Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2024/00253

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д-д холбогдох 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг ...-р хороо ...-р байр ... тоотод оршин суух, Х овогт Ц-ийн М /РД:..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц овогтой М миний бие 2020 оны 6-р сарын 10-ны үед гэртээ байхад танил дүү болох Э.Д нь утсаар залгаж (...) "ахаа мөнгө байна уу, мөнгө байвал зээлээч, хоёр сая таван зуу мянга төгрөг хэрэгтэй байна, эсвэл идэшний бяруу авах хүн байна уу, нэг бяруу таван зуун мянга та авчихаач” гэж шалаад байсан учир би "идэшний бяруу хэрэггүй, охин бяруу бол сонирхож болж байна хойтон төллөх юм байна" гэхэд надад Д "би таньд таван охин бяруу өгөе, дараа жил таван охин шүдлэн үхэр болно тэгэхээр нь та 5 шүдлэн үхэрээ аваарай” гэж хэлээд эхнэрийнхээ дансийг явуулсан. Би маргааш өдөр нь мөнгийг нь эхнэрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа дахин мал авах хүн байна уу мөнгө хэрэгтэй байна гэсэн болохоор би ажлын газрын эгч Б-д хоёр бяруу, өөртөө нэг бяруу нэмж авахаар болж мөнгийг нь мөн л эхнэрийнх данс руу шилжүүлсэн. Ингээд 2021 оны хавар уулзаж малаа авъя гэж хэлтэл манай үхрүүд зэрлэг та тогтоож тэжээж чадахгүй намраас номхруулаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь мөн оныхоо 12 сард би залгаж малаа нэхтэл хариуцагч Сэлэнгэд ангийн даргынхаа үхрийг хариулж байна очихоороо зохицуулж өгье гэж хэлсэн. Тэгээд дараа жил буюу 2022 оны зун Д Замын-Үүдэд ирж ажлаа хийж байхаар нь Очиж уулзаж таван тугалтай үхрээ авъя гэхэд “өвөл мал тооллогын дараа өгье" гэж хэлсэн. Өвөл тооллогын дараа утасдахад утсаа хааж холбоогүй болсон. 2023 оны 6 сард Д дээр очиж уулзаж малаа авъя гэхэд энэ жил дүү нь олон малын өртэй байгаа өгч чадахгүй хэцүү байна гэхэд нь өрөвдөөд хариуцагчид туслах зорилгоор "чи надаас таван тугалтай үнээ аваад таван идэшний мал болгож өгч чадах уу?" гэж асуутал тэр чадна гэсэн тул би нэмж таван тугалтай үнээгээ өгсөн. Энэ үед миний дунд ахын бие муу байсан тул үлдсэн 25 тооны малаа нутгийн малчин Д.Нэргүйд үлдээгээд Улаанбаатар явсан. 2023 оны 08-р сарын 08-нд мал харж байсан Д.Н нь Архангай явж амарлаа чи эхнэрээрээ малаа харуулж байгаарай гэж утсаар ярьсан тул 2023 оны 08-р сарын 09-ний үдээс хойш эхнэр маань малаа хархаар Н-д очиход мал байхгүй болсон байсан. Манай мал бохир усны цооногийн гэх газраас холддоггүй ба 5хоног хайгаад олоогүй тул би өөрийн том ах М-ын хамт 2023 оны 8-р сарын 12-ний өдөр Улаанбаатараас Замын-Үүд рүү явсан энэ хооронд Д-ийн утас руу залгахад утас нь дуудаж байгаад холбогдохоо больсон. Ингээд 2023 оны 8-р сарын 15-ны өдөр хайж байж хилийн цэргийн торон дотроос олж авсан. Тэр орой нь Д над руу залгаж би таны үхэрнүүдийг хөөж аваачсан юмаа бяруунуудыг чинь хөнгөлсөн гэж хэлсэн. Би хэдийгээр хүний мал зөвшөөрөлгүй авч яваад, хайгаад байхад хэлэхгүй байсан Д-ийн үйлдлийг гайхаж байсан ч нэгэнт малаа олсон юм чинь гээд цагдаа сэргийлэх бололгүй чимээгүй орхисон. Тэр өвлөө буюу 2023 оны өвөл нэг ширхэг адууг идэшний зориулалтаар авъя надад өгөх ёстой 10 тооны тугалтай үнээнээс 1-ийг хасхаар тохиролцож адууг авсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл бидний хоорондын тооцоог дуусгахгүй байгаагаас би маш их хохирч байна. Хэрэв хариуцагч нь надад тухайн жилээ буюу 2021 онд 5 шүдлэн үнээг өгсөн бол би 3 жилийн дотор 15 толгой нас гүйцсэн үнээ, 10ширхэг бяруу, 15 ширхэг тугалтай байх байсан гэхдээ би 5 тугалтай үнээгээ л нэхэмжилж байна, харин 2023 онд өгсөн 5 ширхэг тугалтай үнээ минь одоо 5 ширхэг бяруу, 5 ширхэг тугалтай байх ёстой. Би хариуцагч ийм тооцоо гарч байгаа болохоор мөнгөөр нь төл гэж шаардаж 2023 оны 6-р сарын 28-нд 9 тугалтай үнээний үнэ болох 13 сая 500 мянган төгрөгийг удахгүй зээл аваад өгье гэж тохиролцоод салсан. Гэтэл түүнээс хойш холбогдохгүй, утсаа авахаа больсон. Иймд миний бие хариуцагчаас өөрийн авах ёстой 9 тооны тугалтай үнээг нэг бүрийг нь 1,500,000 төгрөгөөр, 5 ширхэг бярууг нэг бүрийг нь 800,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сум ... баг ... байр ... тоотод оршин суух, Б овогт Э-ийн Д /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э овогтой Д нь Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлага 17,500,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 01-нд 4,500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 01-нд 4,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлага 17,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгөөс татгалзсан бид хоорондоо эвлэрсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогт У-ийн Э /РД:..., утас:.../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч би У.Э нь нэхэмжлэлийн шаардлага 17,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгөөс татгалзаж, 13,500,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 01-нд 4,500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 01-нд 4,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь Э.Д-д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э нь нэхэмжлэлийн шаардлага  17,500,000 төгрөгийн 4,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч  Э.Д нь нэхэмжлэлийн шаардлага  13,500,000  төгрөгийг 2024 оны 12 сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 01-нд 4,500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 01-нд 4,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь  хуульд  харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч  Ц.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д-д холбогдох 17,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч  Э.Д нь нэхэмжлэлийн шаардлага 13,500,000  төгрөгийг 2024 оны 12 сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 01-нд 4,500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 01-нд 4,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 245,450 төгрөгийн 50 хувь болох 122,725 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Д-ээс 13,500,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 225,450 төгрөгийн 50 хувь болох 112,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Д нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б