Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 02 дугаар багт оршин суух Боржигон овогт Нын Р /РБ*****************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 02 дугаар багт оршин суух Боржигон овогт Бийн Д /РА**************/-д холбогдох

800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь манай нутгийн нэг голын хүн юм. Түүнд 2014 онд сарлагийн эр шүдлэн үхрээ дараа нь мөнгийг нь өгье гэхээр нь итгээд 600.000 төгрөгт тооцож өгсөн. Тэр үхрийг Д нь өөрийн хадам хүүхнүүдэд өгсөн гэсэн. Үхрийг Амараа, Г нараар нядлуулж аваад явсан. Тэгээд үхрийн мөнгө өгөхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Д нь мал сайтай, боломжийн амьдралтай. Тэгсэн мөртлөө өндөр настай хөгшин намайг хохироосоор явна. Би хөөцөлдөж авч чадахгүй, сая эмнэлэгт хэвтсэн, эм тарианы мөнгө хэрэг болоод байх юм. Иймд Б.Дээс одооны үнэ ханшаар буюу нас дэвшүүлсэн үхрийн үнэ 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай нэг нутгийн хүмүүс юм. Нэхэмжлэгч нь хариуцагчтай нэг нутагт байдаг болохоор туслалцаа үзүүлээч гэсний үндсэн дээр зээлээр өөрийн шүдлэн үхрээ худалдсан гэж ярьдаг. Тэгээд мөнгөө өөрийн бололцоотой үедээ өгөөрэй гэж харилцан тохиролцсон гэсэн. Гэвч өдий хүртэл ямар ч сураггүй, мөнгөө өгөхгүй байгаа юм. Р нь хөгшин настай хүн учраас явж чадахгүй байгаа. Тиймээс шүдлэн үхрээ нас дэвшсэн үнээр нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2014 оны намар манай Г гэж эгчийг Хөвсгөл аймгийн УлаанУул сумаас нүүлгэж ирээд өөрийнхөө биеийг асруулж байх хугацааны хөлс гэж уг үхрийг эгчид өгсөн байдаг юм. Би Д.Г эгчээс 350.000 төгрөг авах ёстой байсан бөгөөд Г эгчийг Р гуайн гэрт байх хугацаанд би утсаар залгаж та нөгөө 350 000 төгрөгөө хэзээ өгөх боломжтой байна гэхэд утсыг нь Р гуай аваад чамд ямар асуудал байна. Надад одоогоор мөнгөний боломж байхгүй байна. Чи манайхаар нэг ирээд үзээч нэг шүдлэн, мөн нэг бяруу ч байна, харж байгаад тохироод авах боломж байна уу гэж хэлэхэд нь би очиж үзээд шүдлэн үхэр авсан юм. Тухайн үед Л.А-, Г нар нь үхрийг төхөөрч янзалж өгсөн. Тэр үед шүдлэн үхрийн зах зээлийн ханш 300.000-350.000 орчим л байсан. ...Иймд Н.Ргийн гаргасан 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Б.Дээс үхрийн үнэ 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Р нь би 2014 онд сарлагийн эр шүдлэн үхрийг 600.000 төгрөгт тооцож Б.Дт өгсөн. Одоо нас дэвшүүлсэн үхрийн үнэ 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Д нь Р нь Гад харж асруулсныхаа хөлсөнд өгсөн үхрийг би Г-аас авах авлагандаа авснаас биш Н.Ргаас шүдлэн үхэр аваагүй гэж маргажээ.

Шүүх хуралдаанд гэрч Д.Г мэдүүлэхдээ: ...Н.Рг би 2014 оны 10 сараас 2 сар гаруй хугацаанд харж асарч байсан. Надаар асруулсныхаа хөлсөнд шүдлэн үхэр өгснийг нь би Б.Дт 350.000 төгрөгийн өртэй байсан учир тэр өрөндөө өгсөн ... гэх мэдүүлэг, гэрч Л.А-ын ... Би тухайн үед Р гуайн хашаанд байшин бариад 10 гаруй хоног байсан. Тэр үед Р гуай Гаар харуулж байгаа хөлсөндөө энэ үхрийг өгч байгаа юм аа гэж байсан. ...гэх мэдүүлэг болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Б.Дт шүдлэн үхэр 600.000 төгрөгөөр тохиролцож өгсөн болох нь нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж түүний татгалзлалыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нь үүнийг нотлоогүй байх тул хариуцагч Б.Дээс үхэрний үнэ 800.000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Н.Ргийн нэхэмжлэлтэй, Б.Дт холбогдох, 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН