүн шилбэ ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун бугалга, өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-26/,  

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-57, 58, 60х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч С.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар замд Тоёота Приүс 20 маркийн 17-95 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Гантулгыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Гантулга нь “ ..2.740.000 төгрөгийг өгсөн, цаашид гомдол саналгүй гэсэн хүсэлтийг /хх-73/ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч С.Эрдэнийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн  №640248 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор  шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. С.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын дотор төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирсэн №6402481 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эзэмшигч С.Э-д буцаан олгосугай.  

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР