Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00361

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Нгийн Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г-ийн Г-т холбогдох

5.875.000 /таван сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/00192/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Н.Э-, хариуцагч Г.Г- нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мал авахаар Г.Г-тай 2015 оны 4 сард амаар гэрээ байгуулж шүдлэн насны үхрийг нэг бүрийг нь 300.000-320.000 төгрөгөөр авахаар тохиролцож, 15.040.000 төгрөгийг эхнэр Долгорсүрэнгийн нэр дээрх ХААН банкны Цагааннуур дахь салбарын дансаар 4-5 сард шилжүүлсэн. Гэтэл Г.Г- нь надад 26 толгой мал өгсөн бөгөөд надаас маш их зардал гарсан. Би мал авах мөнгөний үлдэгдэл 4.800.000 төгрөг, 4 бяруу авсны зөрүү үнэ 400.000 төгрөг, хоёр малчин 7 хоног хөлслөсөн 490.000 төгрөг, 11 сард наашаа ирсэн шатахууны үнэ 140.000 төгрөг, буудлын үнэ 45.000 төгрөг, нийт 5.875.000 төгрөг Г.Г-аас гаргуулахаар нэхэмжилж шүүхэд хандсан. Гэвч шүүх хуралдаанд Г.Г- бид хоёр ярилцаад 4.900.000 төгрөг өгч авахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э- надаас мал авахад туслаач, мөнгийг мал зарах хүмүүст тараах хэрэгтэй гэсний дагуу би нутгийн мал авна гэсэн хүмүүст мөнгө тараасан. Тэгээд 26 тооны мал хүлээлгэж өгсөн. Би мал цуглуулах үүрэг хүлээгээгүй байсан. Мал авах мөнгөний үлдэгдэл 4.380.000 төгрөгийг би Н.Э-т өгөх байсан. Гэсэн ч шүүх хуралдаанд бид хоёр ярилцаад 4.900.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар болж харилцан тохиролцлоо гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Г.Г-т холбогдуулан 5.875.000 /таван сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 975.000 төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагч Г.Г-тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас 4.900.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 93.350 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-т холбогдох 5.875.000 /таван сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 93.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА