Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/05101

 

 

 

 

 

2024 11 05 101/ШШ2024/05101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А******* А******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* П******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М /Ү№/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******, өмгөөлөгч Ц.М нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч А.А******* нь 2020 оны 01 сарын 08-ны өдөр "******* ******* ******* П******* ХХК-тай А10-Б-79 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Уг гэрээнд Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 245 айлын орон сууцны А блок барилгын 1-р орцны 10 давхрын баруун урд зүгт харсан цонхтой 79,1 метр квадрат талбайтай 3 өрөө, В айлын зохион байгуулалттай 59 тоот орон сууцыг барьж, орон сууцны түлхүүр гардуулан өгөх, А.А******* хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

******* ******* ******* П******* ХХК нь 1 мкв-ын үнийг 1,366,570 / нэг сая гурван зуу жаран зургаан мянга таван зуун дал/ төгрөгөөр тооцож, А.А******* гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцны төлбөрийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр 50% буюу 54,000,000 /тавин дөрвөн сая/ төгрөг, 2020 оны 05 сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөр 50% буюу 54,000,000 /тавин дөрвөн сая/ төгрөг, нийт 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийг ******* ******* ******* Проперти ХХК-ийн Хаан банкны дансанд хийж, гэрээнд заасан хугацаанд 100% бүрэн төлж барагдуулсан.

Бидний хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцыг 2021 оны 03 сарын 30-ны өдрийн дотор барилгыг барьж ашиглалтад оруулах комиссыг ажиллуулна гэсэн боловч 2024 оны 05 сарын байдлаар барилгын явц нь карказ угсралтын явцдаа буюу 8 давхарт явж байна. Энэ барилга 12 давхар баригдах байсан.

Компанийн холбогдох хүмүүсээс Барилгаа барих юм уу, хугацаандаа ашиглалтад оруулах юм уу гэж тодруулахад удахгүй оруулна гэдэг боловч одоог хүртэл уг байрыг ашиглалтанд оруулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т давагдашгүй хүчин зүйлд хамаарах нөхцлийг заасан, харин Ковидыг оруулна гэж үзэх боломжгүй юм. Түүнээс гадна гэрээний 3.1.2-т барилгыг 2021.03.30-ны өдрийн дотор ашиглалтад оруулах ёстой, өөрөөр хэлбэл үүрэг хүлээсэн, гэтэл уг үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй учир 2023.03.29-ний өдөр гэрээнээс татгалзах мэдэгдлийг хүргэсэн бөгөөд мэдэгдлийг авсан, аваагүй гэдэг маргааныг хариуцагчаас үүсгэхгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байхаас гадна Иргэний хуулийн 226-т ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон учраас нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй.

Иймд ******* ******* ******* П******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* п******* ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч А.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020.01.08-ны өдрийн №А10-Б-79 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдах үед Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал үүссэн байсан. Гэрээ байгуулагдснаас хойш давагдашгүй нөхцөл байдал бий болсон учраас гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэхүү нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлж чадаагүй нь үүргийн зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ковид-19 нөхцөл байдлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн сертификат, гэрчилгээг авсан байх гэж бодож байна, гэвч тэр гэрчилгээ нь энэ хэрэгт шаардлагагүй, нийтэд илэрхий баримт гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрэл зураг бол барилга 8 давхар баригдаж байх үеийнх байна, одоо бол 10 дугаар давхар баригдаж байгаа, мөн Ковидын нөхцөл байдлаас болж манай санхүүд үүссэн хүндрэл одоо арай гайгүй болж байгаа гэх мэдээллийг өгсөн.

Гэрээний дагуу эхний 54,000,000 төгрөгийг гэрээнд тусгаснаас өөр буюу манай нэг данс руу шилжүүлсэн, дараагийн 54,000,000 төгрөгийг, тухайн өдөрт нь шилжүүлсэн боловч 44,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг гэж шилжүүлсэн байсан.

Талуудын хооронд гэрээ байгуулагдаж байх үед барилга баригдаж эхэлсэн байсан эсэхийг мэдэхгүй байгаа, гэрээний агуулгаас үзэхэд гэрээнд ...давхар, ...тоот гэж зааснаас биш, дотор заслын хувьд дурдаагүй байгаа нь худалдах, худалдан авах гэрээ юу, ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байна.

Иймд гэрээний 4.3-т заасан давагдашгүй хүчин зүйлд Ковид хамаарах учир нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзэж байх тул 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.А*******гаас 2024.05.01-ний өдөр Л.Од, 2024.11.04-ний өдөр Ц.Х*******ад олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2020.01.08-ны өдрийн №А10-Б-79 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2020.01.08, 2020.06.03-ны өдрийн Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2024 оны 5 сарын байдлаарх барилгын явцын зургийн үзүүлэлт, А.А*******гийн 2024.03.29-ний өдрийн хүсэлт, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, өмгөөлөгч Ц.Мг оролцуулах хүсэлт /хх 1-15,28, 34-36, 46/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ******* ******* ******* п******* ХХК-иас 2024.05.27-ны өдөр Б.Дт, 2024.07.30-ны өдөр Ц.А, Б.Ц нарт, 2024.11.05-ны өдөр Ц.Ад олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх 19-21, 31-32, 44-45/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч ******* ******* ******* П******* ХХК-д холбогдуулан,

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т заасан давагдашгүй хүчин зүйлд Ковид хамаарах учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй тул 108,000,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч А.А*******, хариуцагч ******* ******* ******* П******* ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №А10-Б-79 тоот Орон сууц захиалгын гэрээ-ээр,

******* ******* ******* П******* ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 245 айлын орон сууцны А блок барилгын 1 орцны 10 давхрын баруун болон урд зүгт харсан цонхтой 79,03 мкв талбайтай, В айлын зохион байгуулалттай 59 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх,

Гэрээний 3.1.2-т орон сууцны барилгыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулах,

А.А******* нь 1 мкв-ын үнэ 1,366,570 төгрөг, нийт үнэ 108,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5-10/

 

5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг анхаарна гэж заасан байх ба талууд хэдийгээр гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэж нэрлэсэн боловч зохигчийн тайлбар, гэрээний агуулга, үгийн утга зэргээс үзэхэд дээрх гэрээ байгуулагдах үед орон сууцны барилга баригдаагүй байсан, энэ талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

5а. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 1-т орон сууцны төлбөрийн нөхцлийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр 50% буюу 54,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 20-ны өдөр 50% буюу 54,000,000 төгрөгийг ******* ******* ******* П******* ХХК-ийн тоот дансанд төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдсан дээрх дансанд 2020.05.20-ны өдөр 44,000,000 төгрөг, 2020.06.03-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн компанийн тоот дансанд 2020.01.08-ны өдөр 54,000,000 төгрөг, нийт 108,000,000 төгрөгийг төлсөн болох нэхэмжлэгчээс ирүүлсэн Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх 11-12, 28/

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь гэрээний 3.1.2-т заасан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, гэрээнд тусгасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд барилга баригдсан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байна.

 

8. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т заасан давагдашгүй хүчин зүйлд Ковид цар тахал хамаарч байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй, цар тахалтай холбоотой эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлттэй холбоотой барилгын ажил удаашралтай байгаа гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

9. Гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг тогтоолын хавсралтаар 11 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад бүх хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш удаа дараа Засгийн газрын тогтоолоор 11-12 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг зогсоож байсан.

 

Үүнээс хойш 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Дээрх үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.

 

9а. Монгол Улсын Засгийн газраас гаргасан удаа дараагийн тогтоолоор барилгын үйл ажиллагааг зогсоосноос орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, бараа материалын хомсдол үүссэн гэж хариуцагч тайлбарласан боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд бус харин дээрх хугацаанаас хожим буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрээнээс татгалзах саналыг хариуцагчид гаргажээ. /хх 15/

 

10 .Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын удаа дараагийн тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосноос хойших хугацаанд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах санал гаргасан, одоогийн байдлаар 12 давхар барилгын 10 дугаар давхар баригдаж байгаа, барилга бүрэн дуусгавар болоогүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж байгааг хариуцагчид мэдэгдэж, гэрээний үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гүйцэтгэгч буюу ******* ******* ******* П******* ХХК-д гаргасан болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ******* П******* ХХК нь гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс төлсөн 108,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

12. Иймд хариуцагч ******* ******* ******* П******* ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 108,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А*******д олгож шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* П******* ХХК- иас улсын тэмдэгтийн хураамжид 697,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* П******* ХХК-иас 108,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* П******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 697,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ