| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04525/И |
| Дугаар | 182/ШШ2024/04806 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/04806
| 2024 11 19 | 182/ШШ2024/04806 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................. байранд байрлах, Ф ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... давхарт байрлах, П ХХК /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 12,235,275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж,
Хариуцагчийн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэг буюу даатгалын нөхөн төлбөрт 12,235,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Манай компани П ХХК-тай хамтран ажиллахаар болж, 2023.05.31-ний өдөр байгууллагын авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын багц гэрээ, гэнэтийн ослын даатгал болон байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээг тус тус байгуулсан. Даатгалын гэрээний төлбөрийг хариуцагч байгууллагад тухай бүр төлж байсан.
Даатгалын гэрээ байгуулагдсан эсэх болон төлбөр төлсөн эсэх асуудлаар хариуцагч маргаангүй учраас бид хэргийн материал дээр даатгалын төлбөр төлсөн талаарх баримтуудыг хавсаргаж өгөөгүй.
Эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээний хугацаанд манай компанийн гадна талбайд байрлах 6 дахь контейнерын дээврээс 2024 оны 3 дугаар сард орсон их хэмжээний цас 4 дүгээр сард хайлсны улмаас ус гоожиж 12,235,275 төгрөгийн үнэ бүхий сонины рулон цаас норж дахин ашиглагдах боломжгүй болсон.
Энэ тухайгаа бид даатгагчид даруй мэдээлсэн ба үүний дагуу даатгалын компанийн ажилтнууд ирж нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэдээллийг гаргуулан авсан ба манай компани ч шаардлагатай гэх баримтуудыг даруй гарган өгч байсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримт, рулоны цаас буюу сонины цаасны актууд, эдгээрийн үнэлгээ, нөхөн төлбөр олгох тухай хүсэлтүүдийг манайхаас 2024.04.16, 2024.05.01, 2024.06.10-ны өдөр тус тус албан бичгээр хариуцагчид хүргүүлж байсан. Даатгалын мэргэжилтэн О гэдэг хүнтэй би ярьсан. Даатгалын мэргэжилтэн нь надруу холбогдохдоо манай компани танай даатгалын нөхөн төлбөрийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэж ярьсан байдаг.
Байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2024.05.30-ны өдөр дуусгавар болсон. Эдгээр гэрээнүүдийг сунгах уу гэдэг нөхцөлүүдийг ярьсан. Иж бүрэн даатгалын гэрээнүүдийг нэг бүрчлэн сунгасан. Сунгасан даатгалын нөхөн төлбөр төлсөн талаар хариуцагч маргахгүй байх.
Даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа үндэслэлээ тодорхой бичгээр эсхүл цахимаар мэдэгдэнэ гэж заасны дагуу 2024.06.21-ний өдөр манай компанийн хүний нөөцийн мэйл хаягаар шуудангаар мэдэгдсэн.
Гэтэл хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д заасныг үндэслэн даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчийн санаатай үйлдэл шалтгаалсан гээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад энэ даатгалын компанийн хариу үндэслэлтэй байна гээд манай гомдлыг хүлээж аваагүй. Тийм учраас 2023.05.31-ний өдөр байгуулагдсан байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 12,335,275 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч П ХХК-ийн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2023.05.31-ний өдөр Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулагдсан талаар маргахгүй.
Харин дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д Даатгалын үндсэн эрсдэл-үүдийг, 1.9-д Даатгалд хамрагдахгүй эрсдэл буюу нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг гэрээ байгуулах үедээ талууд харилцан тохиролцсон.
Энэ даатгалын гэрээгээр бид ямар эрсдэл хүлээж авсан бэ гэхээр 1 дүгээр зүйлийн 1.7.1-д Гал түймэр тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл, 1.7.2-т Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, нуралт, хөрс чулууны нуралт, овойлт, цөмрөлт, хүчит салхи, цасан ба шороо шуурга, цочир хүйтрэлт, ой хээрийн түймэр, аянга цахилгаан, мөндөр, үер/, 1.7.3-т Цахилгаан эрчим хүчний эрсдэл, хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал богино холболт, 1.7.4-т Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах гэсэн дөрвөн эрсдэлийн тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно гэж, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д заасан нөхцөл байдал үүссэн бол нөхөн төлбөр олгохоос татгалзана гэдгийг гэрээ байгуулах үед харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч нь компанийн гадна талбайд байрлаж байгаа 6 дахь контейнерын дээврээс 2024.03 сард орсон их хэмжээний цас 4 сард хайлахдаа ус алдаж сонины рулон цаас норж, хохирол учирлаа гэдэг байдлаар нөхөн төлбөр нэхэмжилсэн. Цас хайлаад контейнерт ус орсон нь Даатгалын гэрээнд заасан нэр дурдаад байгаа 4 эрсдэлд хамаарахгүй.
Хохирол учирсан нөхцөл байдал нь даатгалын эрсдэлд хамаарахгүй учраас бид нар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9.1-д Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн, 1.9.17-д хэвийн элэгдэл хорогдлын улмаас хохирол гарсан бол төлөхгүй гэсэн энэ хоёр заалтаар нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа гэдгээ даатгуулагчид мэдэгдсэн.
Даатгуулагчийн нөхөн төлбөрийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн фото зургаас үзвэл сонины цаас агуулж байсан контейнер нь удаан хугацааны турш чийгтэй, доороосоо норсон байсан. Даатгуулагч дээврээс нь ус гоожоод цаас норсон гэдэг. Гэтэл контейнер нь доогуураа ус чийгэнд нороод цоорсон байсан учраас чийг аваад сонины цааснууд дээрээсээ биш доороосоо норсон байсан. Дээрээсээ норсон зүйл байгаагүй.
Нэхэмжлэгчийн контейнерын шал цоорсон, муудсан байдал нь хэвийн элэгдэл хорогдолтой холбоотой. Энэ агуулах савны бүрэн бүтэн байдал ашиглалтын байдлыг даатгуулагч өөрөө хариуцах ёстой. Засвар үйлчилгээ хийгээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас дотор нь агуулж байсан зүйлс цоорхойгоор нь ус ороод норсон байгааг хохирол учрах нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2024.06.10-ны өдөр манайд хүргүүлсэн албан бичигтэй ......... хороонд 2011 онд нүүж ирснээсээ хойш тухайн контейнерыг агуулах болгон ашиглаж байгаа гэдгээ хэлсэн байдаг. Энэ контейнерын шал цоорсон нь ашиглалтын явцад шаардлагатай арга хэмжээ, засвар үйлчилгээг нь хийгээгүйтэй холбоотой.
Энэ нөхцөл байдал Даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй учраас бид нар нөхөн төлбөр олгох үндэслэл биш гэж үзэж нөхөн төлөхөөс татгалзсан. Даатгалын мэргэжилтэн энэ нөхөн төлбөрийг олгоно гэж хэлж байсан гэдэг. Нөхөн төлбөрийг олгоно гэсэн учраас бид нар даатгалын гэрээгээ сунгасан гэдэг агуулга нэхэмжлэгч тал яриад байна. Нөхөн төлбөр шийдвэрлэх асуудалд даатгалын мэргэжилтэн хамааралгүй.
Даатгалын компани дотор нөхөн төлбөрийн газар гээд тусдаа газар, түүн дотроо нөхөн төлбөр шийддэг мэргэжилтэн, менежер гээд тусдаа албан тушаалтан байдаг. Даатгалын мэргэжилтэн зөвхөн даатгуулагчийн даатгуулах гэж байгаа даатгалын зүйлийн мэдээлэл, даатгалын үнэлгээ, түүнд тохирох хураамж, даатгалын гэрээгээр ямар эрсдэл, нөхцөл, даатгалын гэрээг сунгахтай холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой ажил хийдэг болохоос нөхөн төлбөрийг шийдвэрлэх үйл явцад ямар нэгэн үүрэггүй, ажлын байрны тодорхойлолт чиг үүрэг тодорхой байна.
Ийм бүтэц зохион байгуулалттай гэдэг компанийн веб сайт дээр нийтэд илэрхий мэдээллээр тодорхой байна. Даатгалын мэргэжилтэн болон нөхөн төлбөр шийдвэрлэх үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцохгүй учраас нөхөн төлбөр олгоно гэж ярьсан нь үндэслэлгүй.
Даатгалын гэрээнд заасан эрсдэл биш учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.31-ний өдөр 211,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 5 х/,
- Ф ХХК-иас 2024.04.16, 2024.05.01, 2024.06.10-ны өдөр П ХХК-д тус тус хүргүүлсэн 37, 44, 60 тоот албан бичгүүд /хх-ийн 6, 7, 8 х/,
- Зарлагын баримт , Норсон рулоны акт /хх-ийн 9, 10 х/,
- Санхүүгийн зохицуулах хорооны 2024.07.09-ний өдрийн 3/2541 тоот Ф ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 11 х/,
- 2023.05.31-ний өдрийн №БЭХИБ/23200188 дугаартай Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ, түүний хавсралт /хх-ийн 12-18, 19-21 х/,
-2024.10.10-ны өдрийн 151 тоот албан бичгээр Ч.Ж-д олгосон итгэмжлэл /хх-ийн 52 х/ зэрэг баримтуудыг,
4. Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2024.09.02-ны өдрийн 24-01/1401 тоот албан бичгээр Б.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 26 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 27 х/,
- Хариу тайлбар /хх-ийн 31 х/,
- Гэрэл зураг /хх-ийн 41-51 х/ зэрэг баримтуудыг
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024.10.31-ний өдрийн 182/ШЗ2024/18456 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2004.04.30-ны өдөр батлагдсан Даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан төслийн үзэл баримтлал, энэ талаар хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлүүд /хх-ийн 68-142 х/-ийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ф ХХК нь даатгалын гэрээний хугацаанд манай компанийн гадна талбайд байрлах 6 дахь контейнерын дээврээс 2024.03 сард орсон их хэмжээний цас 4 дүгээр сард хайлсны улмаас ус гоожиж 12,235,275 төгрөгийн үнэ бүхий сонины рулон цаас норж дахин ашиглагдах боломжгүй болсон нь 2023.05.31-ний өдөр байгуулсан БЭХИБ/23200188 дугаартай Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.7.2-т заасан даатгалын тохиолдол буюу эрсдэл үүссэн учраас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 12,235,275 төгрөгийг П ХХК нь төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь цас хайлаад контейнерт ус орсон нь Даатгалын гэрээнд заасан нэр дурдаад байгаа 4 эрсдэлд хамаарахгүй. Даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9.17-д заасан хэвийн элэгдэл хорогдлын улмаас хохирол гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Зохигч 2023.05.31-ний өдөр БЭХИБ/23200188 дугаартай Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын гэрээний төлбөр төлөгдсөн эсэхэд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ф ХХК-иас 2024.04.16, 2024.05.01, 2024.06.10-ны өдөр П ХХК-д тус тус хүргүүлсэн 37, 44, 60 тоот албан бичгүүд /хх-ийн 6, 7, 8 х/, 2023.05.31-ний өдрийн №БЭХИБ/23200188 дугаартай Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ, түүний хавсралт /хх-ийн 12-18, 19-21 х/, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.07.09-ний өдрийн 3/2541 тоот Ф ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 11 х/, Гэрэл зураг /хх-ийн 41-51 х/, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ф ХХК нь 2023.05.31-ний өдөр хариуцагч П ХХК-тай БЭХИБ/23200188 дугаартай Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулжээ. /хх-ийн 12-18 х/
Энэхүү гэрээгээр талууд даатгалын зүйл, орчин, эрсдэл, тохиолдол буюу эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдэлд хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т тус тус зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас эрүүл мэнд ... байна гэж, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэжээ.
Хууль болон гэрээний дээрх заалтуудаас үзвэл даатгуулагчид даатгалын эрсдэлд хамаарах хүчин зүйлээс шалтгаалан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдэлд хохирол учирсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх үүсэхээр байна.
Даатгалын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь нөхөн төлбөр авахаар П ХХК-д хандахад хариуцагч нь ...даатгалын гэрээний 1.7 дахь заалтад даатгалын эрсдлүүдийг, 1.9 дэх заалтад нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тохиролцсон. Дээрх тохиолдол нь нөхөн төлбөр олгох үндэслэлд хамаарахгүй байна... гэсэн хариуг өгсөн.
Нэхэмжлэгч нь даатгалын гэрээний 1.12-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2024.07.09-ний өдрийн 3/2541 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Тус Хороонд танай компаниас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 24-01/1112 дугаар албан бичгээр ирүүлсэн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдлыг хяналаа.
Дээрх гомдолд танай компанийн П ХХК-тай байгуулсан Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ-ний зүйлд хохирол учирч даатгагчид нөхөн төлбөрийн баримт бүрдүүлж өгсөн ба эд хөрөнгө хадгалж байсан контейнерын дээврээс ус гоожиж орсны улмаас эрсдэл учирсан гэж дурджээ.
Дээрх эрсдэл нь П ХХК танай компанитай байгуулсан даатгалын гэрээний 1.7-д дурдсан үндсэн эрсдэл (гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүчний эрсдэл, хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах)-д хамаарахгүй тул даатгагч даатгалын гэрээний 1.9.1-д ... даатгалын гэрээнд заагдсанаас бусад шалтгаанаар хохирол гарсан ... гэсэн заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна.
Дээрхийг эс зөвшөөрвөл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасны дагуу гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой. гэсэн хариуг өгчээ. /хх-ийн 11 х/
Зохигчийн маргааны зүйл нь 2024.03 сард орсон их хэмжээний цас 4 дүгээр сард хайлсны улмаас нэхэмжлэгч байгууллагын гадна талбайд байрлах 6 дахь контейнерын дээврээс ус гоожиж сонины рулон цаас норж, 12,235,275 төгрөгийг хохирол учирсан нь 2023.05.31-ний өдөр байгуулсан БЭХИБ/23200188 дугаартай Байгууллагын эд хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ-нд заасан байгалийн эрсдэлд хамаарах эсэхэд талаар байна.
Дээрх гэрээгээр даатгагч нь даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан орчин, нөхцөл буюу даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцад хамаарах эрсдэлүүдийг даатгасан байх бөгөөд Байгалийн эрсдэл гэдэгт газар хөдлөлт, нуралт, хөрс чулууны нуралт, овойлт, цөмрөлт, хүчит салхи, цасан ба шороо шуурга, цочир хүйтрэлт, ой хээрийн түймэр, аянга цахилгаан, мөндөр, үер гэх мэт байгалийн үзэгдэл үүсэхийг хамааруулж ойлгохоор заажээ.
Тодруулбал гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7. даатгалын үндсэн эрсдэл буюу даатгалд хамрагдахгүй нөхцөлүүдэд зааснаас бусад тохиолдолд дараах эрсдлүүд байна. Үүнд:
1.7.1. Гал түймэр тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл,
1.7.2. Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, нуралт, хөрс чулууны нуралт, овойлт, цөмрөлт, хүчит салхи, цасан ба шороо шуурга, цочир хүйтрэлт, ой хээрийн түймэр, аянга цахилгаан, мөндөр, үер/,
1.7.3. Цахилгаан эрчим хүчний эрсдэл, хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал богино холболт,
1.7.4. Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах-ыг тус тус даатгалын эрсдэлд тооцох,
1.9. Даатгалд хамрагдахгүй эрсдэл-д 1.9.1-ээс 1.9.17-д заасан шалтгаануудын улмаас үүссэн хохирлыг тус тус тодорхойлжээ.
Даатгалын эрсдэл нь гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй, даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар тохиолддог үйл явдал байдаг. Тэр дундаа байгалийн эрсдэл нь хүний ухамсарт үйл ажиллагаанаас ангид урьдчилан таамаглах, сэргийлэх боломжгүй, давагдашгүй хүчний шинжтэй үзэгдэл юм.
Хэдийгээр 2024.03 сард орсон их хэмжээний цас 4 дүгээр сард хайлсан болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч байгууллагын гадна талбайд байрлах 6 дахь контейнерт байсан 12,235,275 төгрөгийн үнэ бүхий сонины рулон цаас норж дахин ашиглагдах боломжгүй болсон нь хэрэгт авагдсан гэрэл зураг /хх-ийн 41-51 х/, шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Гэвч контейнерын шал цоорч муудсан нь агуулах савны бүрэн бүтэн байдал, хэвийн элэгдэл хорогдолтой холбоотой байх бөгөөд дээрх хохирол нь гэнэтийн буюу нэхэмжлэгчээс үл хамаарах байгалийн эрсдэлийн шалтгаанаар үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Энэ нөхцөлд даатгалын эрсдэлийг гэрээнд зааснаар хариуцах үүрэггүй тул хариуцагчийн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9.17-т заасны дагуу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагч П ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 12,235,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Финфак ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан хариуцагч П ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 12,235,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА