Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2015/0023/З |
Дугаар | 126/ШШ2015/0030 |
Огноо | 2015-07-03 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 126/ШШ2015/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Б.Д********-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
"Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, Дотоод асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтохбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д*******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллажбайгаад Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын хамтарсан шилжүүлэн ажиллах гэрээний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байтал Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/18 тоот Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай захирамжаар миний эрхэлж байсан албан тушаалын орон тоог хассан. Уг захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. ... Миний өмнө нь ажиллаж байсан албан тушаал буюу Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт дотоод ажил хариуцсан ажилтны орон тоо одоог хүртэл хэвээр байгаа бөгөөд уг орон тоонд Б.М*******түр томилон ажиллуулж байгаа. Миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж шилжүүлэн ажиллах гэрээний 4.4-т гэрээний хугацаанд хуучин ажлын байр хэвээр хадгалах гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй намайг хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хуучин ажлын байр болох дотоод ажил хариуцсан ажилтнаар томилохгүй шууд үүрэгт ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн миний бие 3 сартай жирэмсэн бөгөөд энэ байдлаа мэдэгдсэн боловч хайхарч үзсэнгүй. ...Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт Дотоод ажил хариуцсан ажилтан /Дотоод асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн/-аар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.
... Би намайг хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтны албан тушаалд шилжүүлсэн Шилжүүлэн ажиллах гэрээ болон Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б-22 дугаар тушаалд гомдол гаргаж байгаагүй.
... Би намайг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, сургалт хариуцсан мэргэжилтнээр томилсон 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-11 дүгээр тушаалд гомдол гаргаж байгаагүй гэжээ.
Хариуцагч Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 тоот захирамжаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Энэ захирамжаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт байсан хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассан тул энэ орон тоонд ажиллаж байсан Б.Д*******д Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Ингэхдээ 2015 оны 3 сарын 11-ний өдөр өөрт нь албан ёсоор мэдэгдэж, мэдэгдлийг өгсөн боловч авахгүй гэдгээ илэрхийлж тайлбараа бичгээр өгсөн болно. Мөн Б.Д*******нь нэхэмжлэлдээ Анх намайг Мөрөн сумын ЗДТГ-т дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байхад 2 жилийн хугацаагаар өөр албан тушаалд түр шилжүүлэн ажиллуулъя гэсэн саналыг Мөрөн сумын Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нар хамтран гаргаж улмаар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлэн ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний хугацаанд хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын орон тоог хаслаа...гэрээний 4.4-т гэрээний хугацаанд хуучин ажлын байрыг хэвээр хадгалах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэжээ.
Мөрөн сумын ЗДТГ-ын Хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Ц*******нь 2013 оны 3 сарын 25-ны өдөр хүүхдээ харах хүсэлтэй байгаа тул 2014 оны 2 сарын 14-ний өдөр хүртэл чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан учир чөлөө олгож түүний ажлын байр сул байсан тул дотоод ажил, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Д*******тай шилжүүлэн ажиллуулах тухай гэрээ-г 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулан мөн сарын 21-ний өдөр Мөрөн сумын ЗДТГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б-72 тоот тушаалаар Г.Цэнд-Аюушийг ажилдаа орох хүртэл хугацаанд түүний оронд Б.Д*******г түр томилсон. Г.Ц*******нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан тул Мөрөн сумын ЗДТГ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-11 тоот тушаалаар Б.Д*******г хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр бүр томилон ажиллуулсан. Өөрөөр хэлбэл өмнөх шилжүүлэн ажиллуулах гэрээний хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр дууссан. Тухайн үед Г.Ц*******нь ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул түүний ажлын байр суларсан тул уг ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Б.Д*******г уг ажлын байранд жинхэлж томилсон учир өмнөх гэрээний заалт хамаарахгүй юм.
Б.Д*******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан шилжүүлэн ажиллах гэрээний хугацааг 2 жилээр байгуулсан гэсэн атлаа гэрээнд гэрээ байгуулсан өдрийг 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр, дуусах хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэж байсныг засаж ажил гүйцэтгэх ерөнхий хугацааны өдрийг 2013 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр, дуусах хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 1-н болгон өөрчилж хуурамч баримт бүрдүүлж өгсөн байна. Мөн 3 сартай жирэмсэн байхад ажлаас халлаа гэсэн байх боловч өнөөдрийг хүртэл энэ байдлаа ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй болно. Б.Д*******нь ажлаас чөлөөлөх мэдэгдлийг танилцуулсны дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгож өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж уг өргөдлийг өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэж зохих журмын дагуу шийдүүлсэн болно. Иймд Б.Д*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Бид дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Б.Д*******нараас хэн илүү төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа комисс томилж шалгаруулж аваагүй ч гэсэн Б.Д*******гийн өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан байдлыг болон ажлын үр дүн бусад байдлуудыг харгалзан арай илүү шаардлага хангаж байгаа гэж үзэн Б.М*******сонгон авч, Б.Д*******д 6 сарын тэтгэмж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Б.Д*******гийн эрхэлж байсан Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүргийг хууль зүйн холбогдолтой ихэнх чиг үүрэг нь Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнд шилжсэн ба зарим чиг үүрэг нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнд, цэргийн бүртгэл, гамшиг, онцгой байдалтай холбогдох зарим чиг үүрэг нь Тамгын газрын дарга надад шилжиж ирсэн гэжээ.
Гуравдагч этгээд Б.М*******шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2012 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн 68.8 оноо авч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 88 дугаар тогтоолоор баталгаажиж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцөнд бүртгэгдэн Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4.2.4-т заасанчлан иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэсэн заалтыг ханган төрийн албанд орох эрхтэй болсон.
2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлж ажилд түр томилох тухай Б/70 тоот тушаалын дагуу Б.Д*******2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, миний бие дотоод ажил, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан болно. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 18.1-т заасны дагуу туршилтын хугацаанд хариуцсан ажилдаа үр бүтээлтэй ажилласан тул 2015 оны 1 дүгээр сарын 15-ны Б/01 тоот тушаалаар тус өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Б.Д*******нь "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д*******нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, улмаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3/760 дугаар албан бичгээр хариу өгсөн тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч Б.Д*******гийн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэгч Б.Д*******нь 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан ажилтны албан тушаалд нэг жилийн туршилтын хугацаагаар томилогдож, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн уг албан тушаалдаа төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон ажиллажээ.
2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Мөрөн сумын Засаг дарга Ц.Г*******, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Н******* нартай тохиролцон 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан Г.Цэнд-Аюушийн оронд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллах болжээ.
Ийнхүү 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар тохиролцсон хугацааны талаар нэхэмжлэгч Б.Д*******нь 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай шилжүүлэн ажиллахаар тохиролцсон гэж, хариуцагчаас Г.Цэнд-Аюушийн хүүхэд асрах хугацаанд буюу гэрээнд зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажиллуулахаар тохиролцсон гэж тус тус маргажээ.
Б.Д*******г Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр Г.Цэнд-Аюушийн хүүхэд асрах хугацаанд буюу гэрээнд зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажиллуулахаар тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Н*******гийн шүүхэд гаргасан ... Г.Цэнд-Аюушийг ажилдаа орох хүртэл хугацаанд түүний оронд Б.Д*******г түр томилсон гэх тайлбар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б-72 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хандан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Г.Цэнд-Аюушийн 2014 оны 2 дугар сарын 14-ний өдрийг дуустал чөлөө хүссэн өргөдөл зэргээр нотлогдож байна.
Мөн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г*******, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Н*******, нэхэмжлэгч Б.Д*******нарын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан Шилжүүлэн ажиллах гэрээ-нд ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр, шилжүүлэн ажиллах хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч Б.Д*******гаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Шилжүүлэн ажиллах гэрээ-ний огноо засвартайгаас гадна ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр, шилжүүлэн ажиллах хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэж засварласан байна.
Ийнхүү Шилжүүлэн ажиллах гэрээ-нд заасан ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа, шилжүүлэн ажиллах хугацааг сүүлд засварласан болох нь нэхэмжлэгч Б.Д*******гийн ... 2 жил гэж анхнаасаа ярилцаж тохиролцсон байж яагаад гэрээнд 2014.04.01 гэсэн хугацааг хоёр дахин бичсэн юм бэ гэхэд миний хоёр жил гэсэн хугацаатай огт маргахгүй байсан. Засаг даргын захирамжийн дагуу ажлын байр чинь хасагдсан л гэж хэлсэн. Ингээд би өрөөнөөс нь гарсан. Өөрийнхөө өрөөнд ороод хоёр удаа 2014 гэснийг андуурч бичсэн юм болов уу гэж бодоод 2013, 2016 гэж өөрчилсөн гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д*******гийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай Шилжүүлэн ажиллах гэрээ-ний 4.4-т заасан гэрээний хугацаанд хуучин ажлын байр хэвээр хадгалах заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа Б.Д*******г Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажилд шилжүүлэн ажиллуулсан гэрээ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэрээ юм гэж маргасан байх ба Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг шаадлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заасан байна.
Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахад хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд байгууллага дотор ажил, албан тушаалыг өөрчилөхөд хэрэглэгдэхгүй. Гэвч гэрээний талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллага дотроо өөр албан тушаалд ажиллуулахыг зөвшилцсөн байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.
Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан ажилтан Б.Д*******нь түүнийг Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтны албан тушаалд шилжүүлсэн Шилжүүлэн ажиллах гэрээ болон Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б-22 дугаар тушаалд гомдол гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан Би намайг хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтны албан тушаалд шилжүүлсэн Шилжүүлэн ажиллах гэрээ болон Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б-22 дугаар тушаалд гомдол гаргаж байгаагүй гэх тайлбараар тогтоогдож байна.
Улмаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Ц*******нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-10 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б-11 дүгээр тушаалаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, сургалт хариуцсан мэргэжилтнээр Б.Д*******г 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна.
Нэхэмжлэгч Б.Д*******нь түүнийг Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилсон дээрх тушаалыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан Би намайг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, сургалт хариуцсан мэргэжилтнээр томилсон 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-11 дүгээр тушаалд гомдол гаргаж байгаагүй гэх тайлбараар нотлогдож байна.
Гурав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13, 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 223 дугаар тогтоолуудаар сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг баталсан ба 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тогтоосон байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын дээрх 13, 223 дугаар тогтоолуудыг үндэслэсэн боловч эдгээр тогтоолд зааснаас олон орон тоотой байхаар баталжээ.
Нэхэмжлэгч Б.Д*******нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталж, түүний ажиллаж байсан Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассаныг мэдсэн бөгөөд уг захирамжийн талаар гомдол гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/18 дугаар захирамжийн аймгийн Засаг даргатай уулзаж амаар гомдол гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд болон шүүхэд гомдол гаргаж байгаагүй гэх тайлбараар тогтоогдож байна.
Дөрөв. Нэхэмжлэгч нь Миний өмнө нь ажиллаж байсан албан тушаал буюу Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт дотоод ажил хариуцсан ажилтны орон тоо одоог хүртэл хэвээр байгаа бөгөөд уг орон тоонд Б.М*******түр томилон ажиллуулж байгаа гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М*******нь Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б-70 дугаар тушаалаар 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод асуудал хариуцсан түшмэлээр түр томилогдон ажиллаж байгаад Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдож ажиллах болсон байна.
Өөрөөр хэлбэл Б.Д*******г Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр бүр томилогдсоноос хойш Б.М*******нь Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Дотоод ажил хариуцсан түмшэлийн албан тушаалд төрийн жинхэнэ алба хаагчаар томилогдсон байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталж, Б.Д*******гийн эрхэлж байсан Хууль, эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассантай холбогдуулан түүний хийж байсан ажлын чиг үүргүүдээс заримыг Дотоод асуудал, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнд, заримыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнд, заримыг Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлсэн болох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Н*******гийн шүүх хуралдаанд гаргасан Б.Д*******гийн эрхэлж байсан Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүргийг хууль зүйн холбогдолтой ихэнх чиг үүрэг нь Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнд шилжсэн ба зарим чиг үүрэг нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнд, цэргийн бүртгэл, гамшиг, онцгой байдалтай холбогдох зарим чиг үүрэг нь Тамгын газрын дарга надад шилжиж ирсэн гэх тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага ... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал ...-ын тодорхойлолтод заасан ... чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал ...-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийн томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, комисс томилж шалгаруулж аваагүй гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу ... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж тус тус заасан байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Б.Д*******гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг гурван өөр албан тушаалтанд хэсэгчлэн шилжиж үлдсэн тул Б.Д*******гийн эрхэлж байсан албан тушаалын зарим чиг үүрэг шилжиж очсон төрийн албан хаагчид болон албан тушаалын орон тоо нь хасагдсан ажилтан Б.Д*******нарын хэнийг сонгон авч ажиллуулах талаар комисс томилж тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулалгүй шууд хуучин эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь бүрнээр хадгалагдан үлдсэн төрийн жинхэнэ албан тушаалтнуудыг албан тушаалд нь үлдээж, хуульд зааснаар нэхэмжлэгч Г.Д*******-д6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгожээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ... сум, дүүргийн Засаг дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ... ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан тул Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоог хасагдсан гэх үндэслэлээр Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Г.Д*******-д6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нь Б.Д*******гийн эрхэлж албан тушаалын орон тоо хасагдсан холбоотой түүний эрхэлж байсан албан тушаалын зарим чиг үүрэг шилжиж очсон төрийн албан хаагч нар болон албан тушаалын орон тоо нь хасагдсан ажилтан нарын хэнийг сонгон авч ажиллуулах талаар комисс томилж тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулаагүй боловч өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Б.Д*******, Б.М*******нарын ажлын үр дүнг бусад байдлуудыг харгалзан сонгон авсан гэх тайлбар нь үндэслэлтэй болох нь Б.Д*******, Б.М*******нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар нотлогдож байх тул Б.Д*******д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь түүнийг Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн ба энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, түүний ажиллаж байсан Хууль эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо байхгүй болсон тул уг тушаалыг хүчингүй болгосноор Б.Д*******нь Дотоод асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох эрх зүйн үр дагавар үүсэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Б.Д*******нь 3 сартай жирэмсэн байсныг минь хайрхарч үзээгүй гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байна. Төрийн албаны тухай хуульд жирэмсэн байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг хориглосон заалт байхгүй юм.
Шүүхээс гуравдагч этгээд Б.М*******-тэрх үүргийг нь тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд амаржаад удаагүй, биеийн байдлын улмаар оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-дзаасныг баримтлан Б.Д*******гийн "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, Дотоод асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ