| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00179/И |
| Дугаар | 155/ШШ2016/00354 |
| Огноо | 2016-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Боржгин овогт Г-ийн Б- /РЙ-*****/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Б- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7-р ангийг 1971 онд төгсөөд Мод боловсруулах үйлдвэрт бие даан 1973 оноос ажиллаж байгаад 1974 оны 6 сард цэрэгт яваад цэргээс 1977 оны 06 дугаар сард халагдаж ирээд 7 дугаар сараас эхлэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрийн Ой мод үйлдвэрийн бригадад 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хөрөөчин, нормчноор ажилласан. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, ажилд орсон гарсан тушаал, цалингийн данс архивт байхгүй байгаа зэргээс миний тухайн онуудад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа учир шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, хөрөөчин, нормчноор ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Г.Б- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цех-д 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-н, 1977 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хөрөө рамчин, нормчноор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчид Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрээс 1980 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,
Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай Ажил өөрчлөх тухай ....16. Г-гийн Б-ыг 1982 оны 1-р сарын 1-нээс мод бэлтгэлд оосорлогчоор.... гэх тушаалын хуулбар,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1571 дугаартай шийдвэр,
Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №137 дугаартай архивын лавлагаа,
Гэрч Д.Д-ийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....намайг 1988 онд сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан суман дахь цехэд мастераар очиход Г.Б- хөрөөчнөөр ажилладаг байсан. Надаас өмнө ажиллаж байсан учраас хэдэн оноос ажиллаж эхэлсэн талаар мэдэхгүй байна. 1973 оноос ажиллаж эхэлсэн байх. Тус цехдээ хөрөөчнөөр 1994 онд модны үйлдвэр хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Н.М-гийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....намайг 1985 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд шилжиж очоод Мод боловсруулах үйлдвэрт ороход Г.Б- мод бэлтгэлийн оосорлогчоор ажилладаг байсан. Тус үйлдвэртээ 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан.... гэх мэдүүлэг, 1981, 1984, 1986, 1987, 1988 онуудын Баярын бичгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10/103 дугаартай ....мод боловсруулах цехийн даргын тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Г.Б-од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/133 дугаартай ....Г- овогтой Б-ын мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан цалингийн тодорхойлолт манай архивт байхгүй нь үнэн.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагджээ.
Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 8467 дугаартай архивын лавлагаа хэрэгт авагдсан байх хэдий ч хугацаат цэргийн алба хаасан хугацаа улсад ажилласан жилд тооцогдож ордог болохыг дурьдах нь зүйтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогт Г-ийн Б- /РЙ-*****/-ыг Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөрөө рамчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ