Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч:  Халиучин овогт Ж-нрисын М /РГ-*******/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р 10-н жилийн сургуулийг 1979 онд төгсөөд Завхан аймаг дахь Худалдааны техник мэргэжлийн сургуулийн худалдагчийн ангинд 1 жил суралцаж төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар 1981-1983 оны 5 сар хүртэл ажиллаж байгаад 1983 оны 05 дугаар сарын 01-нээс тус сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилласан ба одоо хүртэл тус хүн эмнэлэгт тасралтгүй ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэрт орох үед хөдөлмөрийн дэвтрийг нөхөж бичсэн гэсэн үндэслэлээр жилийг хасаж тооцсон бөгөөд 1995.01.01-2015.08.31 хоорондох 20 жилээр тэтгэврээ тогтоолгосон болно. Энэ нь ажилласан хугацааныхаа тэтгэврийг бүрэн бүтэн авч чадахгүй хохиролтой байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймаг дахь Бүрэнтогтох сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01 хүртэл худалдагчаар, тус сумын Хүн эмнэлэгт 1983 оны 05 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ж.М нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчид Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Нийгмийн даатгалын №004020, №246540 дугаартай дэвтрийн хуулбарууд,

Гэрч Ч.Т-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ....Ж.М Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны дэлгүүрт 1980-1983 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Ц-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Ж.М Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүний их эмчийн салбарт эмнэлэгт 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оныг хүртэл асрагчаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 10/88 дугаартай ....Худалдаа бэлтгэлийн ангийн баримт бичиг мөн сумын Хүн эмнэлгийн тушаал байхгүй тул Мд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт авагдсан байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиучин овогт Ж-нрисын М /РГ-*******/-ыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ