Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2024/0141/З |
Дугаар | 126/ШШ2024/0136 |
Огноо | 2024-08-26 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 126/ШШ2024/0136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И***** намын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбар,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо,
Хариуцагчийн төлөөлөгч Э.У******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц****** нарын хоорондын 2024 оны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан тогтоолыг хууль бус болохыг тогтоож, И***** намыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонгуулийн хороонд даалгахтай холбоотой сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Э.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын И***** намын салбарын 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн В/04 дугаартай албан бичгээр Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонгуулийн хороонд хүсэлт гаргажээ.
2.2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын И***** намын салбараас оролцохоо илэрхийлэн ирүүлсэн баримт бичигт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4-д заасан баримт бичгийг өөр сумын буюу Баянзүрх сумын дүгнэлтийг ирүүлсэн, Мөрөн сумын дүгнэлтийг ирүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-д заасан намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар нь албажаагүй буюу тамга, тэмдэггүй...” гэсэн үндэслэлээр Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.3. Уг татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч И***** намын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И***** нам нь тус намын Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь салбараараа дамжуулан Хөвсгөл аймгийн сонгуулийн хороонд материал хүргүүлэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.3 дахь заалтын 27.3.1, 27.3.2, 27.3.4 гэсэн өөрт хамааралтай бүх шаардлагыг хангасан атал И***** намын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбарыг сонгуульд оролцуулахаас татгалзсан нь хуулийн үндэслэлгүй байна.Тухайлбал, Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны 03 тоот тогтоолд И***** намыг бүртгэхгүй байх үндэслэл болгосон зүйлс нь хуулийн үндэслэл гэхээсээ ялих шалихгүй шалтгаан байсан гэж үзэж байна. Нэгбүрчлэн дурдвал:
А. Мөрөн сумын мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтийн оронд Баянзүрх сумын дүгнэлт хавсаргасан тухайд үүнийг аймгийн сонгуулийн хороо нягтлан шалгаж, засуулах 5 хоногийн хугацаа байсан ч, хуулийн 5 хоногийг хүлээлгүйгээр, алдаа гарсан байна засч ирүүлнэ үү гэж сануулалгүйгээр шууд хасах далим болгосон. Аймгийн сонгуулийн хороон дээр олон хуудас материал өгөхдөө нэг хуудсыг хаяг андуурч өгсөн байсан. Гэвч нь энэ нь Мөрөн сумын И***** намын салбарын мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулаагүй гэсэн үг биш бөгөөд, хаяг солигдсоныг анзаарсан даруйд засч залруулж болох зүйл байсан юм. Мөрөн сумын И***** намын салбарын мөрийн хөтөлбөрт хийгдсэн аудитын дүгнэлтийг сольж өгч, андуурлыг арилгах хуулийн 5 хоногийн хугацаанд энэ эрхийг надад эдлүүлээгүй юм. Ийм хэмжээний андуурал гарахад засуулах эрх нь ч, үүрэг нь ч хуулиар сонгуулийн хороонд хадгалагдаж байна. Андуурлыг засуулахын оронд шууд намын олон гишүүдийн сонгогдох эрхийг хасах үндэслэл болгосон нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.1 дэх заалтыг зөрчиж байна.
Б. И***** Намын дүрмийн хуулбарыг албажаагүй, тамга тэмдэггүй гэж тооцсон нь үндэслэлгүй байна. И***** нам нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулах хурлаараа намын дүрмээ баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2 жилийн өмнө дүрмээ баталж байх үед намд тамга тэмдэг, улсын бүртгэлийн дугаар байгаагүй бөгөөд Улсын дээд шүүх дээр хадгалагдаж буй намын дүрмийн эх хувь нь ямарваа тамга тэмдэггүй билээ. Орон нутаг руу намаас дүрмийн хуулбарыг илгээхийн өмнө дүрмийн хуулбар дээр тамга тэмдэг тавьж баталгаажуулах ёстой эсэх талаар Улсын дээд шүүхийн тамгын газраас И***** намын нарийн бичгийн дарга Р.Отгончимэг биечлэн асууж лавлахад “Танай намын дүрэм дээд шүүх дээр тамгагүй байдаг. Хуулбар нь ч тиймээрээ байх ёстой” гэж хариулсан байдаг. Үүнээс үүдэн И***** намын дүрмийг аймаг, дүүрэг, нийслэлийн салбарууд руугаа намаас илгээхдээ тамга тэмдэггүй илгээсэн бөгөөд өдгөө Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнод, Төв зэрэг аймгууд хэд хэдэн дүүрэгт И***** намын сонгуульд оролцуулахаар бүртгэж аваад байна. Иймээс Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос тавьж байгаа тамга тэмдэг, албажуулах гэдэг шаардлага нь харин ч манай намын дүрмийг Улсын Дээд Шүүх дээр хадгалагдаж буй эхээс өөр болгох, хуулбар нь биш болгох тухай шаардпага юм. Түүнчлэн, Улс төрийн намын тухай хуулинд заасны дагуу И***** нам нь албан ёсны веб сайтаа тогтмол ажиллуулж, тус веб сайтад намын дүрэм журмаа нийтэд ил тод байлгаж байгаа. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн И***** намын дүрэм, журам нь намын албан ёсны веб сайтад хуудсанд нийтэлсэн, Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн бусад аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн дүрэмтэй яв цав нийцэж байгаа юм” гэжээ
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцохоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонгуулийн хороонд И***** нам шаардлагатай материалуудыг яг хугацаанд нь бүрэн гүйцэт гаргаж өгсөн. Тэгтэл манай И***** намыг бүртгэхээс татгалзсан. Хоёр асуудлыг гаргаж тавьсан. Эдгээр асуудлуудыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас И***** намыг сонгуульд оролцуулах асуудлыг татгалзсан шийдвэрээ буцааж хүчингүй болгож, И***** намыг 2024 оны орон нутгийн сонгуульд оролцохыг даалгаж өгөх шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шаардлагатай материалууд дээр тайлбар хийхэд нэгдүгээр асуудал дээр тамга тэмдэггүй байна гэж үзсэн. Манай нам улсын бүртгэл хийгдээгүй байсан учраас тамга тэмдэг байхгүй байсан. Тийм учраас Улсын дээд шүүхийн шүүгчдийн баталсан байдлаараа хадгалагдаж, энэ нь хүчин төгөлдөр гэж хэрэглэгддэг. Шаардлагатай бол Мөрөн сумын сонгуулийн хороо эдгээр баримт материалуудыг Улсын Дээд шүүх болон тавигдсан сайтаас нь татаж аваад харах боломжтой байсан.
Хоёрдугаар асуудал дээр тайлбар хэлэхэд И***** намын мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтийг Мөрөн сумынх биш Баянзүрх сумын аудитын дүгнэлт ирсэн байна гэсэн үндэслэлээр татгалзсан. Баянзүрх сумын аудитын дүгнэлт солигдон очсоныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бүртгэж авахад татгалзах үндэслэл болохгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл нэг хувь нь батлагдчихсан Мөрөн сумын сонгуулийн хороонд хүргэгдчихсэн байсан. Сум, аймгийн материалыг бид нар 2 хувь хэвлэж аваачиж өгсөн. Долоон ширхэг материал хүргүүлэх байсан. Солигдож очсон нь хугацаа нь буцаагаад шийдвэр гаргах сүүлийн хугацаа болоогүй байсан. Бид нар хугацаандаа өгчихсөн. Нэг хоногийн дараа буюу 13-ны өдөр шийдвэрээ шууд татгалзаж гаргасан. Бид нарт солиод байгаа баримт материалаа бүрдүүлэх хэлбэрээр залруулах боломжтой цаг хугацаа ч байсан, боломж ч байсан. Ямар ч тайлбар авахгүйгээр дүгнэлт нь гарчихсан гэдэг нь 100% шалтаг байна гэж харж байгаа. Дараа нь хурлаа дахин хуралдуулаач гэсэн мөн хүсэлтийг өгсөн. Яагаад гэвэл манай зуу зуун гишүүдийн маань, дэмжигчдийн маань Үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа. Та бүхэн хурлаа ахин хэлэлцүүлээд тогтоолоо дахин гаргаж өгөөч гэсэн. Сонгуулийн ерөнхий хороонд хандахад зөвлөмжийг өгсөн. Та нар хүсэлтээ дахиж гаргаад Мөрөн сумын сонгуулийн хороо чинь дахиж хуралдаад шийдвэр гаргах боломжтой юм байна гэсэн. Тийм учраас хүсэлтээ өгсөн. Тэгээд хүсэлтдээ хэлсэн, бичсэн, энд яригдаж байгаа зүйлүүдийг бүгдийг нь бичиж өгсөн. Тэгээд дахин татгалзсан шийдвэрийг гаргаж өгсөн байгаа. Ийм хариу өгөхдөө болбол 5 зүйл бичиж өгсөн байсан. Тэдгээр зүйл дээр өөрсдөө тайлбар хийвэл нь дараа нь би тайлбарыг нь би хэлж өгнө.” гэв.
Хоёр. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Э.У*******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Мөрөн сумын Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу материал ирүүлсэн намуудын материалыг хуульд заасны дагуу Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн анхдугаар хуралдаанаар хэлэлцэн хянаж, Мөрөн сумын И***** намын салбарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
А. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4 дахь заалтад “Сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт” гэж заасан дүгнэлтийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дүгнэлт бус Баянзүрх сумын дүгнэлтийг ирүүлсэн;
Б. Тус намын салбарын Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан бичгийн хэвлэмэл хуудас нь Мөрөн сумын И***** намын салбарынх бус аймгийн И***** намын танхимын албан хэвлэмэл хуудас дээр хүсэлтээ ирүүлсэн, мөн хүсэлтэд “...Мөрөн сумын И***** намын салбараас Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлэх атал...” Улаанбаатарын хотын Хан-Уул дүүргийн салбараас оролцохоо илэрхийлсэн;
В. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.7-д “Намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл” гэж заасан мэдээллээс бүтэц бүрэлдэхүүний цахим шуудангийн хаяг байхгүй;
Г. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-д “Намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар” гэж заасан атал улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар албажсан тэмдэглэгээ байхгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын И***** намын салбар байгуулах хурлын тогтоол гарын үсэг зурж, тамга дарж албажаагүй” гэжээ.
4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Э.У*******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичиг хэргийн хүнээсээ болж үг үсгийн алдаа гаргалаа. Та нар тэр дээр нь дөрөөллөө гэсэн асуудал ярьж байх шиг байна. Бид нар хууль хэрэгжүүлэх ёстой улсууд. Хууль дээр нэг үг, үсэг байтугай нэг цэг таслал алдахад бурууддаг. Тэгэхээр бид бүхэн яг хууль дээр юу гэж заасан байна түүнийг хэрэгжүүлж ажиллах нь зөв зүйтэй. Тухайн аймаг, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, болон холбогдох хууль тогтоомжийн дагаж мөрдөхөө илэрхийлсэн орон нутгийн хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ өгнө гэж байгаа юм. Яг ирүүлсэн хүсэлт нь эх хувиараа надад байна. Иргэний оролцооны нэгдэл намын Хан-Уул дүүргийн салбар нь аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны сонгуульд дангаараа оролцох нь зүйтэй гэсэн шийдвэрийг Хөвсгөл аймгийн Иргэдийн оролцооны намын танхимын 2024 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар гаргасан гэж байгаа юм. Тэгэхээр Хан-Уул дүүргийг сонгуульд оруулах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Иргэдийн оролцооны намын танхимаас гаргаж өгчхөөд байгаа. Мөрөн сум энэ сонгуульд оролцох гэж байна гэсэн хүсэлт бол харагдахгүй байна гэж үзэж байгаа юм. Мөрөн суманд нам байгуулагдчихсан салбар гэж явж байгаа бол тамга, тэмдэг нь тусдаа байх ёстой. Аймгийн намынхаа албан бланк дээр өгсөн хүсэлт, албан бичгүүд нь байгаа. Энэ болгоныг та бүхэн харж тунгаан шийдэх байх гэж бодож байна” гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумдын сонгуулийн хороог Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан. Уг тогтоолын 8 дугаар хавсралтаар Мөрөн сумын сонгуулийн хороо байгуулагдсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар сонгууль эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх баримт материалаа ирүүлнэ гэж заасны дагуу И***** намын салбар 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр холбогдох материалаа ирүүлсэн. Сонгуулийн хороо гэж дарга, нарийн бичиг хоёр шийдвэр гаргадаг байгууллага биш. Сонгуулийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ 7 хүн хамтын зарчмаар хуралдаанаараа хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргадаг. Мөрөн сумын сонгуулийн хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тухайн шатын сонгуулийн хороо сонгуульд оролцохоор ирүүлсэн нам, эвслийг бүртгэхдээ ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана гэсний дагуу холбогдох баримт бичгийг нягтлан шалгасан.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ гэж заасан. Үүнд хамгийн эхэнд тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн хүсэлт гэж байгаа. Тухайн хүсэлт дээр И***** намын танхим гэсэн албан бичиг дээр И***** намын Мөрөн сумын салбарын дарга гарын үсэг зурж хүсэлтээ ирүүлсэн. И***** намын танхим гэдэг бол аймгийн намын хороонд буюу аймагт оролцохоо илэрхийлдэг. Энэ аймгийнхаа намын албан тоот дээр хүсэлтээ ирүүлсэн. И***** намын Мөрөн сумын салбарын салбар гэсэн албан тоот дээр бус аймгийн намынхаа албан тоот дээр ирүүлсэн. Тухайн албан тоот дээрх агуулгыг унших юм бол Мөрөн сумын И***** намын салбараас Мөрөн сумын сонгуульд оролцохоо холбогдох хууль тогтоомжийг ингээд мөрдөж ажиллахаа илэрхийлж байна гэсэн хүсэлтийг гаргах байтал тухайн албан бичиг дээр Хан-Уул дүүргийн И***** намын салбараас гэсэн утга агуулгатай албан бичгийг ирүүлсэн. Хуульд заасны дагуу бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгахад хүсэлтээс эдгээр ийм зөрчлүүд гарсан. Бид бүхэнд ирүүлсэн албан бичиг буюу хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Хэргийн материалтай танилцах явцад Мөрөн сумын И***** намаас гэсэн байдлаар албан бичгээ сольж нотлох баримтад хавсаргасан байгаа. Энэ нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Манай ирүүлсэн албан бичиг дээр Хан-Уул дүүргийн И***** намаас гэж ирүүлсэн. Шүүхэд хавсарган ирүүлсэн нотлох баримт дундаа зассан байсан. Энэ архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, архив, албан хэрэг хөтлөлтөд хууль тогтоомжийг зөрчсөн хуурамч нотлох баримт өгсөн байж болзошгүй харагдаж байсан.
Бид бүхний татгалзсан үндэслэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4 дэх заалтад сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт гэсэн материалыг сая нэхэмжлэгч хэлсэн Мөрөн сумын дүгнэлтийг ирүүлэх ёстой байтал Баянзүрх сумын дүгнэлтийг ирүүлсэн. Сумын сонгуулийн хороонд төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтээ бид нар зөвхөн агуулгыг нь харьцуулж тулгаж харах чиг үүрэгтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.7-д намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээллийг ирүүлнэ гэж заасан. Бүтэц бүрэлдэхүүн буюу тухайн бүтэц бүрэлдэхүүн дээр заасан хүмүүсийн цахим шуудангийн хаягийг ирүүлээгүй байсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-д намын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар гэж заасан байтал тухайн хуулбар дээр нь ямар нэгэн тамга, тэмдэг байгаагүй. Зөвхөн хэвлэчихсэн цаасан материал байсан. Хөвсгөл аймгийн И***** намын дарга, Хөвсгөл аймгийн И***** намын танхимын дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын И***** намын салбарын дарга гэж тухайн албан тоотууд дээрээ 3 утга агуулга бичсэн байсан. Д.Б******* гэдэг хүн Иргэдийн оролцооны нэгдэг намын танхимын дарга юм уу, эсвэл салбарын дарга юм уу гэдэг нь тодорхой бус. Мөрөн сумын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж байгаа бол тухайн Мөрөн сумын салбарын дарга нь хүсэлтээ гаргах ёстой. Ийм дараах хуульд заасан үндэслэлээр татгалзсан байгаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ” гэж заасны дагуу сая дурдсан холбогдох баримт материал дутуу байсан учраас мөн хуулийн 27.4-д заасны дагуу шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана гэж заасны дагуу татгалзсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.5 дахь заалтад сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй гэж зааснаас заавал шаардаж авах гэсэн байдлаар зохицуулагдаагүй. Мөн Мөрөн сумын 47,000 иргэнийг төлөөлж тэдний эрх ашгийг хамгаалах, санал, хүсэл зоригийг илэрхийлэх нам нэр дэвшиж байгаа байтал тухайн оролцох хүсэлтээсээ авхуулаад ийм хандаж байгаа нь өөрөө бас хайхрамжгүй байна. Хуульд заасан 7,8 нэр төрлийн холбогдох баримт материалыг яг жин тан бүртгүүлээд ирсэн бол бид бүхэн хуульд заасны дагуу нягтлаад шаардлагаа хангаж байсан бол бүртгэх боломжтой байсан. Сонгуулийн тухай хууль тогтоомжоо хэрэгжүүлэх хүрээнд татгалзсан шийдвэрийг хуралдааныхаа хурлаар хэлэлцээд гаргасан. Хурлын тэмдэглэлээ эх хувийг нотлох баримтаар шүүхэд өгсөн байгаа гэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.4, 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.3, 27.4-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Мөрөн сумын И***** намын салбарыг оролцуулахаар бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, И***** намыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий И***** намын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР