| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00237/И |
| Дугаар | 133/ШШ2024/00482 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2024/00482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************* оршин суух, *********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** оршин суух, ************,
Хариуцагч: ********* оршин суух ************* нарт холбогдох,
Үхрийн үнэ 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********, түүний өмгөөлөгч ********, гэрч ********, хариуцагч ******** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч ********-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтэй байх тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн үнэ 13,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие **********-д 16 тооны эм үхэр тохиролцож зарснаас 5 сая төгрөг аваагүй байхад 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед төрсөн ах болох ********-г над руу явуулж, манай хадам ах болох *********-с 1 ширхэг бух 1,000,000 төгрөг, хадам ээж ********-с 1 ширхэг үхэр 900,000 төгрөг, надаас 8 ширхэг эм үхэр нийт 10 тооны үхрийг ********* сумын иргэн **********-н хашаанд нядалж Улаанбаатар луу найз ********-тэй цуг ачаад явсан. Хэд хоногийн дараа мөнгийг өгнө гээд тохиролцоод явсан. Тэгээд одоо болтол мөнгөө өгөөгүй. 4 гуна, 2 бага үхэр, 2 том шар, 1 бух нийт 9 үхэр. 2 шар, 4 эм үхрийг нь 700,000 төгрөгөөр, 2 том шарыг 1,400,000 төгрөгөөр, бух нь 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. ******** 12 дугаар сарын 12-ны үеэр ирэхдээ айл амьтнаас их хэмжээний үхэр авсан. Тэгээд ******** руу яриад энэ үхрийг би өгч явуулж болох юм уу гэхэд дүү нь энд хэрэгт орчихлоо. Энд нэг Ланд 80 машин байна. Болбол та энэ машиныг үхрийн үнэндээ оролцуулаад авчих гэхэр нь би малаа зарж байгаа юм чинь машин авахгүй. Энд зараад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь би үхрээ авахын тулд угаасаа эндээс унаатай очих юм чинь унаад очъё. Тэгээд та сонирхоод үнэхээр таалагдах юм бол авчихвал сайн байна гэж намайг гуйсан. Тэгээд би үхрийг нь бөөгнүүлж өгчихөөд сумын төв дээр ******** үхрээ туугаад машиныг нь барих хүнгүй болохоор би машиныг унаж сумын төв дээр гаргаж өгсөн. Тэгээд би машиныг чинь авахгүй, үхрийнхээ мөнгийг л авна гэдгээ хэлээд буцаасан. Надаас 30 гаруй үхэр авч явсан. Тэндээс их талыг нь хуучин сумын төв дээр хонуулж байгаад алдаад 17 үхэр үлдсэн байсан. Тэр 17 үхрээ тэнд 2 хонуулаад дахиад шинэ сумын төв дээр гаргаж ирээд гайгүйг нь шилээд 9 үхэр алаад махыг нь машинд дайчихаад үлдсэнийг нь ачих машин олдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь ингэж мал тамлаж байхаар би буцаагаад ижилд нь тавья. Ингэж болохгүй гэхэд та буцаагаад тавьчих. Би сая төгрөг тэжээлд нь өгье. Та тэжээгээд онд оруулчих гээд 1 сая төгрөг надад өгсөн. Тэр 1 сая төгрөгийг бол би энэ мөнгөнд оролцуулахгүй гэж бодож байна. 2023 оны 10 дугаар сарын 18-нд ******** нь ********* аймагт надад 5 сая төгрөгийг хүүтэй бодож би өөрөөсөө өгнө гэж нотариатаар баталгаа хийж өгсөн. Үлдсэн 8 сая төгрөгөө яах юм бэ гэхэд ********-тай тооцоо хий. ******** Төв аймаг руу хүний морь уяхаар явсан. Би хариуцаж авсан 5 сая төгрөгөө нотариатаар батлуулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би батлуулсан мөнгөө авахаар 2024 оны 01 сард эхнэрийн хамт ирсэн. Тэгээд 1 сая төгрөгөөр нэг удаа, 500,000 төгрөгөөр нэг удаа мөнгө хийсэн байсан. Би 2, 3 удаа ирсэн болохоор ирсэн зардал, буудалд хоносон мөнгөө хасмааргүй байна гэдгээ ********-д хэлсэн. Гэхдээ энэ хоёр хүн тооцоогоо хийгээд дуусгачихвал 1,500,000 төгрөгийг нь хасаад 11,500,000 төгрөг нэхэмжилж байгаа юм гэв.
3. Хариуцагч ********ийн татгалзал: Миний бие ********** нь *********-д бэлнээр болон дансаар өгсөн мөнгөнүүдийн баримт: 1. Ах ******** 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үхэр авч байх явцдаа /2022 оны 12 сард/. 2. 2024.01.18 дансаар 1 сая төгрөгийг эхнэр *********-д өгсөн /*********/ Эхнэр ********-н данснаас. 3. Би өөрийнхөө данснаас дээрх данс руу 500,000 төгрөгийг өгсөн. 4. Эхнэр ********-д 3.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 5. 2022.12.10 *******-д 5 сая төгрөгийг дансаар өгсөн. 6. 2023.07.04 50,000 төгрөгийг эхнэр ********-д өгсөн. 7. 2023.10.09-нд 200,000 төгрөгийг *********-д өгсөн. 8. 2023.12.09-нд 2,200,000 төгрөгийг ********-д дансаар өгсөн. Иймд 13,450,000 төгрөгийг өгсөн тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хариуцагч ********-н татгалзал: ********, ******** хоёр л хоорондоо наймаа хийсэн. Наймаагаа хийхдээ яг юугаа яаж үнэлснийг нь би мэдэхгүй. Энэ Land 80 гэдэг машиныг хүргэж өгөөд үхэр аваад ир гэж намайг явуулсан. Тэгээд би ******** гэдэг хүнд тэр машиныг нь хүргэж өгөөд хэдэн үхэр туугаад хуучин сумын дээр хашаад тэгээд буцаагаад авчихсан шүү дээ. Наад ******** гэдэг хүн чинь Land 80 машинаа унаад явчихсан болохоор би сумын төв дээр унаагүй үлдсэн. Сүүлд нь хэдэн үхэр сумын төв дээр үлдсэн байна гэсэн сургаар очсон чинь 10 хэдэн үхэр үлдсэн байсан. Тэрийг нь шинэ сумын төв дээр туугаад аваад ирсэн чинь ******** зарим үхрийг нь буцааж өгч явуулсан. Тэндээс хэдэн үхэр ирснийг би одоо сайн санахгүй, мартчихсан байна. Би хэдэн үхэр нядлаад нааш нь ******** руу авч явсан. Би өөр наанаас чинь юм байхгүй. Би наад хүнтэй чинь гардаж, өөрөө уулзаж наймаа хийгээгүй. Би бол сайн мэдэхгүй байна. Би наад хүнд чинь ********-ийн аваачиж өг гэсэн тэжээл бүх юмыг нь өгөөд, машиныг нь бас аваачиж өгсөн. Тэгээд үхэр малыг нь гарсан. 9 үхрийг гаргаж **********-н автобусанд дайгаад би өөрөө наана чинь 10 хэдэн хоног мөсөнд суусан машинтайгаа ноцолдож байгаад наашаа эргэж ирсэн. Тэр үхэр нь хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй. Тэр мөнгөнөөс нь би 100 төгрөг ч аваагүй гэв.
5. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-2023.10.18-ны өдрийн таван тооны үхрийн үнэ өгөх баталгаа /хуулбар/,
-Facebook чатны хуулбар.
6. Хариуцагч ********-ийн иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:
-***********-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-***********-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
7. Хариуцагч ********-н иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт: Байхгүй.
8. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-гэрч ********, **********, *********, ***********, ******** нарыг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээр гэрчээр асуулгасан мэдүүлгүүд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.1. Нэхэмжлэгч ******** нь ********, ******** нарт холбогдуулан 2022 оны 12 сарын 5-ны өдөр худалдсан үхрийн үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны үед худалдсан үхрийн үнэ 8.000.000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үхрийн 11,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
3. Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1/ 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч ********-д 16 тооны сувай эм үхрийг 16,300,000 төгрөгөөр худалдаж, 11,300,000 төгрөгийг дансаар авч, 5,000,000 төгрөгийг төлөөгүй.
2/ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ********-тэй харилцан тохиролцож, 1 ширхэг бух 1,000,000 төгрөг /хадам ах *******-с/, 1 үхэр 900,000 төгрөг /хадам ээж ********-с/ 7 үхэр /********-с/ -ийг нийт 8,000,000 төгрөгт худалдан авахаар тохиролцож, үхрийг ********-н ах ********-т өгч явуулсан тул үхрийн үнийн үлдэгдэл 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг ********, ******** нараас гаргуулна гэж тодорхойлжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******** нь ********-с мөнгөө авахаар 2024 оны 01 сард ********** аймагт эхнэрийн хамт ирэхэд 1 сая төгрөгөөр нэг удаа, 500,000 төгрөгөөр нэг удаа мөнгө хийсэн байсныг хасч 11,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
4. Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “1. Ах ******** 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үхэр авч байх явцдаа /2022 оны 12 сард/. 2. 2024.01.18 дансаар 1 сая төгрөгийг эхнэр ********-д өгсөн /********/ Эхнэр ********-ийн данснаас. 3. Би өөрийнхөө данснаас дээрх данс руу 500,000 төгрөгийг өгсөн. 4. Эхнэр ********-д 3.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 5. 2022.12.10 ********-д 5 сая төгрөгийг дансаар өгсөн. 6. 2023.07.04 50,000 төгрөгийг эхнэр ********-д өгсөн. 7. 2023.10.09-нд 200,000 төгрөгийг ********-д өгсөн. 8. 2023.12.09-нд 2,200,000 төгрөгийг *******-д дансаар өгсөн. Иймд 13,450,000 төгрөгийг өгсөн тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж татгалзжээ.
5. Хариуцагч ******** нь “********, ******** хоёр л хоорондоо наймаа хийсэн. Наймаагаа хийхдээ яг юугаа яаж үнэлснийг нь би мэдэхгүй. Энэ Land 80 гэдэг машиныг хүргэж өгөөд үхэр аваад ир гэж намайг явуулсан. Тэндээс хэдэн үхэр ирснийг би одоо сайн санахгүй, мартчихсан байна. Би хэдэн үхэр нядлаад нааш нь ******** руу авч явсан. Би наад хүнтэй чинь гардаж, өөрөө уулзаж наймаа хийгээгүй. Би бол сайн мэдэхгүй” гэж татгалзжээ.
6. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад:
-2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ********, ******** нар 16 тооны сувай эм үхрийг 16,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ******** нь үхрийн үнээс 11,300,000 төгрөгийг дансаар өгч, 5,000,000 төгрөгийг төлөөгүй,
-2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9 тооны үхрийг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ********-н ах ******** нь ******* аймагт очиж, 9 тооны үхрийг гаргаж, махыг нь ********* аймаг руу ачиж явсан үйл баримт тогтоогдож байна.
7. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
8. Нэхэмжлэгч ********, хариуцагч ******** нар нь 2022 оны 12 сард үхэр худалдан авахаар тохиролцсон гэх энэхүү үйл баримттай хариуцагч ******** нь маргаагүй буюу хэдэн тооны үхрийг хэдэн төгрөгт тооцож авсан талаар маргаагүй.
Харин үхрийн үнэд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 13,450,000 төгрөгийг ********-д өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, банкны хуулгыг ирүүлсэн байна.
9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч ******** нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ********-д 16 тооны сувай эм үхрийг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9 тооны үхрийг *******-т хүлээлгэн өгсөн тул үхрийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
10. Харин үлдэгдэл төлбөрийн талаар зохигчид зөрүүтэй тайлбарлаж, маргаж байх тул хариуцагчийн тайлбарт дурдсан мөнгө өгсөн гэх хугацааг он цагийн дарааллаар шүүж үзэхэд:
**********-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:
2022.12.09-ний өдөр үхрийн үнэ 2,200,000 төгрөг /******** дансанд/
2022.12.10-ны өдөр үхрийн үнэ 5,000,000 төгрөг /******** дансанд/
2023.07.04-ны өдөр 50,000 төгрөг /******** дансанд/
2023.10.09-ний өдөр ******* 200,000 төгрөг /******** дансанд/
2024.01.16-ны өдөр 500,000 төгрөгийг /******** дансанд/
********-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:
2024.01.18-ны өдөр 1,000,000 төгрөгийг ********** /******** дансанд/ шилжүүлсэн,
Нийт 8950,000 төгрөгийг шилжүүлснээс анх үхэр авсан хугацаа буюу 2022.12-ны өдрийг дуустал 7,200,000 төгрөгийг, үүнээс хойш 1,250,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна.
Нотлох баримтуудаас үзэхэд ******** нь ******* аймгийн ******* сумд очиж ********* нараас 2022 оны 12 дугаар сарын 5-ны орчимд 16 тооны үхэр болон 2022 оны 12 дугаар сарын 10-ны орчимд 9 тооны үхэрийг хоёр удаа худалдан авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******** 4 гуна, 2 бага үхэр, 2 том шар, 1 бух нийт 9 үхэр авсан. 2 шар, 4 эм үхрийг нь 700,000 төгрөгөөр /6*700,000 төгрөг=2,800,000 төгрөг/, 2 том шарыг 1,400,000 төгрөгөөр 2*1,400,000=2,800,000 төгрөг/, бух нь 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, нийт 8,000,000 төгрөг, 16 тооны сувай эм үхрийн үнээс 5,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн, нийт 13,000,000 төгрөг өгөөгүй гэж тайлбарладаг.
Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Эхнэр ********-д 3,5 сая төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх боловч гэрч ******** нь шүүх хуралдаанд “Бэлнээр ямар ч мөнгө өгөөгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ********-с 50,000 төгрөгөөр, 250,000 төгрөгөөр гээд 2023 оны 07 дугаар сард шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед мөнгө төгрөгөө нэхээд ярихаар шилжүүлнэ гээд хэлээд яваад байсан. Тэр мөнгийг бол би нааш, цааш явсан унааны мөнгө төгрөг л гэж бодож байгаа. Яг үндсэн мөнгө төгрөгөөс хасах хүсэлгүй байгаа…” гэж мэдүүлдэг.
Маргааны зүйл нь *********-с шилжүүлж байсан мөнгө хоёр удаа авсан үхрүүдийн алины үнэ болох талаар маргажээ.
Мөн 2022.12.09-ний өдөр шилжүүлсэн 2,200,000 төгрөг, 2022.12.10-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь 16 үхрийн үнэд шилжүүлсэн мөнгө бөгөөд үүнээс гадна 5,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг, хариуцагч ******** шүүх хуралдаанд ********-н тооцоо байгаа гэж ярьж байсан, хэдэн төгрөг гэснийг санахгүй байна гэж тайлбарладгаас үзэхэд 2022 оны 12 сарын 09-10-ны өдрүүдэд шилжүүлсэн 7,200,000 төгрөгийг 16 үхрийн үлдэгдэл мөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн ******** бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн гэж хариуцагч ******** тайлбарладаг боловч хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...******** надаас 30 гаруй үхэр авч явсан. Тэндээс их талыг нь хуучин сумын төв дээр хонуулж байгаад алдаад зарим нь айлын хашааны өвсөн ороод 17 үхэр үлдсэн байсан. Тэр 17 үхрээ тэнд 2 хонуулаад дахиад шинэ сумын төв дээр гаргаж ирээд гайгүйг нь шилээд 9 үхэр алаад махыг нь машинд дайчихаад үлдсэнийг нь ачих машин олдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь ингэж мал тамлаж байхаар би буцаагаад ижилд нь тавья. Ингэж болохгүй гэхэд та буцаагаад тавьчих. Би сая төгрөг тэжээлд нь өгье. Та тэжээгээд онд оруулчих гээд 1 сая төгрөг надад өгсөн. Тэр 1 сая төгрөгийг бол би энэ мөнгөнд оролцуулахгүй гэж бодож байна...” гэж тайлбарладаг, дээрх мөнгийг үхрийн үнэд тооцож өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч ******** нь 2024.01.16-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөг, 2024.01.18-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг ******** төлсөн болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хасч, 11,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
11. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******** ********-с үхэр авахаар очсон гэх үйл баримтын хувьд хариуцагч ******** нь шүүх хуралдаанд “…Яг одоогийн байдлаар хэдэн үхэр байсныг нь санахгүй байна л даа. Үхэр авахын хувьд аваад гаргасан. 2 бүдүүн шар байсан. 1 бух байсныг бол санаж байна. Бага үхэр хэд байсныг мартчихсан байна. Бас яг хэдэн төгрөг болсныг санахгүй байна. ********-н авгайтай наад хүн чинь өөрөө холбогдоод байсан. Наадуул чинь л хоорондоо наймаа хийгээд байсан болохоос надад мэдэх зүйл байхгүй. ********-н үлдэгдэл тэдэн төгрөг хэлж л байсан байх. Тэрийг нь би санахгүй байна…” гэж тайлбарладаг,
Гэрч ******** “…******** 8 сая төгрөгийн үхэр авч явсан. Тэр 8 сая төгрөгөөс өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө аваагүй байгаа авч явсан. ********-н л тохиролцсон наймаа. ********-г өгөхөөр тохиролцоод би явах боломжгүй болчихлоо. Намайг төлөөлөөд манай ах ******** найзтайгаа очно гэсэн. Тэгээд ******** найзтайгаа 12 дугаар сард ирээд 9 тооны үхэр ****** сумын төв дээр нядлаад автобусаар ачаад ********-той тохиролцоод тооцоог нь хийнэ. Бид нар борлуулаад ямар ч байсан үхрийнхээ мөнгийг хийнэ гээд аваад явсан…” гэж мэдүүлдэг зэргээс дүгнэхэд ******** нь ********-тай үхэр худалдан авах талаар тохиролцоогүй, харин ********-н хүсэлтээр ********-с үхэр авч ******** аймгаас ******** аймаг руу үхрийн махыг ачиж ирэх үүрэгтэй байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй ба хариуцагч ********-н хувьд энэ үүргээ биелүүлж татгалзалаа нотлоогүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр хариуцагч ********-с үхрийн үнэ гаргуулах шаардлагаасаа татгалзаж, ********-с 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан 16 тооны үхрийн үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан 9 тооны үхрийн үнийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******** нь эхнэр ********-д өгсөн гэх мөнгөнөөс 250.000 төгрөгийг нэхэмжлэгч нь өмнөх үхрийн үнийн алдангид тооцно гэж тайлбарлаж байх ба ********* нь 2023 оны 10 сарын 18-ны өдөр гаргасан баталгаандаа үлдэгдэл 5000.000 төгрөгийг өгөх хугацаандаа төлөхгүй бол хоног дутамд 0.5 хувийн алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул алдангид тооцох үндэслэлтэй байна.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********-с үхрийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны орчим, 2022 оны 12 дугаар сарын 15-ны орчимд худалдсан үнийн үлдэгдэл нийт 11,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгож, нэхэмжлэлийн ********-н холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-с 11,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 198,950 төгрөгийг, улсын орлогоос 24,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********-д олгох нь зүйтэй байна.
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********-с үхрийн үнийн үлдэгдэл 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-с 11,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 198,950 төгрөгийг, улсын орлогоос 24,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН