Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

Б.*******т холбогдох

 хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Н.*******

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******т холбогдох 2223000340086 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Завхан аймгийн  ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын Товцог баг, Ажилчдын хэсгийн ******* тоотод оршин суудаг, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн ******* сумын нутаг гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч С.гийн үхэр сүргээс хар зүсмийн монголын хязаалан эр үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн яллагдагч Б.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 24 ширхэг шуудай 813 килограмм нойтон арцыг 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газраас түүж бэлтгэн “Land Kruizer” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж,

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож,

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 4 жил 5 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

8. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******т энэ тогтоолоор оногдуулсан хорих ял болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж,

9. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

10. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 3 хоногийг хорих ялын эдлэх хугацаанд оруулан тооцож,

11. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтийг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хэрэгжүүлж,

12. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ланд круйзер-80 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөгийг, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан vizard маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 24 шуудай 813 килограмм нойтон арцыг тус тус улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

13. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 4-т зааснаар Б.*******ын ургамлын аймагт учруулсан 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 410,158,500 /дөрвөн зуун арван сая нэг зуун тавин найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж уур амьсгалын санд оруулж,

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******аас үхрийн үнэ 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.д олгож,

15. Шүүгдэгч Б.*******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хайч 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлын агуулга:  

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч овогтой ******* миний бие (шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1363) Б.*******тай  ЭХХШТ хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу түүний өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 тоот шийтгэл тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ёстой байтал гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоохдоо тухайн /ургамлын/ чиглэлийн шинжлэх ухааны тусгай мэдлэг эзэмшээгүй, эдийн засагч мэргэжилтэй хүнийг шинжээчээр томилсон нь гэмт хэргээс учирсан хохирлын бодит байдал эргэлзээтэй гарсан тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 тоот шийтгэл тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн ******* сумын нутаг гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч С.гийн үхэр сүргээс хар зүсмийн Монголын хязаалан эр үхрийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 1400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 10 дугаар 21-нээс 24-ний хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох 813 кг нойтон арцыг түүж бэлтгэн” Land Kruizer” маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 82.031.700 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч С.гийн “...2020 оны 11 дүгээр сард манай үхэр ******* сумын Олонтүрүү багийн гэх газар намаржиж ийн худгаас усалдаг байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд манай үхэр сүргээс нэг тооны хязаалан насны хар зүсмийн эвэртэй монголын эр үхэр хулгайд алдагдсан байсан. Тэгээд нутгийн иргэд болон ойр орчим намаржиж байсан айл өрхөөс сураг тавиад сураг гараагүй юм. Содон шинж тэмдэг нь сүүлийг тэгшлээд тайрсан сайн ажиглавал хондлоон дээрээ цэнхэр өнгийн будгаар тэмдэглэж байсан цэнхэр будаг бий...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.гийн “...Тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын эхээр үхрээ усалж байхдаа тоолоход бүрэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа худаг эвдрээд манайх шөнө үхрээ усалсан. Тэр үед үхрээ тоолж үзэхэд хязаалан насны хар эр үхэр алга болсон байсан. Тухай алга болсон үхэр нь зүүн талын  ташаан дээрээ цэнхэр будагтай, имгүй байсан байхаа, ямар ч байсан сүүлийг нь тайраад тэгшилсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т., Г. уул нарын ”...С. нь 2020 оны өвөл 11 сард 1 тооны хязаалан насны эвэртэй эр хар үхрээ хулгайд алдсан гээд хайгаад сураглаад олохгүй байгаа юм ...гэсэн  мэдээллийг агуулсан  мэдүүлэг,

Гэрч Р.гийн “...2022 оны өвөл 11 сарын эхээр санагдаж байна хуваа хочтой Б.******* эхнэрийнхээ хамт наймаа хийж яваад машин нь эвдэрсэн гээд манайд 1-2 хоносон санагдаж байна. Ингэж явахдаа хэдний өдрийг сайн санахгүй байна нэг орой нэлээн харанхуй болсон ойролцоогоор 22-23 цагийн алдад унтах гээд хэвтэж байтал Б.******* гаднаас эхнэртэйгээ орж ирээд нэг үхэр ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би босоод гартал Б.******* манай хажуу айл руу ороод г бас гуйгаад тэгээд бид дөрөв Б.*******ын машинд суугаад манайхаас ойролцоогоор 7-8 км орчим яваад “” гэх газар очсон.  Б.******* 1 эр үхрийн хоёр хөлийг нь тушсан байдалтай байсан. Тэгээд тухайн үхрийг , ******* бид гурав *******ын машинд ачаад *******, бид хоёрыг буцаагаад гэрт хүргэж өгчхөөд тэр шөнөдөө аймаг явсан. Би тухайн үед ямар учиртай үхэр гэдгийг мэдээгүй дараа нь сонсоод байсан чинь сумын иргэн С.гийн үхэр “” гэх газраар бэлчээрлэдэг байсан юм. Тухайн үхэр нь хязаалан насны хар зүсмийн эвэртэй эр үхэр байсан. Им тамгыг нь ажиглаагүй.Б.******* нь тухайн үед маркийг нь мэдэхгүй хар өнгийн жийп гэж хэлмээр тээврийн хэрэгсэлтэй явж байсан улсын дугаарыг нь санахгүй байна.   Би тухайн үед ямар учиртай мал ачиж байгаа талаар асуугаагүй өөрийнхөө малыг ачиж байгаа юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Н-ийн “...2020 оны 11 сарын эхээр санагдаж байна...Явахынхаа орой манайд орж ирээд нэг үхэр ачиж явах гэсэн юм та ачилцаад өгөөч надад Р. ах та хоёроос өөр ачаад өгчих хүн алга гээд гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадаагүй хамт явсан...Р. бид хоёрыг машиндаа суулгаад малын бэлчээр дээр очсон. Б.******* бид гурав хамжаад *******ын машинд ачсан. ******* бид хоёрыг гэрт хүргэж өгчхөөд шууд аймаг явсан. Тухайн үхрийг *******, сумдын хил залгаа нутаг гэх газраас бэлчээрээс нь ачсан. Б.*******, эхнэртэйгээ, Р. бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Хар өнгийн жийптэй явж байсан марк, улсын дугаарыг нь санахгүй байна. Би энэ хэрэгт *******ыг сэжиглэж байна. Тухайн үед ямар учиртай үхэр гэдгийг мэдээгүй... гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...Миний хувийн зүгээс бол ямар нэгэн гомдол, санал байхгүй. Харин би энэ хэрэгт сумынхаа засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаагийн хувьд зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал түүж бэлтгэн сумын байгаль экологид хохирол учруулсан байх тул хохирлыг хуульд заасны дагуу мөнгөн төгрөгөөр тооцож төлүүлэхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ийн “...Миний нөхөр нэг хэсэг хүмүүстэй хамт явж байгаад хулгайн хэрэгт холбогдоод шалгуулж байсан тул мөнгө хэрэг болсон юм. Тэгтэл миний нөхөр ******* “хоёулаа явж мөнгө олно” гэсэн Тэгээд нөхөр Б.*******ын хамт 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр аймгийн төвөөс гараад сумын гэдэг газарт очсон. Миний нөхөр ******* өдөрт уул руу өгсөж уулнаас арц түүхэд нийт 24 шуудай арц болсон юм. Түүнийгээ ахын эзэмшлийн Ланд-80 маркийн машинд ачиж аваад 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ******* сум орох гээд сумын урд талд явж байтал сумын цагдаа, байгаль хамгаалагч нартай тааралдсан. Тэгээд бид нарыг арц түүснийг сумын төв оруулж ирээд аймгийн цагдаа руугаа мэдэгдээд шалгасан юм.” Гэх мэдүүлэг,

Гэрч Н.ын “...2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр аа гэдэг найзтайгаа хамт айлд очих гээд мотоциклтой явж байтал сумын урд талд замд мотоцикл эвдэрсэн тул буцаж сэлбэг олж ирэх гэд зам тосож байтал нэг Ланд-80 ирэхээр нь гар өргөж зогсоогоод “аймаг руу дайгаад аваад яваач “ гэж гуйж байгаад машинд нь суугаад явж байтал цагдаа зогсоож шалгаад арц ачсан байна гээд сум руу авч явсан юм. Зам тосож байгаад *******ын машинд орж суух үед машин дотроо болон дээрээ шуудайтай  юм ачсан байсан.  Тэгтэл цагдаа зогсоож шалгаад арц ачсан байна гээд саатуулсан юм...”гэх мэдүүлэг,

Гэрч Б.-ы “...2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр найз гийн хамт суманд айлд очих гээд мотоциклтой явж байтал сумын урд талд замд мотоцикл эвдэрсэн. Тэгээд янзлах гэхээр багаж , сэлбэг байхгүй тул буцаж аймаг орж ирэх гээд зам тосоод зогсож байтал нэг Ланд 80 ирэхээр нь гар өргөж зогсоогоод аймаг руу дайгаад аваад яваач гэж гуйхад дотор зай бага байгаа шүү гээд бид хоёрыг суулгасан. Тэгээд аймаг руу явж байтал замд цагдаа зогсоож шалгаад арц ачсан байна гээд сум руу явсан юм...гэсэн мэдүүлэг,

Гэрч Н., Г.*******, Л. нарын мэдүүлэг, Завхан аймгийн , Э.ын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 13 дугаартай “...4.Тухайн   хураагдсан 24 ширхэг шуудай 813 кг нойтон арцны экологи*эдийн засгийн үнэлгээ нь 1 кг -100.900 төгрөг, 813 кг нийт 82031.700 төгрөг... гэх дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

2. Эрх зүйн дүгнэлт болон Давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4,  24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүх шүүгдэгч Б.*******ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан  Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон, мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 4 жил 5 сар 3 хоног гэж ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байна.

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ёстой байтал гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоохдоо тухайн /ургамлын / чиглэлийн шинжлэх ухааны тусгай мэдлэг эзэмшээгүй, эдийн засагч мэргэжилтэй хүнийг шинжээчээр томилсон нь гэмт хэргээс учирсан хохирлыг бодит байдал эргэлзээтэй гарсан тул ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах гомдлоо ... тухайн хэрэгт байгаль орчны талаар тусгай мэдлэггүй, эдийн засагч мэргэжилтэй хүн дүгнэлт гаргасан нь  эргэлзээтэй, мөн энэ хэргийн хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг багасгах боломжтой гэсэн агуулгатайгаар тайлбарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн Шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын  дагуу шинжээч томилсон байна. Тухайн хэрэгт хуульд зааснаар томилогдсон шинжээч болон түүний дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Шинжээчийн дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйл нь хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж, хохирлын хэмжээг багасгах талаарх зохицуулалт бөгөөд энэ хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514. 2 дахь хэсэг нь санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзах зохицуулалт байх ба  шүүгдэгч Б.******* нь санаатай гэмт хэрэг үйлдсэн тул энэ хуулийн зүйл хэсгээр хохирлын хэмжээг шүүх багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ