Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 126/ШШ2015/0028

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Х *********  аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т*******ын нэхэмжлэлтэй,

Х *********  аймгийн Аудитын газрын дарга Г.О*******, ахлах аудитор Л.Э********* нарт холбогдох "Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн акт зэргийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*********, В.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*********, хариуцагч Л.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Х *********  аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т*******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Аймгийн ИТХ-ын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 3 дугаар заалтад 50.0 сая төгрөгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын санхүүжилтээр санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга А.Э*********т зөвшөөрсөн ба Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд 35690,0 мянган төгрөг санхүүжилтээр орж ирсэн. Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйл, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам-ын 7.1 заалтад заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэрээр тооцож нягтлан бодох бүртгэлд

ДТ. Нэмэлт санхүүжилтийн харилцах /31020108/

КТ. Санхүүжилтийн орлого буюу дээд шатны төсөв захирагчаас доод шатны төсвийн захирагчид шилжүүлсэн хөрөнгө /1303011404/ гэсэн бичилт хийсэн.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас ирсэн дээрх мөнгө нь орон нутгийн төсвийн мөнгө биш, өөр сайдын багцаас буюу өөр эх үүсвэрээс ирсэн тул ЗДТГ-ын нэмэлт зарцуулалтын дансандаа хүлээн авч нэмэлт зарцуулалтын эрх нээлгэн зарцуулсан. Засаг даргын нөөц хөрөнгийн дансанд нэмэлт санхүүжилтийн данс байхгүй.

1. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас орж ирсэн мөнгөнөөс 31690,0 мянган төгрөгийг тооцооны дансаар дамжуулан үр дүнд тусгахгүй байхаар залруулга хийх боломжгүй байна. Учир нь энэ мөнгө нь манайд санхүүжилтийн орлогоор шилжиж орж ирсэн мөнгө тул УСНББОУС-д нийцүүлэн орлогоор хүлээн зөвшөөрч үр дүнд тусгахаас өөр арга байхгүй. Санхүүжилтийг тооцооны дансаар дамжуулж бичих нь стандарт бус бичилт гэж үзэж байна.

2. ЗДТГ-ын 2014 оны үр дүнгээс хасуулсан 31690,0 мянган төгрөгөө та Засаг даргын нөөц санд нэмж тусгахыг шаардсан байна. Засаг даргын нөөцөд орлого болж орж ирээгүй, дансаар нь дамжаагүй байхад орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэх нь УСНББОУС-ыг зөрчих, нөгөө талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7 заалтад заасан анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахыг хориглосон заалтыг зөрчиж байна.

2014 оны төсвийн урамшууллыг Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 238 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу төрийн санд хүргүүлэн аймгийн ИТХ-ын 2014 оны 03 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны А/184 дүгээр захирамжаар батлагдан байгууллагын санхүүжилтээр орж ирсэн. Энэ санхүүжилтийг Төсвийн тухай хуулийн 46.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 238 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 4.10-д заасан журмын дагуу хамт олны хурлаар хэлэлцэн зарцуулсан.

Санал, дүгнэлт, төлбөрийн актуудын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадад хүсэлт 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/407 тоот албан бичгээр, Х *********  аймгийн тэргүүлэн аудитор Г.О*******д 2015 оны 2 дугааар сарын 27-ны өдрийн 3/407 тоот албан бичгээр санал дүгнэлтийг эргэж харж хянаж үзэх талаар албан хүсэлт тайлбарын хамт хүргүүлсэн боловч МУ-ын Үндэсний Аудитын газраас Ерөнхий аудитороос залруулах боломжгүй гэсэн хариуг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан ба Х *********  аймгийн тэргүүлэх аудитороос одоо хүртэл хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Манай байгууллага төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёл, урлагийн сангаас ирүүлсэн 35,6 сая төгрөг нь улсын төсвийн мөнгө учир орон нутгийн төсөвтэй нийлүүлж болохгүй. Улсын төсвийн санхүүжилтийн зарцуулалтын эрхийн тухай журам, Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолын 7.7.1 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан нэмэлт төсвийг төсвийн байгууллага нь тусгай дансаар санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр эдийн засгийн ангиллаар зарцуулна гэж заасан байдаг. ... Засаг даргын нөөц сангийн дансанд нэмэлт санхүүжилтийн данс гэж байхгүй бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон эрх үүргийг төсвийн шууд захирагчийн хүрээнд шийдвэрлэх учраас дээрх үйлдлийг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. ... Аймгийн Засаг даргын нөөц сангийн дансанд 35,6 сая төгрөгийг авбал орон нутгийн төсвийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө холилдоно. Тиймээс Засаг даргын Тамгын газрын нөөц санхүүгийн дансанд 35,6 сая төгрөгийг авсан юм. Түүнчлэн Засаг даргын Тамгын газар 16,8 сая төгрөгийг дансандаа авч үлдээд буцаагаад зарцуулсан юм шиг Аудитын байгууллага дүгнэлт хийсэн байсан. Засаг даргын Тамгын газар уг мөнгийг 2013 оны жилийн эцсээр аймгийн ерөнхий дансанд төвлөрүүлээд буцаагаад Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4 дахь заалт, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн нийт ажилчдын хуралдааны шийдвэр, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 238 дугаар тогтоолын 3.5-д заасан заалт зэргийг үндэслэн 16.8 сая төгрөгийг зарцуулсан. ХӨВ2015/03/СТА-ТША-04/08 дугаартай актын тухайд Х *********  аймгийн Татварын хэлтсээс гаргасан 96.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт ... хөрөнгө хэмнэх үүднээс Энхзаяа өмгөөлөгчийг хөлсөлсөн. Түүнчлэн Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газар 2013 оны 11 дүгээр сард Старекс машин худалдаж авсан. 2014 оны 3 дугаар сард ... Машинд сэлбэг тавихгүй моторыг нь соливол зарлага бага гарна гэсэн өмч хамгаалах зөвлөлийн гишүүдийн дүгнэлтийг үндэслэж урсгал засварын зардлаас санхүүжүүлсэн. Үүнд төсвийн хэтрэлт гараагүй бөгөөд төсвийн шууд захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. ... Гэрээнд моторын үзүүлэлт, суудлын тоо зэрэг нөхцөлийг тусгасан. Баталгаат хугацааг дурдаагүй байсан. ... 13 сая төгрөгөөр хөдөө явах боломжтой, 8-аас дээш хүний суудалтай авто машин авмаар байна гэдэг саналаа тендерийн үнэлгээний хороонд гаргасан.

... Гадаад албан томилолтой холбоотой актыг аудитын газраас эвлэрье гэсэн санал тавьсан учир эвлэрэх саналтай байна. ... Тамгын газрын дарга Засаг дарга шиг lexus 470маркийн автомашиныг өмчлөөд унаж байгаагүй. Х *********  аймаг доторх дуудлагын автомашинд хэрэглэгдэж байгаа шатахуун байгаа. Үүн дээр мөн эвлэрэх саналтай байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т нөхцөлүүдийн аль нь ч байхгүй учраас Ч.У*********г 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ТЗ-7-оор цалинжуулж байгаа. Бид уг актыг хүлээн зөвшөөрч байгаа, актыг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.3-д зааснаар хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх бусад орлогод түрээсийн орлого орох юм биш үү гэж бодож байна. Мөн Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 238 дугаар тушаалаар батлагдсан төсвийн урамшуулал олгох хувь, хэмжээ, шалгуур үзүүлэлт түүнийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5-д Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагад төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан улсын төсвийн орлогыг давуулан биелүүлсэн тохиолдолд үр дүнгийн гэрээний урамшуулал олгож болно гэж заасан байдаг. Тиймээс орлогоо давуулан биелүүлсэн гэж үзэж болох байх гэж бодож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дараа ирэх оныхоо санхүүжилтыг явуулсан байсан. Энэ нь давсан орлого биш урьдчилж өгсөн орлого мөн гэж үзэж байна. Бусад нь гарах ёстой байсан хугацаандаа гараагүй орлого юм билээ... гэв.

Хариуцагч Х *********  аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Г.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: 1.Нэмэлт санхүүжилтийн талаар: Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт төсвийн захирагчийн эрх хэмжээг хуульчилсан. Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд юм.

Тодруулбал төсвийн тухай хуулийн 47.1.3-т Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгө, түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс зохих байгууллагын шийдвэрийн дагуу тухайн төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө-ийг холбогдох арга хэмжээнд зарцуулж болохоор заасан.

Баяр наадмын зардлын төсөв, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр болох Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас санхүүжүүлсэн 31.6 сая төгрөг нь аймгийн ЗДТГ-ын төсөвт хамааралгүй, аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч зарцуулах эрхтэй санхүүжилт юм. Тодруулбал аймгийн ИТХ-аар аймгийн баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой төсвийг баталсан. Энэ хүрээнд зарцуулагдах төсвийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга зарцуулах юм.

Иймд санхүүгийн үр дүнгийн тайланд орлого, зарлагаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж аудитаар залруулсан.

Ийнхүү залруулахдаа Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 заалтыг үндэслэсэн болно.

2.Төсвийн урамшууллын талаар: Төсвийн урамшуулалд зарцуулсан 16,8 сая төгрөг нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан төсвийн зарлагын хэмнэлт биш, төсөвт байгууллагын давсан орлого юм. Иймд мөн хуулийн 46.1-д заасан Төсвийн захирагчид туслах үйл ажиллагааны ашиг, төсвийн зарлагын хэмнэлт болон төсвийн захирагчийн үр дүнгийн гэрээний урамшууллыг төсвийн урамшуулал болгон тус тус олгож болно гэсэн заалтыг хангахгүй байна. Харин тус орлого нь орон нутгийн орлогод төвлөрөх ёстой орлого байсан.

3.Санхүүгийн тайлангийн Сөрөг санал дүгнэлтийн талаар: АЗДТГ-ын 2014 оны санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа зөрчилд тулгуурлан гаргасан Сөрөг санал дүгнэлт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 203 тоот тушаалаар батлагдсан Санхүүгийн тайлангийн аудитын журам-ын 2.20.3 дахь хэсэгт заасан Санхүүгийн тайлан дахь ихээхэн материаллаг буюу түгээмэл асуудалтай /зарим онцлог тохиолдолд ганц асуудалтай/ Ерөнхий аудитор санал нийлэхгүй, санхүүгийн тайлан ноцтой алдаатай гэж дүгнэвэл сөрөг санал дүгнэлт өгнө гэсэн заалтын дагуу төсвийн урамшуулалд зарцуулсан 16.8 сая төгрөг, аудитаар илэрсэн зөрчлүүдийг тус байгууллагын бодит зардлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн төлбөрийн акт тогтоосон зэрэг нь санхүүгийн тайлангийн тоон дүнгүүд нь оршин байх, хамааралтай байх, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байсан тул Сөрөг санал дүгнэлт гаргасан болно.

4.Төлбөрийн актын талаар:

А.Цалинг үндэслэлгүй тогтоосон тухайд: АЗДТГ-ын ХШҮТ-ийн дарга Ч.У*********гийн цалинг үндэслэлгүйгээр буруу тогтоож олгосон. Учир нь Ч.У********* урьд аймгийн Байгаль орчны газрын даргын ТЗ-9 зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаад аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын ТЗ-7 зэрэглэлийн албан тушаалд шилжсэн. Гэвч ажил олгогч өмнөх ТЗ-9 зэрэглэлийн цалинг тохиролцсон гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр тогтоон олгож байсан зөрчил илэрсэн. Энэхүү ТЗ-9, ТЗ-7 зэрэглэлийн цалингийн зөрүү болох нийт 906768 төгрөгийн төлбөрийн актыг томилсон эрх бүхий албан тушаалтан болох аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*******аар төлүүлэхээр гаргасан.

Мөн иргэн Б.Энхзаяад эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт олгосон 2 250 000 төгрөг, Монголчех металл ХХК-д шилжүүлсэн суудлын автомашины моторын үнэ 2 000 000 төгрөг зэрэг нийт 5156768 төгрөгийн төсвийн үргүй зардал гаргасан тул төлбөрийн акт тогтоосон байна. Энэ нь төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбогдож гарсан төсвийн урсгал зардал байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Гадаад албан томилолтын зардлын, Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтад ороогүй гэх үндэслэлээр гаргасан төлбөрийн актуудыг нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлж, нэхэмжлэгчтэй эвлэрч хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Хариуцагч Х *********  аймгийн Аудитын газрын ахлах аудитор Л.Э********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газар 31 сая төгрөгийг нэмэлт санхүүжилтийн дансаар орох ёстой орлого гэж тайланд тусгасан байсан. Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө гэж заасан байгаа. Иймээс 31 сая төгрөг Засаг даргын Тамгын газрын даргад хамааралгүй мөнгө учраас санхүүгийн үр дүнгийн тайланд залруулсан.

... Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газар нь талбайгаа түрээслүүлж орлого олсон ба уг түрээсийн орлого 100 хувь төсвийн орлогод орох учиртай. Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газар 25 сая төгрөг төлөвлөж, гүйцэтгэлээр 41 сая төгрөг гарсан. Гүйцэтгэлээр илүү мөнгө гарсан учир Орон нутгийн орлогодоо авч үлдэх ёстой байтал урамшуулал болгосон нь төсвийн урамшуулал болгож авах журмыг зөрчиж байгаа учраас дүгнэлт гаргахдаа үндэслэл болгосон байгаа. ... төсвийн урамшуулалд тооцсон 16.8 сая төгрөгийг төсөвт төлүүлэх акт тогтоогоогүй.

... Ч.У********* даргыг хяналт шалгалт үнэлгээний дарга болгохдоо 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан ТЗ-9 зэрэглэлээр Байгаль орчны газрын даргын цалингаар цалинжуулсан нь буруу юм гэж үзэж цалингийн зөрүү 906 мянган төгрөгийн акт тавьсан.

... Энхзаяа өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлээр 2 250 000 төгрөгийн хөлс өгч үргүй зардал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Засаг даргын тамгын газар нь дэргэдээ хууль зүйн хэлтэстэй. Мөн Монгол-Чех металл ХХК-аас авсан машины тухайд шууд худалдан авалт хийсэн гэдэг. Шууд худалдан авалт хийхдээ гэрээндээ баталгаат хугацааг заах ёстой байсан. Иймд төсвийг үргүй зарж төсвийн сахилга бат алдагдсан гэж үзэж байгаа.

... Үнэхээр Г.Т******* дарга машин унаад байгаа юм уу, мэргэжилтнүүд унаад байгаа юм уу гэдгийг нотолсон баримт байхгүй учраас төлбөрийн актанд эвлэрсэн. Сөрөг дүгнэлт гаргахдаа ерөнхий аудиторын гаргасан журмыг үндэслэл болгосон. Аймгийн Засаг даргын Тамгын газар сөрөг дүгнэлт авах болсон гол шалтгаан нь төсвийн урамшууллын 16,8 сая төгрөг байгаа. Би нийт 150 000 000 төгрөгийн зөрчил илрүүлсэн. Тухайлбал тендэр зарлалгүй шууд худалдан авалт хийсэн. Мөн засвар хийсэн гэх үндэслэлээр 25 сая төгрөгийн зарлага гаргасан байдаг. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан зүйл ангийг хангахгүй байсан ба би эдгээрийг үндэслэж сөрөг дүгнэлт гаргаж тэргүүлэх аудитор батлаад Монгол Улсын ерөнхий аудиторт хүргэгдсэн байгаа.

... Тендер амжилтгүй болж Засаг даргын тамгын газар шууд худалдан авалт хийсэн юм билээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Нэмэлт санхүүжилтийн тухайд ... Баяр наадмын зардлын төсөв түүнийг санхүүжүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас шилжүүлсэн 35,6 сая төгрөг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч зарцуулах эрхтэй санхүүжилт юм. ... Иймд санхүүгийн үр дүнгийн тайланд орлого зарлагаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Аудитын байгууллага залруулсан байгаа. Төсвийн урамшууллын тухайд төсвийн урамшуулалд зарцуулсан 16,8 сая төгрөг нь төсвийн зарлагын хэмнэлт биш төсөвт байгууллагын давсан орлого юм гэж үзэж байгаа. Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ... заасантайурамшуулалд зарцуулсан 16,8 сая төгрөг нийцэхгүй, хууль зөрчсөн байна гэж үзэж байна. ... Түүнчлэн Аудитын байгууллагаас гадаад томилолтын зардалтай холбоотой, мөн албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтанд ороогүй гэх үндэслэлээр 2 акт тогтоосон. Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газраас уг хоёр актанд эвлэрэх санал тавьсан тул эвлэрч болно. ... Цалинг үндэслэлгүй тогтоосон актын тухайд ... Ч.У********* гэх дарга урьд Х *********  аймгийн Байгаль орчны газрын дарга ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалаас Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шалгалт үнэлгээний тасгийн даргын ТЗ-7 зэрэглэлийн албан тушаалд шилжсэн юм. ... Иймд ТЗ-7 болоод ТЗ-9 зэрэглэлийн цалингийн зөрүү 906 768 төгрөгийг томилсон эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т*******аар төлүүлэхээр акт тавьсан байгаа. Мөн иргэн Энхзаяад эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 2 250 000 төгрөг, Монголчех металл ХХК-д шилжүүлсэн суудлын автомашины моторын үнэ 2 000 000 төгрөг нийт 5,1 сая төгрөгийн үргүй зардал гаргасан гэж акт тавьсан байгаа. Учир нь Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газар нь дэргэдээ хууль зүйн хэлтэстэй атлаа өмгөөлөгч авах шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Харин мотор худалдаж авсан 2 000 000 төгрөгийн тухайд элэгдэх хугацаа дуусаагүй байхад ийм хэмжээний үргүй зардал гаргасан нь буруу юм гэж үзэж байгаа. ... Аймгийн Засаг даргын 2014 оны санхүүгийн тайлангаар илэрсэн алдаа зөрчилд тулгуурлаад сөрөг дүгнэлтийг манай байгууллагаас аймгийн Засаг даргад явуулсан. Үүнийг явуулахдаа Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 203 тоот тушаалаар батлагдсан санхүүгийн тайлангийн аудитын журмын 2.20.3 Санхүүгийн тайланд ихээхэн материаллаг буюу түгээмэл асуудалтай зарим онцлог тохиолдолд ганц асуудалтай, ерөнхий аудитор санал нийлэхгүй, санхүүгийн тайлан ноцтой алдаатай гэж үзвэл сөрөг санал, дүгнэлт өгнө гэсэн заалтын дагуу төсвийн урамшуулалд зарцуулсан 16,8 сая төгрөг аудитаар илэрсэн бусад зөрчлүүдийг байгууллагын бусад нөхцлөөр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд төлбөрийн акт тогтоосон зэрэг нь санхүүгийн тайлангийн тоон дүнгүүд нь хамааралтай байх, үнэн зөв байх гэсэн батламж дүгнэлтүүдийг хангахгүй байна гэж үзээд сөрөг санал, дүгнэлт өгсөн. Иймд сөрөг санал дүгнэлт нь үндэслэлтэй тул дэмжиж байгаа гэв.

Гуравдагч этгээд Ч.У********* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын ТАТХ-ын 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгуулагад шилжүүлэн ажиллуулж болно гэсэн нь дээрх 3 талт зөвшлийн гэрээ нь энэхүү заалтын тохиролцож гэх агуулгыг багтааж бүхэлдээ уг заалтынхаа шаардлагыг хангаж байгаа гэж би ойлгож байгаа. Монгол Улсын ТАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт ёсоор миний эрхэлж байсан өмнөх ажлын байр өөрөөс үл хамаарах шалтгаанаар өөрчлөгдсөн ч эдүгээ 3 талт зөвшлийн гэрээнийхээ хүрээнд ... маш сайн үнэлгээтэй дүгнэгдсэн ... тул урьд өмнө БОГ-т авч байсан цалингийн жишгээр буюу ТЗ-9-5 ангилал зэрэглэлээр цалин хөлсөө авах боломж бүрэн байгаа ... Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, ТАЗ-ийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралт журмуудаар Төсвийн шууд захирагчид цалингийн сангийнхаа хүрээнд ажиллагсдынхаа ажлын үр дүнг үнэлэн цалингийн шатлал ахиулах, нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байгаа. ...Миний хувьд 2014 оны 10 сараас эдүгээ хүртэлх хугацаанд ... нийлбэр дүнгээр 1 485 000 төгрөгөөр хохирсон. ...Төлбөрийн энэхүү актаарх 906768 төгрөгийг миний бие аймгийн тодорхой удирдлагатай байгуулсан 3 талт зөвшлийн гэрээ болон удирдлагын холбогдох шийдвэрүүдийн хүрээнд 9 сарын хугацаанд авсан маань үнэн бөгөөд эрх зүйн хувьд хариуцан төлөх боломжгүйгээ үүгээр илэрхийлж байна. Тэгээд ч ТАТХ-ийн 27.2.4 дэх заалт ёсоор төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс үл хамаарах шалтгаанаар өөр ажилд шилжсэн тохиолдолд 6 сарын хугацаанд цалин хөлсөө авч байхаар хуульчлагдсан байгааг ч анхаарах асуудал юм. Төрийн жирийн удирдах ажилтан миний өөрөөс үл хамаарах шалтгаанаар аймгийн Засаг даргын тамгын газар даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 тоот тушаалаар миний цалинг тогтоохдоо бууруулах эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгаагүйгээр хэрэгжүүлэх болсноос үүдэлтэйгээр миний бие 2014 оны 10 дугаар сараас энэ оны 6 сарыг дуусталх хугацаанд ногдох 1485000 төгрөгөөр хохирч байгаа ... учир буруутай этгээдийг тогтоож, уг мөнгөн дүнг нөхөн олгуулахын хамт цаашид шийдвэрийн үр дагавар жирийн ажилтнуудад сөргөөр үйлчлэхгүй байх боломжийг хангасан шийдвэрийг хууль эрх зүйн хүрээнд гарганаа гэдэгт итгэж байна. ...Аудитын газраас 2013 онд Х *********  аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Засаг дарга, түүний тамгын газарт хийсэн нийцлийн аудитаар БОГ ... дарга нар удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүйгээр, удирдах ажилтны нөөцөд байхгүй мөртлөө агентлагийн даргын ажлыг хууль бусаар хашиж байгаа гэх дүгнэлтийг хянуулах хүсэлтэй байна. ... гэжээ.

Шүүх нэхэмжлэгчхариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Х *********  аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т******* нь Х *********  аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэн аудитор Г.О*******, ахлах аудитор Л.Э********* нарт холбогдуулан "Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн акт зэргийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х *********  аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т******* нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/462 тоот албан бичгээр маргаан бүхий дээрх актуудыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандаж улмаар Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 640 тоот албан бичгээр хариу өгсөн байх тул нэхэмжлэгч нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай Гадаад томилолтын зардалд зарцуулсан 5386240 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай Дотор үйлчилгээнд хэрэглэсэн унааны шатахуун 12640600 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай төлбөрийн акт зэргийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х *********  аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Г.О*******, ахлах аудитор Л.Э********* нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*********ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Ийнхүү хариуцагч нь дээрх хоёр актыг хүчингүй болгуулах шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай Гадаад томилолтын зардалд зарцуулсан 5386240 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай Дотор үйлчилгээнд хэрэглэсэн унааны шатахуун 12640600 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. "Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Ч.У*********д илүү олгосон 906768 төгрөгийн цалингийн зөрүүг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н********* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т нөхцөлүүдийн аль нь ч байхгүй учраас Ч.У*********г 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ТЗ-7-оор цалинжуулж байгаа. Бид уг актыг хүлээн зөвшөөрч байгаа, актыг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. Нэхэмжлэгч Х *********  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас Ц.Н*********ад 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 3/1530 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан эрх эдлэхээр заасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах ... эрхийг хуульчилсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*********ын Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай илүү олгосон цалингийн зөрүү 906768 төгрөгийг төсөв төлүүлэх тухай төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь гуравдагч этгээд Ч.У*********гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Ч.У********* урьд аймгийн Байгаль орчны газрын даргын ТЗ-9 зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаад аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын ТЗ-7 зэрэглэлийн албан тушаалд шилжсэн. Гэвч ажил олгогч өмнөх ТЗ-9 зэрэглэлийн цалинг тохиролцсон гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр тогтоон олгож байсан зөрчил илэрсэн. Энэхүү ТЗ-9, ТЗ-7 зэрэглэлийн цалингийн зөрүү болох нийт 906768 төгрөгийн төлбөрийн актыг томилсон эрх бүхий албан тушаалтан болох аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*******аар төлүүлэхээр гаргасан гэх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.У********* нь Х *********  аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалыг хашиж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд шилжин ажилласан ба ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалаас ТЗ-7 зэрэглэлийн албан тушаал руу шилжсэн талаараа маргаагүй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэлээр урьд авч байсан цалин хөлсөө бууруулахгүйгээр авах эрхтэй гэж маргажээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар:

-       Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл

-       Өөрөөс үл хамаарах шалгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжиж боломжтой юм.

Гэтэл Х *********  аймгийн Байгаль орчны газар татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй байсан ба Ч.У*********гийн хашиж байсан Байгаль орчны газрын даргын албан тушаалын орон тоо нь хасагдаагүй байсан нь гуравдагч этгээдийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*********ын тайлбараар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Ч.У********* нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-аар Төсвийн шууд захирагчид цалингийн сангийнхаа хүрээнд ажиллагсдынхаа ажлын үр дүнг үнэлэн цалингийн шатлал ахиулах, нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байгаа гэж маргасан ба Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна. Хэдийгээр төсвийн шууд захирагч нь ажилчдынхаа цалин хөлсийг тогтоох эрхтэй боловч энэ нь Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн албан хаагчдын цалингийн ангилал, зэрэглэл, шатлалд хамаарч байх ёстой бөгөөд төрийн алба нь захирах, захирагдах ёсны зарчимд үндэслэж, хууль дээдлэн ажилладаг тул төсвийн шууд захирагч нь хууль тогтоомжид зааснаас илүү хэмжээгээр үндэслэлгүй цалин тогтоож олгох боломжгүй юм.

Иймд Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт нь үндэслэл бүхий байна.

Гуравдагч этгээд Ч.У********* 906768 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актаас үзэхэд 906768 төгрөгийг Ч.У*********гаас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлээгүй байна гэдгийг дурдъя.

Гурав. "Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Х *********  аймгийн Аудитын газрын ахлах аудитор Л.Э********* дээрх актаар иргэн Б.Энхзаяагаас эрх зүйн туслалцаа /өмгөөлөл/ авч ажлын хөлсөнд 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, 2013 оны 12 дугаар сард худалдан авах ажиллагааны журмаар нийлүүлэгдсэн Huindai starix суудлын автомашины мотор солиход /баталгаат хугацаанд/ 2014 оны 4 дүгээр сард Монголчех металл ХХК-д шилжүүлсэн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг тус тус зарцуулж төсвийн урсгал зардал гаргасан байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 заалт Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг зөрчсөн байна гэж үзэн Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 4 250 000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн урсгал төсвийн зардлыг 2015 оны 6 дугаар сарын 30-ны дотор багтаан Төрийн сангийн орлогын 170000955 тоот дансанд төлөхийг дарга Г.Т*******, нягтлан бодогч Ц.Н********* нарт хариуцуулсан байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар нь Х *********  аймгийн Татварын хэлтсээс гаргасан 96.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт ... хөрөнгө хэмнэх үүднээс Энхзаяа өмгөөлөгчийг хөлсөлсөн гэж, хариуцагч талаас аймгийн Засаг даргын тамгын газар нь дэргэдээ Хууль зүйн хэлтэстэй учраас үргүй зардал гаргасан гэж маргажээ.

Х *********  аймгийн Татварын хэлтсийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 94330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцуулахаар өмгөөлөгч Б.Энхзаяатай, Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээг аймгийн Засаг дарга А.Э********* баталсан байна.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Х *********  аймгийн Засаг даргын өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Энхзаяа оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, 3.1.3-д хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг ойлгохоор заасан ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д зааснаар өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх шүүн таслах ажиллагаанд оролцох ... эрхтэй, чөлөөт бие даасан мэргэжилтэн юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар өмгөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох үйлчилгээг үзүүлэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглосон байдаг.

Иймд аймгийн Хууль зүйн хэлтэст хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч ажиллах боломжгүй ба аймгийн Засаг даргын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд төлөөлөх эрхтэй, чөлөөт бие даасан мэргэжилтэн болох өмгөөлөгчөөс өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хязгаарлах боломжгүй тул Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаас өмгөөллийн үйлчилгээ авсны хөлсөнд төлсөн 2 250 000 төгрөгийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй байна.

Харин Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаас Huindai starix суудлын автомашины мотор солиход 2014 оны 4 дүгээр сард Монголчех металл ХХК-д шилжүүлсэн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг зарцуулж төсвийн урсгал зардал гаргасан гэж үзсэн хэсэг нь үндэслэлтэй байна.

Х *********  аймгийн Засаг даргын тамгын газар буюу захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж зааснаар гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэжээ.

Хариуцагч талаас ... Баталгаат хугацаанд урсгал зардал гаргаж, үргүй зардал гаргасан байна гэж, нэхэмжлэгч талаас төсвийн хэтрэлт гараагүй бөгөөд төсвийн шууд захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй учраас хууль зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд гэрээний үнэ, төлбөр хийх нөхцөлхэлбэр, урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр, захиалагчийн хяналт болон бусад нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн хэлбэр, худалдааны нөхцөлүүд, бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь, гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал зэргийг заавал тусгасан байхаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н********* Гэрээнд моторын үзүүлэлт, суудлын тоо зэрэг нөхцөлийг тусгасан. ... 13 сая төгрөгөөр хөдөө явах боломжтой, 8-аас дээш хүний суудалтай авто машин авмаар байна гэдэг саналаа тендерийн үнэлгээний хороонд гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч захиалагч аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т*******, нийлүүлэгч иргэн Ц.О*********нарын хооронд байгуулсан Суудлын авто машин худалдан авах гэрээ-нд ямар хүчин чадалтай, ямар нэр төрлийн, ямар чанар байдалтай авто машин худалдан авах талаар тусгагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ...захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэснийг болон мөн хуулийн 40.3-т заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй,

254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тохиролцож болно,

254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй,

254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг ирүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж хуульчилсан.

Х *********  аймгийн Засаг даргын тамгын газар нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.О*********-с суудлын авто машин худалдан авахаар түүнд 13 350 000төгрөгийг шилжүүлж, иргэн Ц.О*********уг суудлын авто машиныг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн ба уг авто машин нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд эвдэрсэн болох нь Техникийн комиссын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн актаар тогтоогдож байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байхдаа уг авто машиныг эвдэрсний улмаас моторын үнэд 2 000 000 төгрөгийг Монголчех метал ХХК-д шилжүүлж, худалдан авсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул төсвийн үргүй зардал гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5-д заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх, 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаас Монголчех металл ХХК-д шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Дөрөв. Хариуцагч талаас сөрөг дүгнэлтэд дурдагдсан 16.8 сая төгрөгийн талаар тайлбарлахдаа Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасантай нийцэхгүй. ...Засаг даргын тамгын газар дансны үлдэгдлээ урамшуулал болгож авах хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн. Түүний үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дансны үлдэгдлийг нягтлан үзэлгүй тогтоол, захирамж гаргаж урамшуулал олгосон гэжээ. Х *********  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоол, Х *********  аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газарт 19.181,3 мянган төгрөг урамшуулалд олгохоор шийдвэрлэсний дагуу 16.8 сая төгрөгийг авч зарцуулсан нь аймгийн Засаг даргын тамгын газрын буруу биш байна.

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын шийдвэрээр төсвийн урамшуулалд тооцон олгосны дагуу төсвийн урамшуулалд авсан тул аймгийн Засаг даргын тамгын газрын буруу биш юм. Мөн төсвийн урамшуулалд тооцсон 16.8 сая төгрөгийг төсөвт төлүүлэх боломжгүй талаар хариуцагч зөвшөөрч акт тогтоогоогүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед нь, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг ойлгохоор заасан ба Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтлөнө гэж заасан байна.

Иймд төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас аймгийн баяр наадмын зардлыг аккруэл сууриар хөтлөөгүй байсан нь буруу байсан гэж, нэхэмжлэгч нь хариуцагчийн шахалтаар тайланг засварласан гэж маргаж байгаа боловч тайланг аккруэл сууриар хөтөл гэсэн Аудитын байгууллагын шаардлагыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч тайландаа өөрчлөлт оруулсан болох нь хариуцагч Л.Э*********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н********* нарын тайлбараар тогтоогдож байна.

Х *********  аймгийн Аудитын газраас аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т*******т өгсөн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 тоот Сөрөг санал дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд сөрөг санал, дүгнэлтийн үндэслэл болж буй ... бусад байдлаар үр ашиггүй зардал гаргасан гэдэг нь авто машины мотор 2,0 сая төгрөгөөр худалдаж авсан болон үндэслэлгүй 906768 төгрөгийн цалин олгосон зэргээр тогтоогдож байх тул шүүх өөрийн үзэмжээр сөрөг санал, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй юм.

Харин хариуцагч Х *********  аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Г.О*******, ахлах аудитор Л.Э********* нар нь гаргасан зөрчлийн хэр хэмжээг харгалзан санал, дүгнэлтээ өөрчлөх эрхтэй байна.

Гуравдагч этгээд Ч.У********* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд байлцуулахгүйээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.8, 74.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Х *********  аймгийн Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай Гадаад томилолтын зардалд зарцуулсан 5386240 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай Дотор үйлчилгээнд хэрэглэсэн унааны шатахуун 12640600 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаадлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 30 дугаар зүйлийн 30.6, 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ********* Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т*******ын "Х ********* Аудитын газрын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн акт хүчингүй болгуулах шаардлагын зарим хэсгийг буюу өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 2 250 000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хэсгийг хангаж, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаар тогтоосон 4 250 000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 2 250 000 / хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр багасгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ж.ГАНЧИМЭГ