| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0875/Э |
| Дугаар | 818 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Д.Э өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0266 80296 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Э, 1974 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 10, 4 хүүхэд, ач, 2 бэрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол 25/а байрны 5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 хорооллын 25/А байрны орцонд иргэн Б.Энхбаатартай маргалдсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Б.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Эрдэнэбэлэг гэртээ орох гээд хаалга онгойлгох үед би араас нь очтол Эрдэнэбэлэг эргэж хараад миний нүүрэнд гараараа 3 удаа цохьсон. Би цохиулаад ухаан алдсан ба нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-8/,
Яллагдагч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тэгээд Энхбаатар шат руу гарахдаа над руу салаавч гаргахаар нь би зөрүүлээд салаавч гаргасан. Тэгэхэд Энхбаатар буцаж бууж ирээд миний зүүн шанаанд гараараа цохьсон. Би цохиулаад газар унасан ба босож ирээд би гараараа 2 удаа цохьсон. Эхлээд нүдэнд нь дараа нь чихэнд нь цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх14-15/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13101 дугаартай дүгнэлт:
1. Б.Энхбаатарын биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, этмойд хөндий дэх шингэн хугаралдалт, хугарал засах мэс заслын дараах байдал, зовхинд шарх бүхий гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-21/,
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 хорооллын 25/А байрны орцонд иргэн Б.Энхбаатартай маргалдсаны улмаас зодож биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Энхбаатар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Э-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-т оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР