Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХУТХГХЗ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багт оршин суух Шарнууд овогт П-ын Б /РХ83082010/-д холбогдох

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын харьяа Жанхайн давааны Шар хулгайн царам гэх газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХУТХГХЗ дарга Л.Др шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөлийн БЦГ-ын Жанхайн давааны чиглэлд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг мэргэжилтэн БОХ-ын Улсын байцаагч Г.Ц, жолооч Н.Д, идэвхтэн байгаль хамгаалагч Ц.М нар хамтран шалгасан. Шалгалтаар Хатгал тосгоны Жанхайн давааны бэлд оршин суугч иргэн П.Б нь Жанхайн давааны Шар хулгайн царам гэдэг газарт газрын зохих зөвшөөрөлгүйгээр 5х5 байшингийн торх 7-г барьсан зөрчилд БОХ-ын улсын байцаагчийн газар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн боловч дээрхи торхнуудыг зөөн Жанхайн аманд 6-н торхоор нь байшин барьсан нь Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, зохих бичиггүйгээр газар ашигласан зөрчил гаргасан. Энэ нь ТХГН-ын тухай хууль-ийн 35 дугаар зүйлийн 35.1, 18 дугаар зүйлийн 18.3, 37 дугаар зүйл /газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна/, Газрын тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1 /улсын тусгай хамгаалалттай газар/-ийг зөрчсөнд иргэн П- овогтой Бд Газрын тухай хууль-ийн 63 дугаар зүйлийн 63.1.10 дах /улсын тусгай хэрэгцээний газарт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан/ заалтаар шийтгэврийн /№0002710/ 1920000 төгрөгийн арга хэмжээ авагдаж, сум дундын шүүгч С.Уранчимэгийн 2014.12.02-ны өдрийн 155/ШЗ2014/2634 тоот дугаартай захирамжийг биелүүлээгүй байна. Иймд Хатгал тосгоны иргэн П.Б Газрын тухай хууль-ийн 63 дугаар зүйлийн 63.1.10 дах /улсын тусгай хэрэгцээний газарт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан/ заалтаар торгуулийн арга хэмжээ, сум дундын шүүгч С.Уранчимэгийн 2014.12.02-ны өдрийн 155/ШЗ2014/2634 тоот дугаартай захирамж, БОХ-ын улсын байцаагт Г.Цын газар чөлөөлж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөх албан шаардлага зэргийг эс зөвшөөрч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Бид байгаль орчинд учирсан хор хохирлыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгүүлж нөхөн сэргээлтийн арга хэмжээ авах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П- манай байгууллагаас модны зөвшөөрөл аваад 7 торх барьсан. Ингэхэд Жанхайн давааны Шар хулгайн царам гэдэг газар барьж үйл ажиллагаа явуулах гэж байснаа Жанхайн аманд зөөж барьсан. Манайх албан шаардлага өгч акт тавсан боловч бидний албан шаардлагыг эс зөвшөөрч 7 байшин барьсан. Ийм учраас шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглахад Байгаль Орчны сайдын 2011 оны Тусгай хамгаалалттай газарт газар олгох түр журмын дагуу зөвшөөрөл олгодог. Хариуцагчийн хувьд зөвшөөрөл аваагүй, дур мэдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манайх шууд яаманд санал гаргах эрхгүй, төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Сумаас олгосон зөвшөөрөл гэж байгаа боловч хууль зөрчсөн захирамж байгаа. Тусгай хамгаалалттай газарт газар олгоход сумын Засаг дарга санал өгнө гэсэн заалт л байгаа. Үүний үндсэн дээр яамнаас зөвшөөрөл олгодог тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жанхайд 50 гаруй гэр буудал байдаг. Тэдгээрийг Тусгай хамгаалалттай газрын захиргаа хурааж авсан. Бид 5 гэрийн буурь цутгах эрхгүй байдаг. 2015 онд Улаанбаатар хотоос хятадын хөрөнгө оруулалттай амралтын газар нээгдэж ажиллаж байгаа. 2011 онд 1 байшин, 2014 оны намар 5 байшин нэмж бариад байхад 2014 оны 7 дугаар сарын 20-ны үед миний байшингуудыг бүгдийг эвдэж буулгасан байсан. Дараа нь 2 сар гаруйн дараа дарга дээр нь ороход бид ярилцаж байгаа гэсэн. Энхтайван гэдэг хүнээс асуухад Др дарга өвөлжөөний хажууд бариарай гэхэд нь би 12 сая төгрөгийн зардал гаргаад барьчихсан байсан боловч сарын дараа албадан буулгах мэдэгдэл өгсөн. Би буулгахгүй гэхэд намайг үл тоон дараа нь Др дарга дуудаж байна гэхэд нь очиход хорихоос хүн авчирч буулгана гэсэн. Тэгээд чимээгүй байж байгаад өнгөрсөн хавар 1.920.000 төгрөгийн торгууль тавьсан байсан. Торгуулийг өгнө. Би эцэггүй, дороо 6 дүүгээ тэжээн амьдардаг учраас би энэ газрыг чөлөөлөх хүсэлгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын харьяа Жанхайн давааны Шар хулгайн царам гэх газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 7 ширхэг байшин барьж үйл ажиллагаа явуулж байгаа тул газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хөвсгөлийн Байгалийн цогцолбор газар Жанхайн давааны Шар хулгайн царам гэх газарт хариуцагч П.Б нь зохих зөвшөөрөл авалгүйгээр 5х5 хэмжээтэй 7 ширхэг байшин барьсан болох нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шалгалтын тэмдэглэл ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39-04-086/1 дугаартай, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 39-04-086/6 дугаартай Үйл ажиллагаа зогсоож, газар чөлөөлөх тухай улсын байцаагчийн албан шаардлагуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Төрийн захиргааны төв байгууллага нь болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсгазраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  газар  ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын  захиргаа  болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэх заалтыг хариуцагч П.Б нь зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг байшин барьж нэхэмжлэгч /өмчлөгч/-ийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаарх ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд ХУТХГХЗ нэхэмжлэлтэй Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын харьяа Жанхайн давааны Шар хулгайн царам гэх газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба харин хариуцагч П.Бас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлийн хэмжээгээр буюу тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч П.Баттулгын хууль бус эзэмшлээс Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт байрлах Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын харьяа Жанхайн давааны Шар хулгайн царамн газрыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч П.Бас улсын тэмдэгтийн хураамж 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН