Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/139

 

 

 

 

 

   2023           01             31                                      2023/ДШМ/139                                                                                                            

 

 

Э.Т-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

Прокурор Б.Батцэцэг,

Хохирогч Г.О-,

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Баярмагнай,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч П.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Т-д холбогдох ----- дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-гийн Т-, Улаанбаатар хотод 1978 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, өмгөөлөгч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 0000 хотхон 000000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:000000000/,

Э.Т- нь гэмт хэргийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтэйгээр шууд санаатайгаар ашиг олох зорилгоор, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.О-од “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар газар хөөцөлдөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай хэмээн хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж гэрч Б.С-гаас 15,000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 39,868,800 төгрөгийг авсан, мөн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр, хамгийн сүүлд буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 дугаар байрны гадна 5,000,000 төгрөг бэлнээр тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсны улмаас хохирогчид нийт 3 удаагийн үйлдлээр 59,868,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Э.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-аас хохирлын 36,570,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-од олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Г.О-оос 15,000 ам.доллар залилсан гэх үйлдлийн талаар:

Шүүгдэгч Э.Т- нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Г.О-оор зуучлуулан гэрч О.С-гаас зээлийн гэрээ байгуулан сарын 4 хувийн хүүтэй 15,000 ам.доллар зээлж авсан бөгөөд тухайн үед зээлийн гэрээг нотариатаар батлуулсан байдаг. /хэргийн 140-р хуудас/. Ингээд дээрх зээлээс 5,000 ам.доллар болон 2 сарын хүү 1,200 ам.долларыг төлсөн. Энэ талаар шүүгдэгч хохирогч нар ямар нэг маргаан байхгүй. 2019 оны эхээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газар эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын А/104 тоот захирамжаар хүчингүй болгосон байдаг. Тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон учир өмнө нь газрын албанд ажиллаж байсан гэх гэрч Ч.М-, М.Д- нар шүүгдэгчид тухайн газрын эзэмших эрхийг сэргээж өгч чадна гэж амласан байдаг. Ингээд шүүгдэгч Э.Т- дээрх 2 гэрчид 2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Дээрх хоёр этгээд амласан ёсоор газар эзэмших эрхийг сэргээлгэж өгөхгүй хэт удаашралтай байсан учир шүүгдэгч Э.Т- 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ч.М-г Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Орос элчингийн орчим тааралдах үед нь барьж авч мөнгө өгсөн баримттай үлдэхийн тулд нотариат орж 20,000,000 төгрөг хүүгүй зээлсэн гэх зээлийн гэрээ байгуулж авсан байдаг. /хэргийн 248 дугаар хуудас/. Гэрч нар Э.Т-аас мөнгө авсан, газрын эрх сэргээлгэх талаар хөөцөлдөж байсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нь дээрх хүмүүст ямар ч хүүгүй 20 сая төгрөг зээлэх шалтгаан байхгүй бөгөөд гэрч нар өөрсдөө хэрэгт татагдахаас эмээж өөрсдийгөө хамгаалсан мэдүүлэг өгсөн байгаа. Гэрч Ч.М- мэдүүлэг өгөх үедээ өмгөөлөгчийн хамт очсон нь тухайн асуудлаас хэр их айж, эмээж байсныг нь харж болно. Цагдаа дээрх гэрч нарын үйлдлийг нарийвчлан шалгалгүй мэдүүлэг аваад л өнгөрсөн байдаг. Хэрэв 2019 оны 7 дугаар сарын эхээр дээрх гэрч нарын дансанд их хэмжээний мөнгө орж байсан эсэх, шүүгдэгч гэрч нарын хооронд бичиж байсан мессеж, мэйлийг шалгасан бол шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлтэй гэдэг нь нотлогдох байсан.

Дээрх гэрч нар 2019 оны 7 дугаар сарын дунд үеэс эхлэн бараг 1 жилийн хугацаанд шүүгдэгч Э.Т-ыг Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн газрын албаны эрх бүхий хүмүүстэй очоод уулзаадах, газрын гэрчилгээ, шийдвэрээ очиж ав гэх зэргээр худлаа ярьж явуулсан байгаа.

Анхан шатны шүүх шүүгчдэгч Э.Т-ыг хохирогч Г.О-ын 15,000 ам.доллар залилсан гэж дээрх үйлдлийг зүйлчилж шийдвэрлэсэн. Гэтэл амьдрал дээр шүүгдэгч нь хохирогчоос дээрх мөнгийг авч байгаагүй бөгөөд гэрч О.С-гаас зээлийн гэрээ байгуулан авсан гэдэг нь баримтаар нотлогдоно.

Залилах гэмт хэргийн үндсэн гол шинж нь хохирогчийн өмчлөх эрхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар идэвхтэй үйлдэл хийж халдсан байхыг ойлгодог. Гэтэл О.Т- нь хохирогч Г.О-ыг цагдаагийн байгууллагад гомдол гаргах хүртэл буюу 2021 оны 3 сарын 20-ны өдөр хүртэл өөрийнх нь өмнөөс гэрч О.С-д төлөх өрийг нь 2019 оны 10 сард төлчихсөн байсан гэдгийг мэдээгүй байдаг. Хэргийн 223 дугаар хуудсанд байгаа хохирогчийн мэдүүлэгт “О.С-гийн өрийг төлсөн талаар Э.Т-д хэлээгүй байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд мөн авагдсан байгаа. Дээрх үйлдлийн хохирогч нь хэн бэ гэдгийг шүүх мөн нарийвчлан дүгнээгүй. Шийтгэх тогтоолын 19 дэх талд “хохирогчийг төлөөлөх итгэмжлэлийг төлөөлүүлэгч О.С-, төлөөлөгч Г.О- нар хийсэн байна /хэргийн 140-141/ гэж дүгнэснээс үзэхэд дээрх үйлдлийн жинхэнэ хохирогч нь гэрч О.С- юм шиг ойлгогдож байгаа. Хохирогч гэдэг нь гэмт хэргийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн хүнийг ойлгохоор байгаа, гэтэл О.С-г хохирогчоор тогтоогоогүй гэрчээр мэдүүлэг авсан, мөн гэрч нь итгэмжлэлээр хохирсон эрхээ бусдад шилжүүлж болохоор шүүх дүгнэсэн. Жишээ нь хүн бусдад зодуулчихаад зодуулаагүй хүнд итгэмжлэл олгоод хохирогч болгочихсонтой адилхан байхаар ойлгогдож байна. Хуулиар эд хөрөнгийн эрхтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр бусдад шилжүүлж болох бөгөөд гэмт хэргийн хохирогч нь итгэмжлэлээр бусдыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмнөөс оролцуулж болохоор зохицуулсан хуулийн заалт байхгүй. Шүүгдэгчийн зээлийн гэрээний дагуу гэрч О.С-гаас авсан 15,000 ам.долларыг хохирогч Г.О- төлсөн бол бусдын өмнөөс гүйцэтгэсэн үүргээс учирсан хохиролтой холбоотой асуудлаа иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлээд авах бүрэн боломжтой юм.

Шүүх шүүгдэгч нь анхнаасаа дээрх мөнгийг төлөх зорилгогүй байсан байна гэж дүгнэсэн боловч гэрч О.С-гаас авсан 15,000 ам.доллараас Г.О-оор дамжуулан үндсэн зээлээс 5,000 ам.доллар, хүүнд 1200 ам.доллар нийт 6.200 ам.доллар, 10,000,000 төгрөг төлсөн. Мөн хохирогч Г.О- шүүгдэгч Э.Т- нар нь тухайн үед гэр бүлийн дотно харилцаатай байсан, энэ талаараа хэн аль нь зөвшөөрч мэдүүлэг өгч байсныг анхаарахыг хүсэж байна.

2. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг залилж хохирогч Г.О-од хохирол учруулсан гэх үйлдлийн талаар:

Хохирогч Г.О- нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад өөрөө гарын үсэг зурж гомдол гаргаж байсан. /хэргийн 6 дугаар хуудас/ Энэ гомдолдоо “Э.Т- надаас 2019 оны 7 дугаар сард 10,000 ам.доллар, дараа нь 5000 ам.доллар. Үүнээс хойш 2000 ам.доллар нийт 17,000 ам.доллар буюу 50 орчим сая төгрөг авсан учир гаргуулж өгнө үү.” гэсэн байдаг. Энэ гомдолд ямар нэг 20 сая төгрөг залилуулсан талаар дурдаагүй.

Мөн хэргийн 31 дүгээр хуудсанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “15 сая, 5 саяар хоёр удаа өгч байсан” гэж мэдүүлж байгаад сүүлд хэргийн 38 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “10 саяыг хоёр тусад нь өгч байсан” гэж мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэг маш их зөрүүтэй, хоорондоо зөрчилтэй байдаг. Энэ үйлдлээ нотолж байна гээд 2 ширхэг бэлэн мөнгөний зарлагын баримт дээр 15 сая, 5 сая төгрөг гэж салгаж бичээд тухайн өдрөөр тааруулан компанийхаа тамгыг дарж өөрөө гарын үсгээ зурсан. Шүүгчийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэх даалгаварыг биелүүлж байна гээд тухайн баримтаа нотариатаар батлуулаад ороод ирсэн. Дээрх санхүүгийн баримт нь ямарч дугааргүй, тухайн жилийн мөнгөн гүйлгээний тайланд тусгагдсан эсэх нь тодорхой бус байдаг.

Е-” ХХК-ийн ажилтаныг гэрчээр асуусан, тухайн компани нь гэр бүлийн компани учир тухайн үед мөнгө гарсан байх гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүгдэгч Э.Т- нь хохирогч Г.О-оос 2019 оны 7 дугаар сард 20 сая төгрөг авч байгаагүй гэдгээ бүх тайлбар байцаалт болон нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад хүртэл маш тогтвортой мэдүүлдэг. Шүүх дээрх 2 ширхэг санхүүгийн баримтыг үндэслэн тухайн үйлдлийг нотлогдсон гэж дүгнэсэн. Гэтэл тэр баримт нь тухайн 20 сая төгрөгийг шүүгдэгч Э.Т- авсан гэдэг баримт биш. Хохирогчийн зүгээс нэг талын хүсэл зоригоор үйлдэгдсэн баримт байгаа. Энэхүү баримтыг хэзээ ч үйлдэх боломжтой бөгөөд ядаж тухайн 2019 оны 7 дугаар сард “Е-” ХХК-ийн дансанд мөнгө байсан эсэхийг тогтоох ажиллагаа явуулаагүй байдаг. Анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамжийг биелүүлээгүй.

Мөн шүүх шүүгдэгчийг 20 сая төгрөг аваагүй гэдгээ нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нь хохирогчоос 20 сая төгрөг авсан үйлдэл хийгээгүй учир энэ үйлдлийн талаар ямар нэг нотлох баримт үлдэх боломжгүй, харин хохирогч өөрөө бусдад мөнгө өгсөн гэж байгаа бол түүнийгээ маш тодорхой нотлох баримтаар нотолж өгөх ёстой.

Хэзээ ч үйлдэх боломжтой бэлэн мөнгөний санхүүгийн баримт болон садан төрлийн хамаарал бүхий гэрч гэх хүмүүсийн мэдүүлгээр бусдыг яллаж болохгүй. Тухайн гэрч нар касснаас мөнгө авсан гэдгийг нарийн нотолж мэдүүлээгүй байдаг.

Энэ хэрэг анх хөнгөн гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэгдэн орж ирсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан хэдий ч Э.Т- нь бусдаас 15,000 ам.доллар залилан мэхлэж аваагүй, зээлийн гэрээ байгуулж аваад төлөөд явж байсан, мөн ямар нэг 20 сая төгрөгийг Г.О-оос хэзээ ч авч байгаагүй учир хэргийнхээ гэм бурууг шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг байр суурийг нь өмгөөлөгч миний бие дэмжиж өнөөдрийг хүртэл шүүх үнэн зөвийг нь тогтооно гэдэгт итгэсээр ирсэн.

Иймд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний дагуу бусдаас 15,000 доллар зээлж авсан үйлдэл нь иргэний эрх зүйн гэрээний маргаан, энэ үйлдлийн улмаас хэн хохирсон нь тодорхой бус, мөн хохирогч Г.О-оос 20 сая төгрөг авсан гэдэг үйлдэл нь нотлогдохгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Э.Т-ыг цагаатгаж өгнө үү. ” гэв.

            Шүүгдэгч Э.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хилс хэргээр 461 дүгээр хаалттай хорих ангид 81 хоног хоригдож байна. Би маш их гомдолтой байна. Би Г.О-оос мөнгө аваагүй. Мөн 20.000.000 төгрөг залилсан гэх үйлдэлтэй холбогдуулан тухайн байгууллагад аудитын шалгалт оруулах тухай мөрдөгчид хэлэхэд хүлээж аваагүй. Мөрдөгч надаас мэдүүлэг авдаггүй, хэрэгтэй танилцуулдаггүй. 20.000.000 төгрөг залилсан гэдэг нь ор үндэсгүй худал зүйл. Би О.С-гаас 15.000 ам.доллар авсан. Үүнээс 5.000 ам.доллар, 3.200 ам.доллар, бэлэн мөнгөөр 10.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг гэх зэргээр Г.О-ын Хаан банкны данс руу байнга хийдэг байсан. Ингээд 2019 онд дэлхий нийтийг цар тахал бүрхэж, бүх зүйл хаагдсан учир би зээлээ төлөх боломжгүй болсон бөгөөд 2021 оноос үргэлжлүүлэн төлсөн. Чатыг бүтнээр нь хэрэгт хавсаргах прокурор, мөрдөгчид удаа дараа хүсэлт тавьсан. Хэргийн материалд намайг яллах талын баримтыг хавсаргасан ч цагаатгах талын нотлох баримтуудыг хавсаргаагүй. Эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд мөрдөгч намайг дуудаж уулзаагүй, хавтаст хэрэгтэй танилцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Мөрдөгчтэй уулзахад хэрэг шүүх рүү шилжсэн гэсэн учир шүүх дээр очиход шүүх хуралдаан болж намайг хорих шийдвэр гарсан. Энэ хугацаанд миний төрсөн ах нас барсан. Би ажил явдалд нь оролцож чадаагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хохирогч Г.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг иргэний журмаар шийдвэрлэгдэх ёстой гэж тайлбарлаж байна. Би Э.Т-ыг О.С-тай анх уулзуулж өгсөн. Э.Т- тухайн газар ашигтай авъя гэхэд манай компанийн зүгээс санал тавьсан. Гэтэл тэр газар нь хүчингүй болсон бөгөөд доогуур нь магистрал шугамтай байсан. Энэ талаар би мэдээгүй. Шүүгдэгчтэй холбоотой байсан болохоор түүнд итгэсэн. Шүүгдэгч манай компанийн нэр дээр тухайн газрыг авна гээд компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг авсан. Э.Т- О.С-гаас 15.000 ам.доллар зээлсэн бөгөөд О.С- “...энэ хүн итгэлгүй харагдаад байна. Гэрээ байгуулъя...” гээд гэрээ байгуулж мөнгийг авсан. Би Э.Т-ыг найзтайгаа танилцуулаад мөнгийг нь авчихсан учир хүн ёсны үүднээс тэр мөнгийг төлөхөөс өөр аргагүй байсан. Э.Т-аас мөнгөө төлөөч гэж маш олон удаа гуйж байсан. Э.Т- “-” гэх компанийн нэр дээр хуурамчаар газрын кадастрын зургийг хийж явуулж надад итгэл төрүүлсэн. Ингээд газрын асуудал удаж, надаас удаа дараа их хэмжээний мөнгө нэхээд байсан учир би Газрын алба дээр очиж уулзахад Нийслэлийн захирамжтай, хүчингүй болсон байсан газрыг дүүргийн захирамжтай мэт хуурамч гэрчилгээ үзүүлсэн байсан. Мөн шүүгдэгч чатуудыг тасалж авсан гэж тайлбарлаж байна. Тухайн 20.000.000 төгрөгийг авдаг өдрийн өглөө над руу чат бичиж, ирж мөнгө авч байсан. Хэрэгт холбогдолгүй зүйлсийг хэрэгт хавсаргаагүй. Э.Т- эрх зүйч, өмгөөлөгч мэргэжилтэй учир надаас мөнгө авахдаа бэлнээр авдаг байсан. Тухайн үед шүүгдэгчтэй дотно харилцаатай байсан учир итгээд мөнгө өгч байсан. Би анх өгсөн мэдүүлэгтээ зарим зүйлсийг тодорхой санахгүй байсан учир орхигдуулсан зүйлс байгаа. Мөн 2019 онд надаас авсан 20.000.000 төгрөгийг 2020 онд гэрч Ч.М-, М.Д- нар өгсөн гэж тайлбарладаг. Түүнчлэн хэрэгт авагдсан чатанд “...хэдэн жилийн хорих ял авдаг юм. Би авъя...” гэсэн байдаг. Гэтэл одоо тэр мөнгийг аваагүй гэдэг. Э.Т-ын О.С-гаас авсан мөнгө нотлох баримттай учир тэрээр хүлээн зөвшөөрч байгаа. Надаас авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэрээр “би 10.000 доллар өгөхөд бэлэн байна” гэж мэдүүлсэн. Хэрэв надаас 20.000.000 төгрөг аваагүй юм бол яагаад дээрх мэдүүлгийг өгсөн байх вэ. Иймд хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

            Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгдэгч Э.Т-ыг зээлийн гэрээгээр халхавчилж, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 15.000 ам.долларын асуудлыг иргэний эрх зүйн маргааны шинжтэй, 20.000 ам.долларыг аваагүй гэж мэтгэлцэж байна. Шүүгдэгч хохирогч нар 2018 онд танилцаж байсан. Улмаар 2019 онд шүүгдэгч хохирогчид 1800 м.кв газрыг 500.000.000 төгрөгөөр авч өгч чадна гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн. Тухайн цаг хугацаанд хохирогч өөрийн компанийн нэр дээр газар худалдан авах сонирхолтой байсан. Ингээд шүүгдэгчийн саналыг хүлээн авч түүний хүсэлтийн дагуу хохирогч өөрийн найзтай танилцуулж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг нэг сарын хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд зээлийг буцааж төлөхгүй бол Г.О- төлөхөөр амаар тохиролцсон. Ингээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15.000 ам.долларыг шүүгдэгчид бэлнээр өгсөн. Энэ мөнгийг шүүгдэгч дангаар захиран зарцуулсан. Гэрээнд заасан хугацаанд төлбөр барагдаагүй учир хохирогч Г.О- гэрч О.С-д өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг банканд барьцаалж 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40.000.000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргийн биелэлтийг дуусгавар болгосон. Хохирогч тухайн гэрээний харилцаанд өөрийн хүсэл зоригоо илэрхийлж оролцож, төлбөрийг төлөөгүй. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч хохирогчийг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж зээлийн гэрээг өөрийн нэр дээр авахуулсан учир гэрээний үүргийн биелэлтийг хангахаас гарцаагүй байдалд орсон. Хэдийгээр энэ хэрэг хэлбэрийн хувьд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний шинжтэй боловч агуулгын хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Хүчин төгөлдөр бус хэлцэл байтал хохирогч зээлийн гэрээний үүргийг дуусгасан учир Иргэний хуульд зааснаар шударга эзэмшигч болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоохоор заасан. Нэгэнт Г.О-ын эд хөрөнгө болон түүнийг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхэд хохирол учирсан тул түүнийг хохирогчоор тогтоох нь зүйтэй гэж үзсэн. О.С- хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд боловч тэрээр мэдүүлэгтээ “Г.О- зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн. Миний эд хөрөнгөд бодит хохирол учраагүй” гэсэн учир түүнийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулах нь зүйтэй байна гэж үзсэн. Хохирогчид авч өгнө гэж  хуурсан газар нь тухайн цаг хугацаанд Нийслэлийн Засаг даргын А104 захирамжаар эзэмших эрх нь хүчингүй болсон газар байсан. Эзэмших эрх нь хүчингүй болохоос өмнө О.Г- гэх хүнийг эзэмшилд байсан болох нь хавтас хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А112 захирамжаар тогтоогдсон. О.Г- шүүгдэгч Э.Т-ыг танихгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар тохиролцоо хийгээгүй. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Э.Т-д А112 захирамж хуулбар хувиараа байсан бөгөөд уг захирамжийг хохирогчид фейсбүүк чатаар зургийг нь дарж үзүүлээд “энэ газрын эрхийг сэргээж танай компанид авч өгнө” гэж итгүүлж, төөрөгдүүлсэн. Мөн шүүгдэгч Э.Т- хохирогч Г.О-од фейсбүүк чатаар “би Нийслэлийн засаг даргын үүдэнд сууж байна. Удахгүй газрын гэрчилгээ гарна” гэх мэтээр зураг илгээж байсан. Хавтас хэрэгт шүүгдэгч хохирогч нарын 2019 оны 01 дүгээр сараас 2021 он хүртэл харилцсан чатууд авагдсан байгаа. Шүүгдэгчийн 20.000.000 төгрөгийг аваагүй гэж тайлбарладаг. Хохирогч энэ мөнгийг хэзээ, хаана, хэрхэн, яаж шүүгдэгчид хүлээлгэн өгсөн талаараа мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан. Мөн “Е-” ХХК-ийн албан бичиг болон тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргээр хохирогч Г.О- 2013 оноос хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь тогтоогдсон. Хохирогч шүүгдэгчид 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөгийг өөрийн ажлын байран дээрээ, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гадна бэлнээр өгсөн талаараа мэдүүлсэн. Энэ мөнгийг өөрийн компанийн кассаас гаргаж өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд үүнийг нь тухайн компанийн зарлагын баримтаар нотлогдоно гэсний дагуу зарлагын баримтыг гаргуулан авч, тус компанийн нягтлан У, нярав А нараас гэрчийн мэдүүлэг авсан. Эдгээр хүмүүс зарлагын баримт болон хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон. Прокурорын зүгээс хохирогчийн мэдүүлэг болон зарлагын баримт үндэслэлтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч Э.Т- гэрч Ч.М-, М.Д- нарт 20.000.000 төгрөгийг өгсөн талаар мэдүүлдэг боловч анхнаасаа энэ талаар мэдүүлээгүй, 2022 оны 5 дугаар сард анхан шатны шүүхээс хэргийг буцаасан шүүх хуралдааны явцад “би энэ 2 хүнд 2019 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдөр 20.000.000 төгрөгийг өгсөн” гэж мэдүүлсэн. Ингээд анхан шатны шүүхээс хэрэг буцсаны дараа Ч.М-, М.Д- нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч Ч.М- “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Э.Т-тай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөг авсан. Мөнгийг төлж чадахгүй байж байтал Э.Т- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байгаа газрыг сэргээх боломжтой эсэх талаар судлаад өгөөч. Хэрэв үүнийг хийж чадвал 20.000.000 төгрөгөө авахгүй гэсэн. Ингээд судалж үзэхэд газрыг сэргээх боломжгүй байсан учир 2020 оны 07 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас Э.Т-ын эзэмшлийн Хас банкны дансанд 20.000.000 төгрөгийг буцааж төлсөн” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж Ч.М-, М.Д- нарын дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөнгийг бэлнээр авсан бол нотлох баримт байх боломжгүй, хохирогчийн зүгээс мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулж авах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч хохирогч нар нь ажил хэргийн харилцаанаас гадна эр эмийн харилцаатай байсан. Тухайн цаг хугацаанд хохирогч Э.Т-д итгэж байсан учир мөнгийг бэлнээр өгсөн байдаг ч хохирогчийн зүгээс өөрийн боломжийн хэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй боловч 20.000.000 төгрөгийг аваагүй талаараа мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөх ёстой. Прокурорын яллаж байгаа үндэслэлүүдийг үндэслэл бүхий баримтаар няцаах ёстой. Шүүгдэгчийн зүгээс 20.000.000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлдэг ч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах боломжит нөхцөл байдал үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Т- нь гэмт хэргийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтэйгээр шууд санаатайгаар ашиг олох зорилгоор баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.О-од “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар газар хөөцөлдөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай хэмээн хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж гэрч Б.С-гаас 15,000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 39,868,800 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Г.О-ын “... Т- гэх хүн 2019 оны 5 дугаар сард миний ажиллуулдаг “-” ХХК-д газар авах уу гэдэг саналыг анх тавьж байсан юм. Тухайн газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ертөнцийн зүгээр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах “Голомт” банкны шилэн хар өндөр барилгын урд талд хашаагаар хашчихсан хоосон газрыг 500 сая төгрөгөөр зарах санал тавьсан юм ... Тухайн үед надад уг газрын гэрчилгээ болон кадастрын зургийг үзүүлсэн ба урьдчилгаанд эхний ээлжинд 100 сая төгрөг авна гэж хэлэхээр нь тийм их мөнгө өгөх боломжгүй байгаа гэж хэлээд өөрийн найз О.С- /-/-С мөнгө асуутал надад 15.000 доллар байна чамаас эргүүлэн доллараар нь авна гэж хэлэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр санагдаж байна, Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах “Худалдаа хөгжлийн” банкны “Эрдэнэс” салбарт Т-ын хамт очиж, бэлнээр 15.000 долларыг 1 сарын хугацаатай зээлж аваад шууд Т-д өгсөн юм. Тухайн үед Сараа надад Т- гэх хүнд өгөх юм бол нотариатаар орж өгмөөр байна гэхээр нь Эрдэнэс салбарын эсрэг талын нотариат орж С-, Т- нар гэрээ хийж Тунамап доллароо аваад явсан юм. Тэр үед С- Т- мөнгөө хугацаанд нь өгөхгүй бол би чамаас авна шүү гэж хэлээд тохиролцсон байсан. Түүнээс хойш удалгүй 2, 3 хоногийн дараа санагдаж байна, Т- намайг өөрийнхөө компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт бичих гарын үсэг зурсан 3 хуудас хоосон цаас аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Голомт” зээлийн төвийн гадна хүрээд ир гэхээр нь дээрх зүйлсийг аваад очиход “Би энэ бичиг баримтуудыг чинь аваад хоосон бланк дээр хүсэлт бичээд Нийслэлийн газрын албан дээр хүргэж өгнө харин чамайг нийслэлийн газрын албанаас нь дуудахаар нь очиж гарын үсэг зураарай” гэхээр нь би зөвшөөрөөд дээрх зүйлсээ өгөөд явчихсан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа надад танай “Анор Эдюкэйшин” ХХК-ний нэр дээр уг газрын кадастрын зураг хийлгүүлж цэгийг нь тогтоолгочихлоо гэж хэлээд надад зургууд явуулж Нийслэлийн газрын албанд хүсэлтээ өгч байна гэж хэлсэн ба одоо уг хүсэлт маань газрын албанаас Улаанбаатар хотын даргаас зөвшөөрөлтэй гарч ирнэ түүнийг хүлээх л ажил үлдсэн хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн юм. Тухайн үе нь 2019 оны 7 дугаар сарын эхээр байсан юм. Түүнээс хойш Т- надад хэд хэдэн газар зараад өгөөч гэсэн саналууд тавьсан ба тухайн газрууд нь өөрийнх нь нэр дээр байдаггүй байсан юм. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Т- надаас дахин мөнгө хэрэгтэй байна газрын албаны хүн нь надаас мөнгөө нэхээд байна өгөхгүй бол газар маань бүтэхгүй болчихоод байна гэхээр нь тухайн өдрөө өөрийн “-" ХХК-ний кассаас 15.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Түүнээс хойш дараагийн сарын мөнгийг Т- өгөхгүй байсан болохоор С- надаас мөнгөө нэхэхээр нь би 1 сарын хүү болох 600 доллар өгөөд Т-аас дахин мөнгө, газраа асуухаар удахгүй болох гэж байна гээд зургууд болон мессеж явуулаад байхаар нь би С-гаас өөрөө мөнгө зээлсэн учраас С-гийн мөнгийг өөрийн байраа барьцаанд тавьж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40.344.000 төгрөг буюу 15.000 долларыг төлөөд С-д үндсэн зээлийн өргүй болсон юм...” /1-р хх 31-32/,

Гэрч О.С-гийн “...  2019 оны зун санагдаж байна О- надаас хүнээр компани дээрээ газар гаргуулах гэсэн юм тэр хүнд мөнгө зээлээч гэхээр нь надад тухайн үед АНУ-руу явахаар хадгалсан байсан мөнгө байсан учраас ярьсан өдрийн маргааш нь санагдаж байна, О-, Т- гэх залууг дагуулаад Баянгол дуүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа” хөгжлийн банкны “Эрдэнэс” салбар дээр надаас мөнгө зээлэхээр ирэхээр нь би банкнаас 15.000 долларыг авч Т- гэх залууд өгсөн ба тухайн залуу надад сарын дотор эргүүлж өгнө гэсэн юм. Тэгээд би уг залууд итгэхгүй нотариат орж гэрээ хийсэн ба түүнээс хойш Т- гэх залуу хааяа над руу залгаад мөнгөө удахгүй өгнө гэхээр нь нэхэлгүй байж байгаад 3 сарын дараа өгөхгүй болохоор нь хэд хэдэн удаа залгасан боловч удаахгүй өгнө гээд хойшлуулаад байсан ба нэг удаа би түүнд чи энэ 7 хоногтоо багтаагаад мөнгөө өгчихөөрэй О-ын нөгөө газар нь бүтэж байгаа юм уу гэж асуухад бүтэж байгаа нэг гарын үсэг дутуу гэж хэлж байсан. Түүнээс хойш Т- руу дахин мөнгөө асуутал удахгүй өгнө гээд худлаа яриад байхаар нь О-оос чи миний мөнгийг энэ хүнд авч өгсөн юм чинь олж өг гэж хэлтэл О- өөрөө надад 2019 оны 11 сар хавьцаа санагдаж байна, 15000 доллароо өгсөн юм...” /1-р хх 43/,

Гэрч О.Г-гийн “... Би тус газрыг 2015 онд өөрийн нэр дээр эзэмшихээр авч түүнээс хойш удалгүй 2017 онд - ХХК-д шилжүүлэн өгсөн юм. Уг компани нь түүнээс хойш төд удалгүй хүчингүй болсон гэж хэлж байсан. Би Э.Т- гэх хүнийг танихгүй юм байна. Э.Т- гэх хүнтэй 146001/0091 18643310091145 бүхий нэгж талбарын дугаартай 1800мк Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах газрыг зарах талаар огт ярилцаж байгаагүй. Түүнд миний эзэмшиж байсан газрын гэрчилгээний хуулбар яагаад очсон эсэхийг сайн мэдэхгүй байна ...” /1-р хх 49/,

Гэрч Ч.М-н “... Би Т- гэх хүнтэй 4, 5 жилийн өмнө танилцаж байсан юм ... Т- бид 2 ер нь танилын харилцаа холбоотой гэж ойлгож болно. 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би Э.Т-аас 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж найз Д-гийн /-/ хамт зээлж авч байсан. Тухайн үед гэрээг би өөрөө гарын үсэг зурж хийж байсан. Тухайн гэрээ байгуулсан өдрөө Д-д 10.000.000 төгрөгийг нь бэлнээр өгч байсан. Би зээл авчихаад хугацаанд нь төлж чадахгүй удсан чинь Э.Т- надаас Паркийн баруун талд байрлах Нийслэлээс хүчингүй болгосон газар байгаа юм байна уг газрыг сэргээж өгөх боломж байна уу судлаад өгөөч хэрэв сэргээж өгөх юм бол зээлсэн мөнгөө авахаа болъё гэж хэлэхээр нь би дээрх газрыг нь судалж үзсэн мөн манай найз Д- ч гэсэн судалж байсан. Гэвч уг газар нь сэргээх ямар ч боломжгүй газар байна гээд Д- бид 2 зээлсэн мөнгөө төлье гээд мөнгөө бага багаар нь цувуулж төлсөн. Миний хувьд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд өөрийн Хаан банкны 5031181369 дугаарын данснаас Т-ын Хас банкны 000000 дугаарын данс руу гүйлгээний утгад зээл болон хүү гэсэн утгатайгаар нийт 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Найз Д-д би тухайн үед Т-аас зээлсэн мөнгөө төлөөрэй гэж хэлсэн тухайн үед Д- надад төлж байгаа гэж хэлсэн...” /2-р хх 6/,

Гэрч М.Д-гийн “... Би Т- гэх хүнийг огт таньдаггүй байсан юм. М- надад дугаарыг нь өгснөөс хойш хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгийг нь шилжүүлж байсан. Түүнээс огт танихгүй. Би Т-ын мөнгийг нь цувуулаад өгч байхад М- над руу залгаад Э.Т- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрний доор цуцлагдсан газар байгаа юм байна. Түүнийг сэргээгээд өгөх боломж байна уу? хэрэв боломжтой бол уг газрыг аваад өгөөч гэж байна тэгээд мөнгөө авахгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн танилаасаа дээрх газрыг чөлөөлж шилжүүлж өгөх боломжтой эсэх талаар асуухад ямар ч боломжгүй гэхээр нь би энэ талаар М-д хэлсэн ...” /2-р хх 4/ гэсэн мэдүүлгүүд,

Газар зохион байгуулалтын албаны “Нотлох баримт хүргүүлэх тухай” 2021 оны 5 дугаар сарын 12-ны 01-06/3192 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1800 м.кв газрын тухай эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний тухай бичиг баримтын хуулбарууд /1-р хх 76, 77-137/,

Хохирогч Г.О-ын Худалдаа хөгжлийн банкны Депозит дансны хуулга /1-р хх 149/, хохирогч болон шүүгдэгч нарын хоорондоо харилцсан мессежний фото зураг /1-р хх 16-20, 153-159, 2-р хх 39-48/, газрын гэрчилгээний хуулбар дугаар Ү дугаарын дарсан, кадастрын зураг /1-р хх 74-75/, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан долларын ханш 2,657.92 /1-р хх 50/, зээлийн гэрээ /1-р хх 140/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Иргэн О.С- нь хохирогч Г.О-од итгэн түүний найз гэх Э.Т-д 2019 оны 7 дугаар сарын 01-нд 15,000 ам долларыг зээлж өгсөн ба уг мөнгийг хохирогч Г.О- төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байх тул хохирогчоор Г.О-ыг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Харин Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Т-ыг “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 дугаар байрны гадна 5,000,000 төгрөг бэлнээр тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хохирогч Г.О- мэдүүлэгтээ “...шүүгдэгч Э.Т-д 20,000,000 төгрөг өгсөн” нь бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар /1-р хх 144, 145/, “Е- капитал холдинг ҮЦК” ХК кассын баримт /2-р хх 28-32/ зэргээр тогтоогдож байна гэх боловч мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээлэлийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд хохирогч Г.О-ын гаргаж өгсөн - ХХК-ийн 2019 оны кассын баримт /2 хавтас 28, 108/-д мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн 2019 оны санхүүгийн анхан шатны тайланд үзлэг хийх, уг санхүүгийн тайлангийн хэддэх хуудсанд уг баримтууд авагдсан талаар тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагааг явуулаагүй байна.

Түүнчлэн хохирогч Г.О- нь 20 сая төгрөгийг шүүгдэгч Э.Т-д өгсөн гэх боловч - ХХК-ийн кассын зарлагын баримтаар шүүгдэгч Э.Т- авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл бүхий байна. 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч Э.Т- нь 6200 ам доллар, 10 сая төгрөг буюу нийт 26.473.400 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул хохирогчид учирсан 39.868.800 төгрөгийн хохирлоос хасч үлдэх 13.395.400 төгрөгийг Г.О-од олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т- нь хохирогч Г.О-од “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч П.Баярмагнайгийн “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийг буруу тогтоосон, шүүгдэгч Э.Т-д холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Т-ын цагдан хоригдсон 83 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, үлдэх 2 жил 9 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Э.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн,

“Шүүгдэгч Тундмал овгийн Энхтүвшингийн Т-ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 7 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Т-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх, Э.Т- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, түүнийг нэн даруй сулласугай”,

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,  5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т-аас хохирлын 13.395.400 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-од олгосугай” гэж өөрчилсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                                                                                                        ЕРӨНИИЙ ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ