Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/04807

 

 

 

 

2024 11 19

182/ШШ2024/04807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт оршин суух, З овогт Б.Ч /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... тоот хаягт байрлах, М ХХК /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н,

Гэрч Д.С, Н.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Б.Ч нь М ХХК-д 2023.08.16-ны өдөр туслах аудиторын ажилд орж, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажилласан. Ажилд орсноос хойш Э ТӨХК-д 2 удаа, Х ХХК, ............ сумын Ш ТӨХК, ........ хотын Н ХХК-иудад томилолтоор явж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд 2023 оны 11 болон 12 сарын цалин хөлсийг М ХХК-ийн захирал олгоогүй, тэрээр цалинг нь өгнө гэдэг байсан. Мөн захирал Манай хуулийн зөвлөх хөдөлмөрийн гэрээг тань байгуулна, тушаалыг нь гаргана гэж ярьдаг байсан.

Нэхэмжлэгч нь М ХХК-д 2023.12.20-ны өдрийг дуустал ажилласан хэдий ч цалин хөлсийг дутуу олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөөгүй. Мөн ажилд томилсон болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэсэн захирлын ямар нэг тушаалыг гаргаж өгөөгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Ч-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул М ХХК-д туслах аудиторын ажилд эгүүлэн тогтоож, хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулах, мөн 2023 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны цалинд 1,650,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага нь аудитын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд нэхэмжлэгч иргэн Б.Ч-тэй 2023.08.15-ны өдөр 23/07 тоот тушаалын дагуу нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын хугацаатайгаар томилон ажиллуулсан. Ажилтан Б.Ч нь туршилтын хугацаагаар ажиллахдаа хариуцуулан өгсөн ажлыг хийж гүйцэтгэж байгаагүй ажил, үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг тухайд нь биелүүлээгүй ба энэ тухай нь удаа дараа сануулсан бөгөөд мэргэжил, ур чадвараараа нягтлан бодогчийн албан тушаалдаа хангалтгүй байсан ба тайлан хоцроох, хийж чадахгүй өдөржин ажлын цагаар дүрст дуудлага хийж эмэгтэй ажилчдыг хүсээгүй байхад нь танихгүй хүмүүст харуулах, харилцагч байгууллагуудад өөрийн хувийн бизнес ажлаа сурталчлах зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан. Мөн үүгээр ч зогсохгүй ажлын цагаар ажлын байранд удаа дараа согтуу ирж хүндэтгэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан зэрэг шалтгаанаар ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан ба энэ тухай хаалттай болон нээлттэй сануулах арга хэмжээ удаа дараа авч байсан тул ажил олгогчийн санаачилгаар 2023.11.10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Б.Ч нь Э үйлдвэр ТӨХК, Х ХХК, Ш ТӨХК зэрэг хөдөө орон нутгийн компаниуд дээр томилолтын багт орж явсан нь үнэн болов ч гүйцэтгэсэн ажил байхгүй, мэдлэг туршлага дутмаг, ажлын цагаар хий сэлгүүцэх, согтуу байх зэрэг алдаа дутагдалтай байсан хэдий ч бид түүнийг үл хамааран урьдчилгаа цалинг нь олгосон. Манай байгууллагын томилолтоор ажиллах журамд томилолтоор ажилласан ажилчид томилолтын тайлан бичиж өгдөг буюу хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгдөг боловч Б.Ч нь томилолтоор болон хотод ажилласан хугацаанд нэг ч ажлын тайлан бичиж ирүүлээгүй нь түүний хэрхэн хангалтгүй ажилласныг нотолж байна. Манай байгууллага нь гүйцэтгэлээр цалинжиж ажилладаг бөгөөд сар бүр урьдчилгаа цалин болгож тогтмол дүнгээр сар бүр олгодог бөгөөд хагас жил болон жилийн эцэст гүйцэтгэлийг үнэлэн үлдэгдэл цалин болон урамшуулалт цалин олгодог.

Гэвч Б.Ч-д бид урьдчилгаа цалин болох 2,417,391 төгрөгийн цалин олгохоор тооцож, НДШ, ХХОАТ суутган гарт 2,081,917 төгрөг олгосон боловч нийт ажилсан ажлын үнэлгээ нь 1,259,814 төгрөг байсан ба бид гүйцэтгэлийн цалинг илүү олгосон.

Нэхэмжлэгчийг цаашид ажиллуулах боломжгүй тухай уулзалт хийж мэдэгдсэн бөгөөд тушаал нь 2023.11.10-ны өдрөөр тасалбар болгон 2023.11.13-ны өдөр гарсан. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлснээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь ор үндэслэлгүй худал болохыг дээрх зүйлс хангалттай нотолно.

Иймээс нэхэмжлэгч Б.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.03.06-ны өдрийн Монгол шуудан ХК-ийн байгууллагад очих баримт /хх-ийн 3 х/,

-2024.01.08-ны өдрийн 24/01 дугаартай Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 4-6 х/,

-2024.04.15-ны өдрийн 24/33 дугаартай Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 7-9 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 11 х/,

-Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 12 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-16 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.25-ны өдрийн 182/ШЗ2024/01815 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 17-19 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.22-ны өдрийн 182/ШТ2024/00066 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол /хх-ийн 20-22 х/,

-2024.05.03-ны өдрийн 0233 дугаартай Ч.Ч-д олгосон итгэмжлэл /хх-ийн 34 х/,

-2024.06.04-ний өдрийн 553 тоот Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 40-42 х/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-46 х/,

-2024.08.20-ны өдрийн 1770 дугаартай И.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 62 х/,

-2024.08.21-ний өдрийн 18/502 тоот Монгол шуудан ХК-ийн албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 72-73 х/,

-2024.09.09-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 127 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.05.15-ны өдрийн А/24-50 дугаартай Л.З, Б.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 26 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 37 х/,

-2023.08.15-ны өдрийн 23/07 дугаартай М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б.Ч-г ажилд түр томилох тухай тушаал /хх-ийн 74 х/,

-2023.11.13-ны өдрийн 23/12 дугаартай М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 75-76 х/,

-М ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралт /хх-ийн 77-93 х/,

-2023.10.17-ны өдрийн М ХХК-ийн хурлын тэмдэглэл /хх-ийн 94-95 х/,

-2023.08.15-ны өдрийн 12 дугаартай Туршилтын хугацаагаар ажилуулах хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 157-160 х/ зэрэг баримтуудыг,

 

-Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.08.29-ний өдрийн 182/ШЗ2024/14473 дугаартай захирамжийн дагуу Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 103-110 х/,

-2024.09.24-ний өдрийн 182/ШЗ2024/16066 дугаартай захирамжийн дагуу Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 136-150 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11, 12 дугаар сард ажилласан цалин 1,650,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд зохигчдийн тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаас халсан хариуцагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй, нөхөн гаргасан, уг тушаалыг танилцуулаагүй, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй учир шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан зөрчил гаргаж хамт ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ бэлгийн дарамт үзүүлсэн, ажлын байранд согтуу ирэх, ажил таслах, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байсан учраас 2023.11.13-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргасан нь хуульд нийцсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт 2023.08.15-ны өдрийн 12 дугаартай Туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн 23/07 дугаартай Б.Ч-г ажилд түр томилох тухай тушаал авагдсан боловч, нэхэмжлэгч нь эдгээрийг хариуцагч нөхөн гаргасан гэж тайлбарласан бол хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд Б.Ч нь өөрөө гарын үсгээ зурж өгөөгүй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь 2023.08.16-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар М ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон боловч нягтлан бодогчоор ажиллаагүй, туслах аудитороор ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.06.04-ны өдрийн 553 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Ч-г М ХХК-ийн захирлын 2023.11.13-ны өдрийн 23/12 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.13-ны өдрийн 23/12 дугаартай тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:

-Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.7. Туршилтын хугацаагаар ажиллах ажилтан тухайн хариуцуулан өгсөн ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзвэл ажил олгогчоос энэ тухай албан ёсоор сануулах бөгөөд туршилтын хугацаанд ажилтан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа нь давтагдвал түр хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасан хугацаагаар дуусгавар болгох ба ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл гэрээг шууд цуцална,

5 дугаар зүйлийн 5.2.2. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон,

5.4.3. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг тухайд нь биелүүлээгүй, ажил үүргээ чанаргүй гүйцэтгэсэн,

5.4.10. Ажилтан ажилдаа согтуу ирсэн, ажлын цагаар ажлын байранд согтуу байсан,

5.4.11. Ажилтан нь хүндэтгэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан,

Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх ... байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг үндэслэжээ.

 

Ажилтан дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Ч-г мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг тухайд нь биелүүлээгүй, ажил үүргээ чанаргүй гүйцэтгэсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно,

7.2-т Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хохироохоор айлган сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих /quid pro quo/ байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно,

7.7-д Энэ зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна гэж,

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл бэлгийн сэдэлтэй аливаа үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол болгон тавихыг хэлнэ гэж тус тус заажээ.

 

Дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор нэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүст хамаарах бөгөөд хөдөлмөрийн харилцаанд орсноор үүсэх, нэг нь нөгөөдөө үзүүлж буй үйлдэл гаргасан байх, нөгөө талд нь дарамт учирсан байхыг ойлгохоор байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ажилтан хэзээ ч ажил олгогчдоо бэлгийн дарамт учруулах ойлголт байхгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Тухайлбал, нэхэмжлэгч Б.Ч нь хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байхдаа хамт явж байсан эмэгтэйнхээ амарч байгаа өрөөнд нь нүцгэн орж ирээд улмаар хүсээгүй байхад нь өвөрт нь орох, тэвэрч авах, үнсэх гэх мэтээр түүнд таагүй сэтгэгдэл удаа дараа төрүүлж байсан болох нь Б.Б-гийн шүүх хуралдаан дээр гаргасан ...Ш, Э үйлдвэр ТӨҮГ-уудад хамт томилолтоор ажиллаж байхдаа буудлын өрөөнд амарч байхад миний өрөөнд шөнө нүцгэн орж ирээд миний бэлэг эрхтэн ажилладаггүй гэж хэлээд өвөрт орж намайг тэвэрч, үнссэн. Тэгэхэд надад үнэхээр таагүй мэдрэмж төрсөн... Мөн хүсээгүй байхад тэвэрч авах, үнсэх зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Би өвөрт орж ирсэн асуудлаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэхэд чи бид хоёр 50 гарсан хүмүүс битгий гомдол гаргаач гээд уучлал гуйгаад байхаар нь гаргаагүй. Энэ тухай өөрөө мэдэж байгаа. Хамт ажилладаг охидууд маань хүртэл Ч ах байнга хүсээгүй байхад биед хүрээд байна. Заваан юм гэж хэлдэг байсан... гэх тайлбар,

гэрч Д.С-гийн ...2023.11.13-нд миний төрсөн өдрөөр Ч ах намайг тэвэрч аваад үнсээд ингэж нэг чамайг үнсэх боломж олддог байх гэж, эцэст нь нэг хүслээ гүйцээлээ гэж хэлсэн нь надад таалагдаагүй...,

гэрч Н.И-гийн ...Б, Ч бид гурав хамт суудаг байсан тэгэхэд хамт ажилладаг охидууд орж ирээд Б захирлаа энэ Ч ах чинь нуруунаас илээд байна гэж хэлдэг байсан. Тухайн үед Б чи битгий хүн амьтны биед хүрээд байгаач гэж нилээн ууртай хэлж байсан. ...Биднийг хувцсаа солих гээд хувцас солих өрөөнд орж ирээд видео коллоор ярьж байгаа хүндээ биднийг харуулаад байдаг байсан... гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн эдгээр үйлдлийг бэлгийн дарамт гэж үзэх нь хуульд нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл ажилтан Б.Ч нь М ХХК-д аудиторын туслахаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тусгайлан заасан хориглосон зөрчлийг гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээж аваагүй 2023.12.20-ны өдрийг дуустал М ХХК-д ажилласан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй,

158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь анх 2024.01.18-ны өдөр шүүхэд хандахдаа Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.01.08-ны өдрийн хуралдааны 24/01 дугаартай шийдвэрийг хавсарган ирүүлсэн бөгөөд уг шийдвэрт ...туслах аудитороор ажилд орсноос хойш 10 дугаар сараас 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цалин хөлс олгогдоогүй, 9, 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг бичиж олгуулах гомдлыг гаргаж байсан болох нь 2024.01.25-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь М ХХК-ийн захирлын 2023.11.13-ны өдрийн 23/12 дугаартай тушаалыг мэдээгүй, гардуулж өгөөгүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан Их мөнгөн гэсэн тайланг 2023.12.20-ны өдөр 12 цаг 15 минутад [email protected] цахим шуудангаас [email protected] гэсэн цахим шууданд илгээснийг түүний ажлаа хүлээлгэж өгсөн сүүлийн өдөр гэж үзэх боломжгүй.

 

Энэхүү тайланг М ХХК-д бус Н.Т захиралтай МСКМ ХХК-д хүргүүлсэн болох нь гэрч Н.И-гийн ...МСКМ ХХК нь татварын тайлан гаргадаг тусдаа хуулийн этгээд М ХХК-иас үйл ажиллагааных нь чиглэл өөр, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр захирал, Ч бид гурав гадаа тамхи татаж байхад захирал чамтай дахиж хамтарч ажиллаж чадахгүй ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн ... гэх мэдүүлэг.

 

Мөн М ХХК-ийн 2023.10.17-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...Ч нь хамт ажилладаг эмэгтэйчүүддээ бэлгийн дарамт хэлбэрийн үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа байдалд дүгнэлт хийж шийдвэр гаргуулахаар гүйцэтгэх захиралд уламжлахаар шийдвэрлэв гэсэнтэй танилцаж, гарын үсгээ зурсан зэргээс үзэхэд энэ үеэс нэхэмжлэгч нь маргааныг эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд М ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11, 12 дугаар сард ажилласан цалин 1,650,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Чгийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулинд тусгайлан заасан зөрчил гаргасан мөн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 157 дугаар зүйлийн 157.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан М ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11, 12 дугаар сард ажилласан цалин 1,650,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА