| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2020/0140/и |
| Дугаар | 1832 |
| Огноо | 2020-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 1832
“БИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01767 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “БИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э-, С.Т- нарт холбогдох
Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг 300.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагч С.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч М.Э-ын өмгөөлөгч Д.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “БИ” ХХК-ийг төлөөлж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр М.Э-, С.Т- нартай хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд тохиролцсоны дагуу “БИ” ХХК нь “Хуланконтент” ХХК-ийн 70 хувийн хувьцааг М.Э-т 34 хувь, С.Тэмүүжинд 36 хувийг шилжүүлж, тухайн этгээдүүд хувьцааны үнийн дүнд 300.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөх, үлдэх 150.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр компанийн удирдлагыг иргэн С.Тэмүүжинд бүрэн шилжүүлсэн. Худалдан авагч тал гэрээний зүйлийн үнийн дүнд тооцогдохоор тодорхойлсон гэрээний 3.2.2-т заагдсан программын ажлыг гүйцэтгэж, тохиролцсоны дагуу 150.000.000 төгрөгийг төлбөрт тооцсон. Харин мөнгөн хэлбэрээр төлөх 300.000.000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч С.Тэмүүжин, М.Э- нараас 300.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Т- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т- би өөрийн найз М.Э-ын үүсгэн байгуулсан “Хуланконтент” ХХК-д өөрийн 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсон ба би компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа “Монголмасс медиа” ХХК нь “Хуланконтент” ХХК-ийн 33 хувийн хувьцааг худалдан авч, гүйцэтгэх захирлаар А.Амундра, нягтлангаар Тамир нарыг томилсон. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өнгөрсөн хугацаанд дахь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийг хөрөнгө оруулалтад тооцож, “Монголмасс медиа” ХХК-ийн толгой компани болох “БИ” ХХК-нд С.Тэмүүжин, М.Э- нарын 18,5 хувийн хувьцааг шилжүүлж, “Хулан контент” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Нэгэнт компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж, компанийн гол шийдвэрийг гаргаж, хамтын зарчмаар ажиллаж, компанид хөрөнгө оруулалт хийж, бизнесийн эрсдлээ буцаан төлүүлэх зорилгоор бага хувьцаа эзэмшигчийн хувьцааг худалдан авах нэрийдлээр өр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “БИ” ХХК-ийн оруулсан хөрөнгийг тухайн үедээ үйл ажиллагаандаа зарцуулаад дууссан бөгөөд үүнийг биднээс буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь хууль бус байна. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” гэх баримтыг “БИ” ХХК-ийг төлөөлж А.Амундра хийсэн байгаа боловч түүнд “БИ” ХХК-ийг төлөөлөн энэхүү гэрээг хийх эрхийг олгосон баримт хэрэгт байхгүй. Тухайн хувьцаа худалдах, худалдан авах агуулга бүхий гэрээ нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.9, 16 дугаар зүйлийн 16.2.2-т заасныг зөрчиж, тус хуульд заасан журмын дагуу хувьцааг худалдаж, худалдан аваагүй. Компанийн дүрэмд нэг ширхэг хувьцаа 10.000 төгрөгийн үнэтэй байхад ямар тооцооллоор 450.000.000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн болох нь ойлгомжгүй. Мөн өнөөдрийг хүртэл хугацаанд “БИ” ХХК-аас “Хуланконтент” ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлээгүй байгаа. Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8-д заасныг баримтлан хариуцагч С.Тэмүүжин, М.Э- нарт холбогдох “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг 300.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “БИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “БИ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Хан-Уул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичгээр байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйл буюу гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр хэрэгжүүлсэн. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байгаа болно. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйл, 196.1.1, 196.1.2-т зохицуулсан бөгөөд С.Тэмүүжин. М.Э- нарын хувьд компанийн гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авсан, “Хуланконтент” ХХК-ийн хөрөнгө буюу дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг шилжүүлэн хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нотлогддог. Шүүх хэргийн үйл баримт буюу хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр “БИ” ХХК нь өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг нийт 450.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсоныг дүгнэсэн боловч энэхүү гэрээний төлөгдсөн төлбөр буюу 150.000.000 төгрөг төлөгдөж ногдох ажлыг хийж гүйцэтгэсэн асуудлыг огт дүгнэсэнгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд хариуцагч нь тал нь гэрээнд заагдсан төлбөрийн зохих хэсэгтэй ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. “БИ” ХХК болон “Монголмасс медиа” ХХК нь хамаарал бүхий компаниуд бөгөөд хариуцагч С.Тэмүүжин, М.Э- нарын хүсэлтийн дагуу тус компанид нь 450.000.000 орчим төгрөгийн техник технологи, програм хангамж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд үүнийг хариуцагч тал нь хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүхнийг анхааралгүй, хэрэгт бодит дүгнэлт хийлгүй хийсвэр хандаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч “БИ” ХХК нь хариуцагч С.Тэмүүжин, М.Э- нарт холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг 300.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч М.Э- нь “Хуланконтент” ХХК-ийг 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулж, нэг бүр нь 1.000 төгрөгөөр үнэлэгдэх 100 ширхэг хувьцаатай, компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшихээр дүрэмдээ тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр С.Тэмүүжинд нэг ширхэг нь 10.000 төгрөгийн үнэ бүхий 49 ширхэг хувьцааг худалдаж, хоёр гишүүнтэй улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хуланконтент” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 64, 65, 167, 168, 181-185/
Хэрэгт авагдсан авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдээр “Хуланконтент” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч С.Т- 16 хувь, 51 хувийг эзэмшигч М.Э- 17 хувь , нийт 33 хувь эзэмших хувьцааг “Монголмасс медиа” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
“Монголмасс медиа” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмших хувьцааны 33 хувийг “БИ” ХХК-д худалдаж, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр С.Т- өөрийн эзэмшлийн хувьцааны 18 хувийг, М.Э- өөрийн эзэмшлийн хувьцаанаас 19 хувийг тус тус “БИ” ХХК-д шилжүүлснээр тус компани нь “Хуланконтент” ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.
Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-гээр “БИ” ХХК нь “Хуланконтент” ХХК-ийн 70 хувийг хувьцааг 450.000.000 төгрөгөөр С.Тэмүүжин, М.Э- нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нар гэрээний үнийн 150.000.000 төгрөгт ногдох хэмжээнд ажил гүйцэтгэх, үлдэх 300.000.000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаанд “БИ” ХХК-д төлөх, мөн өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө шилжүүлэх, гэрээний хугацаа, бусад харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь “хариуцагч нарын хүсэлтээр тус компанид 450.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэж, хариуцагч нар “450.000.000 төгрөг нь хөрөнгө оруулалт байсан” гэж тус тус тайлбарлаж байна.
Компанид оруулсан хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Компаний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд компани алдагдалтай ажилласан тохиолдолд нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх юм.
Зохигчдын тайлбараас үзвэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээнд заасан мөнгөн төлбөрийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалт гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгч нь компанид оруулсан хөрөнгийг буцаан шаардах агуулгаар нэхэмжлэлийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл талууд бодитоор хувьцаа худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэнэ.
Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа худалдах, худалдан авах зурам зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Учир нь зохигчийн хэн аль нь хуулиар тогтоосон журам зөрчсөн нь хэлцэлд нөлөөлөх талаар маргаагүй байна. Компаний тухай хуулийн холбогдох заалтууд шаардах эрхийг тодорхойлохгүй юм. Нэхэмжлэлийн агуулгын хувьд хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн тул зүйлчлэлд өөрчлөлт оруулах нь шийдэлд нөлөөлөх ач холбогдолгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01767 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Н.БАТЗОРИГ