Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2024/00478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ************ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, гэрч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ********** сумын ******** тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* аймгийн ********** сумын ********** багт малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  ******* миний бие 1969 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, одоо 55 настай. Би 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ********** сумын 8 жилийн сургуулийг төгссөн. 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын Техник мэргэжлийн сургуулийг тракторч мэргэжлээр төгсөөд 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилласан. Мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******** аймгийн ****** сум дахь Хилийн цэргийн ******** ангид 2 жилийн цэргийн алба хааж ирээд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ********** сумын ********** багт мал малласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1991-1993 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдсэн баримтуудыг гээгдүүлсэн тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******** тэжээлийн аж ахуйд трактор барьж байсан. 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ********** сумын ********** багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-мөн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 339, 340 дугаар лавлагаанууд, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-мөн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 378 дугаар тодорхойлолт,

-******** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 дугаар лавлагаа,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2682 дугаар лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ******** нь 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********** сумын ********** тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ********** сумын ********** багт малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. ********* нь 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ээж ******** хамт ******** аймгийн ********** сумын ********** бригадад мал маллаж байсан болон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ********** сумын ******** компанид малчнаар ажиллаж байсан болох нь:

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаар “Тус аймгийн ********** сумын ******* нэгдлийн ******** бригадад малчин байсан *********-ын 1993 оны 01-12 сард 18,475 төгрөгийн цалинг” тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-мөн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 340 дугаар “Тус аймгийн ********** сумын ******* нэгдлийн ********** бригадад малчин байсан *********-н 1991 оны 09-12 сард авч байсан цалинг” тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-мөн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 339 дугаар “Тус аймгийн ********** сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд ****** багийн харьяат ...************ нь 1938 оны 07 сарын 08-нд төрсөн эмэгтэй, ********** 1969 оны 09 сарын 14-ний өдөр төрсөн, хүү нь” гэж бүртгэгдсэн лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-********* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 дугаар “********** сумын ******* компанин нь 1991, 1992, 1993 онуудад НДШ төлж байсан болно” гэх лавлагаа,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2682 дугаар “************** нь ********** аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, *********  ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “*********, ********* нарын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй хүсэлт гаргагч **********-н 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ээж ********-н хамт ******** аймгийн ********** сумын ********** бригадад мал маллаж байсныг болон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********** сумын ******** компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ********** сумын ********** тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Учир нь ******** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 378 дугаар тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад ********** тэжээлийн аж ахуйн баримт шилжиж ирээгүй тул *********-т холбогдох лавлагаа олгох боломжгүй болно” гэжээ.

Хэдийгээр гэрч ********** нь шүүх хуралдаанд “********** бид хоёр 1987 онд цуг Тэжээлийн аж ахуйд ажилд ороод 1988 онд ********* сумын цэргийн ангид хамт цэргийн алба хаасан. Тэгээд 1991 онд халагдаж ирээд ********** мал дээр гарсан. Би Тэжээлийн аж ахуйд ажилд орсон” гэж мэдүүлж байх боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт цугласан өөр нотлох баримтаар дэмжин нотлогдохгүй байх тул дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэж ажиллаж байсныг тогтоох боломжгүй юм.

Түүнчлэн хэрэгт **********-ын 1992 онд ажиллаж байсныг нотлох баримтыг ирүүлээгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***********-г 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ээж ********-н хамт ********* аймгийн ********** сумын ********** бригадад мал маллаж байсныг болон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ********** сумын ********* компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********** сумын ********** тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН