| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00235/И |
| Дугаар | 155/ШШ2016/00353 |
| Огноо | 2016-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ч-гийн Ө-ы
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/00235/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ө- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч-гийн Ө- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс саальчнаар элсэн орж, түүнээс хойш үхэрчин, саальчнаар тус нэгдэл тартал ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт хагас дутуу бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дутуу, дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ч.Ө- миний бие Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ч.Ө-ы бие муу, мал төллөөд ирж чадахгүй болсон учир түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Манай ээж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу бичигдсэн, тамга дутуу дарагдсан учир ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа юм. Сумын архив шатсан учир Ч.Ө- ажиллаж байсан хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа гаргаж өгөх боломжгүй байгаа. Дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Ө- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ч.Ө- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлээс 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч-гийн Ө-д олгосон 1986 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд цалин хөлс авч байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Төлийн штаб, хэсгийн зөвлөлөөс олгосон 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дурсамж, Ч.Ө-ы төлчдийн чуулга уулзалт, бригадын цугларалтаар 1986 он, 1990 онуудад авахуулсан гэрэл зургууд, гэрч Х.Б-ын ...Ч.Ө- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд саальчнаар...нэгдэл тартал ажилласан...тус нэгдэл 1991 онд тарсан...Тэр үед саалийн үнээг 5, 10 ширхэгээр нь хуваарилж өгдөг байсан. Түүнийгээ л саадаг байсан...би Улаан-Уул, Цагааннуур сумын Хилийн цэргийн заставт 1984 оноос 1991 он хүртэл ажилласан...хөдөө орон нутгаар ажиллаж байсны хувьд, нэг нутгийн хүний хувьд ч Ч.Ө-ы ажиллаж байсан талаар мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч Р.Д-ийн ...Ч.Ө- нь...хөдөлмөрийн насанд хүрээд ажилласан юм байна. Жаргалант амьдрал нэгдэлд...1991 он хүртэл ажилласан...Би Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оноос 1991 онд нэгдэл тартал фермийн үхэрчин, мөн адуучин зэрэг ажил хийж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Харин Ч.Ө-ы Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь гэрч Р.Д-ийн ...1984 онд 8 дугаар анги төгссөн...Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 6 дугаар сараас ажилласан... гэх мэдүүлэг зөрүүтэй, Ч.Ө-ы дээрх хугацаанд ажиллаж байсан талаар давхар нотлох баримт байхгүй байна.
Иймд Ч.Ө-ы Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ч.Ө-ы ажиллаж байсан үеийн цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал тус тус байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Засаг даргын Тамгын газрын Тус сумын Соёо багийн иргэн Ч.Ө- нь Жаргалант амьдрал нэгдлийн Соёо бригадад саальчнаар ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж үлдээгүй болохыг тодорхойлов гэх бичилттэй 11/62 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ч.Ө-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/98 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт нь хэрэг хамааралгүй, ач холбогдолгүй, 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон баярын бичиг дээр Ч.Ө- гэж бичигдсэн нэр засвартай, бригадын дугаар зөрүүтэй байх тул нотлох баримтад үнэлээгүй, Ч.Ө-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Ч-гийн Ө-ы Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА