Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

 

 

 

 

 2023         02         08                                         2023/ДШМ/06

 

   Ж.Эт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,

Хохирогч: А.Э,

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Эын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Эт холбогдох 2238003310653 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Жийн Э, .......... оны .... дугаар сарын ....-ний өдөр Х аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй.

Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06:00 цагийн орчимд Тоёота клугер загварын 00-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жинст хорооллын 504 тоот хашаанд байрлах монгол гэрийг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч А.Э, Э.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бэсүүд овогт Жийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Эт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эээс 213,000 (хоёр зуун арван гурван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Нармандахад, 2,760,920 (хоёр сая долоон зуун жаран мянга есөн зуун хорь) төгрөгийг гаргуулж хохирогч О.Янжинхоролд, 3,367,000 (гурван сая гурван зуун жаран долоон мянга) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Б, хохирогч А.Э нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Хохирогч А.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тодорхойлохдоо шүүгдэгч нь 59 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнссэн хэмээн дүгнэсэн байна. Шүүгдэгч Ж.Э нь гэм буруугаа зөвшөөрсөн нь үнэн ч хэрэг анх үйлдэгдсэний дараа энэхүү хэргийг будлиантуулах оролдлого хийсэн гэж хардах үндэслэлтэй юм. Уг хэрэг гарахад дуудлагаар ирсэн цагдаа болох Батсүх анх зөрчлийн хэрэг нээж нотлох баримт болон хэргийн газрын үзлэгийг зохих журмын дагуу үйлдээгүй, хэргийн газар 2 цагийн дараа ирсэн, ирээд биднийг хэл амаар доромжилсон, хэргийн газрын зургийг авч байсан боловч хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч Ж.Эийн согтуурлын зэргийг шалгахдаа хөндлөнгийн гэрч байлцуулаагүй нь уг хэргийг зөрчлийн хэрэг мэтээр дарж өнгөрөөх хүсэлтэй байсан гэсэн хардлагыг төрүүлдэг.Үүнд шүүгдэгч Ж.Эийн нөлөө орсон хэмээн хардаж байна.

... Шинжээчийн ...олон буруу дүгнэлт гаргаж ажилдаа хариуцлагагүй хандсан байдаг нь нэг л хэрэг дээр яагаад ийм олон давтагдаж байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл иргэн надад хардах эрх бий. Шүүгдэгч Ж.Э нь иргэн намайг хохиролгүй болгохын оронд танил талаа ашиглан, уг хэргээс хөнгөн мултрах гэсэндээ янз бүрээр хөөцөлдөж байсанд гомдолтой байна.

Уг хэргээс болж миний хүү одоо болтол хичээлдээ явахдаа цүнхээ хүнээр зөөлгөж, хүнд юм өргөж чадахгүй, толгой нь байнга өвдөж, нурууны өвдөлт намдахгүй байна. Миний хувьд удаан зогсож чадахгүй, нуруу өвдөх зовуурьтай болсон. Нуруу гэдэг бол хүний бүх мэдрэл цэг байдаг газар, цаашдаа энэ ослоос болж ямар үр дагавар гарч болохыг таамаглах аргагүй.

...Энэ хэргийн улмаас хүү бид хоёрт 11,500,000 төгрөгийн хохирол учирсан. Гэвч бүх баримтыг цуглуулах ёстой гэдгийг сайн мэдэхгүй, зарим бараа, үйлчилгээнд баримт өгдөггүй, мөн миний эрх зүйн мэдлэг дутмагаас хохирлын баримтыг бүрэн бүрдүүлж чадаагүй. Би дүүгийнхээ 2 азарга адууг маллах ажил хийдэг байсан бөгөөд сар бүр 1,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Миний төрсөн дүү учир ямар нэг хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, цалингаа заримдаа 2 сарыг бөөн авах тохиолдол байсан. Энэ хугацаанаас хойш буюу 7 сараас хойш би ямар ч орлогогүй болж хохирч байна. Би хүний 2 азарга адуу битгий хэл өөрийгөө арай ядан авч явж байгаа тул дүү маань өөр малчин авсан. Иймээс миний 7 сараас 1 сар хүртэлх олох ёстой байсан орлого болох 6 сарын орлогоо алдаж байна. Хэнээс ч гуйхгүй, өөрөө амьдралаа аваад явдаг байсан намайг тэр гайтай өдөр хохироосон ч намайг ямар ч хохиролгүй болгох ёстой байсан гэж үзэж байна. Хэн нэг согтуу жолоочийн уршгаар би цалин орлогогүй, хүү бид хоёр эмнэлгээр явсаар маш их хохирсон. Шүүгдэгч Ж.Эээс нийт 5,867,000 төгрөг авсан.

Шүүгдэгч Ж.Э надад учирсан хохирлоо баримтын хүрээнд биш миний тооцооллоор 11,500,000 төгрөгийг өгсөн бол, өгөхөөр тохиролцсон бол би ингэж гомдол гаргах шаардлагагүй байлаа. Одоо дахин эмнэлэг шинжилгээ, оношилгоо гээд би ажил хийх ямар ч боломжгүй эмнэлэг сахисан хүн болж хоцорлоо. Хохирогч Янжинхорлоо гуай ч ингэж явахаас залхаж, дундаас нь хаяж байна гэдгээ надад гэсэн. Харин миний хувьд хүүгийнхээ эрүүл мэндэд ямар нэг согог үлдээчих магадлалтай гэж санаа их зовж байгаа тул энэ хэргийг эцэс хүртэл явахаас өөр сонголт алга.

...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид хуулиар олгосон онцгой бүрэн эрх тул хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийх Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Хохирогчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хохирогч нарын хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоосон, цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул шүүгдэгч Ж.Эийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Эмчилгээний зардалд миний мөнгө хүрээгүй учраас би хүнээс мөнгө зээлж авсан. Түүнээс болоод өрөнд орчихоод явж байна. ...Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Хохирогчид учирсан хохирлын хэмжээтэй нийцэхгүй шийтгэлийг шүүх оногдуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2  дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06:00 цагийн орчимд Тоёота клугер загварын 00-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жинст хорооллын 504 тоот хашаанд байрлах монгол гэрийг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч А.Э, Э.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч А.Эын “...Ж.Э нь гэм буруугаа зөвшөөрсөн нь үнэн ч хэрэг анх үйлдэгдсэний дараа энэхүү хэргийг будлиантуулах оролдлого хийсэн, ...олон буруу дүгнэлт гаргуулсан, ...хохирлоо бүрэн төлөөгүй байхад хөнгөн ял оногдуулсан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

1.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ...зэргийг харгалзан  шүүгдэгчид  хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

2.Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий, хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй, хууль сануулсан эрх бүхий шинжээчид эмнэлгийн үзлэг, КТГ шинжилгээ, дүрс оношлогооны хариуг үндэслэн гаргасан байх ба дүгнэлт гаргахад нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

3.Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч нарын гаргаж өгсөн нотлох баримтыг нэг бүрчлэн шалган судалж үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирлыг Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд нийцүүлэн шийдвэрлэсэн, шүүгдэгч шийтгэх тогтоолд заасан мөнгөн дүнгээр хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн  байна.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ЭРДЭНЭБАТ

       ШҮҮГЧИД                                        Н.БАЯРХҮҮ

                                                                          Б.СОСОРБАРАМ