Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 849

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706028850323 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Б, 1985 оны 7 дугаар сарын 25-нд Ховд аймагт төрсөн, 32 настай, эргэтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа сургалтын төв ажиллуулдаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 70-2-2 тоотод оршин суух хаягтай, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 847 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн авто замын уулзвар дээр Б.Тэрбишийн толгойд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 450 нэгжийн торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна. Дөрвөөс таван сарын хугацаанд торгуулын ялыг төлөх боломжтой” гэв.

Хохирогч Б.Тэрбиш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Эгч дүү хоёрыгоо яармагаас аваад, ахыгаа их дэлгүүрээс аваад гэр рүүгээ харих гээд явж байсан. 100 айлаас Дарь-Эх рүү эргэх эгнээндээ ороод зогстол хажууд нэг машин ирж зогссон. Дотроос нь 1 залуу бууж ирээд эгчийн минь талын хаалгыг онгойлгоод шууд өшиглөсөн. Яаж байгаан гээд бууж очоод уг залуутай барилцаж авахад миний цамцнаас татаж нүүр таглаад малгайнаас чирсэн. Нийт 4 залуу байсан. Гипстэй гараараа толгой руу 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-12/,

             Гэрч Г.Батзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”…Бат нь тухайн өдөр манай хүүхдийн үсний найранд ирсэн. Тэгээд явж байгаад тийм асуудалд орсон байсан. Шөнө над руу цагдаа дээр хүрээд ирээч гэж хэлж байсан. Хүүхэд хулгайлаад явж байна гэж бодоод араас нь дагаад машин зам дээр араас нь очиж хаалгыг нь нээгээд зодоон болсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-23/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №13382 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Тэрбишийн биед тархи доргилт, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй. /хх-27/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн авто замын уулзвар дээр хохирогч Б.Тэрбишийн толгойд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх хохирогч Б.Б нь хохирлын талаарх баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул гэм буруутай этгээдээс /Б.Бат/ өөрт учирсан хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Тэрбиш нь гэмт буруутай этгээдээс / Б.Б / өөрт учирсан хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР