| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0637/Э |
| Дугаар | 838 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Г.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сайнбуян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706008720079 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Г, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ОУЛ” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг, Жинст, ногоочдын хэсэг 1 дүгээр гудамж, 40 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 106-3-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч 2017 оны 07 дугаар сарын 30-ны 05 цагийн үед Баянзүрх 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн урд хүнсний мухлагт Г.Г нь согтууруулах удаа хэрэглсэн үедээ иргэн Б.Отгонзаяаг юм зарсангүй гэх шалтгаанаар цонхыг нь хагалснаас шилний хэлтэрхийнүүд үсэрч Б.Отгонзаяагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнөх мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сайнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гомдолтой байгаа. Энэ хүн холбогдсон хэрэгтээ гэмшсэн байдал байхгүй байсан. Би уулзаж байж 150.000 төгрөг хохиролд авсан. Сая шүүх хурлын өмнө 160.000 төгрөг авсан. Энэ хүн ялгүй юм чинь яадаг юм бэ гэсэн байдалтай байна. Би гомдолтой байна” гэв.
Хохирогч Б.Отгонзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ах Сайнбуянгийн түцэнд сууж байтал нэг хүн тамхи авахаар түцний цонхоор асуухад нь үнийг нь мэдэхгүйн улмаас зарахыг татгалзтал надаас удаа дараалж шаардсан. Тэр хүн согтуу байсан учир би түцнийхээ цонхыг хаатал гараараа цонхыг нь хагалж цонхноос үсэрсэн шил над руу үсэрч миний нүүр рүү шигдэж намайг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-14/,
Гэрч Г.Сайнбуян мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгонзаяа 05 цагийн орчимд залгаад нэг согтуу эрэгтэй хүн ирээд цонх хагалаад зугтаачихлаа гэсэн...тэгээд очтол түцний жижиг цонх хагарч дотогшоо шилний үртэс нь үсэрсэн байдалтай Отгонзаяагийн зүүн нүд орчмоос цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-16/,
Яллагдагч Г.Г мэдүүлэхдээ: “...би тухайн үед согтуу байсан санамсаргүй байдлаас болж цонхыг нь нь хагалчихсан чинь шил нь үсрээд дотор нь байсан худалдагч охины шанаа шилбэ хэсэгт зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн №9873 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч 2017 оны 07 дугаар сарын 30-ны 05 цагийн үед Баянзүрх 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн урд хүнсний мухлагт Г.Г нь согтууруулах удаа хэрэглсэн үедээ иргэн Б.Отгонзаяаг юм зарсангүй гэх шалтгаанаар цонхыг нь хагалснаас шилний хэлтэрхийнүүд үсэрч Б.Отгонзаяагийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогчид нийт 310.000 төгрөгийн хохирлыг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сайнбаяр нь гэм хорын хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Элгэн овогт Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай..
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 310.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сайнбаяр нь гэм хорын хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР