Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж,  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

нэхэмжлэгч Х.О

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 12 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Боржигон овогт Цгийн Б /**************/-д холбогдох

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан .

 

:

Х.О : Классик нэртэй авто сэлбэг зардаг авто гараж, автомашины засвар үйлчилгээг олон жил эрхэлсэн танил ах Ц.Б нь 4 замын ойролцоо шүүх рүү харсан хаалгатай сендвичэн материалтай угсармал авто гараж ажиллуулж байсныг машинтай бүхэн андахгүй. Тэр зөөгдөн баригддаг авто гаражийг байсан газраас нь зөөж Мөрөн сумын *************** тоотод байрладаг хашаанд аваачиж барьсан бөгөөд уг гаражийг Ц.Б нь худалдах өдрөө буюу 2013.10.23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө болгон улмаар нэг хүний өмчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн ********* дугаартай гэрчилгээг авсан байдаг юм. Гэрчилгээг авсан өдрөө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг Х.О надтай байгуулж 76.000.000 төгрөгөөр худалдсан хэлбэртэй гэрээг байгуулсан. Уг гэрээг хийхийн өмнө Ц.Б ах надад болон манай гэр бүлийн хүнд хандаж олон удаа хүсэлт тавьж худалдан аваач гэж гуйж байсан. Тэрээр надтай биечлэн уулзаж, ах нь чамд л гэж санал тавьж байна чи энэ гаражийг ав одоо авто засвар үйлчилгээний ажил маш их орлоготой байна. Ашигтай болохоор чи дор нь л үнэ төлбөрийг нь олно. Өдрийн орлого 300.000 төгрөгөөс буухгүй авсан чи алдахгүй амьдралаа өөд нь тат чи хөөрхөн л мөнгөтэй болно ... гэх мэтээр маш гоё ярьж итгүүлэн зөндөө гуйсан. Манай эхнэр Ц.Ог нь намайг чи ямар автомашины засварт үйлчилгээний ашиг мэдэх биш тэгээд ч тийм их мөнгө /76.000.000/ төгрөг бидэнд байхгүй гэж дургүйцсэн. Ингээд манай эхнэр цаарагласан хэдий ч би Ц.Б ахад түүний олон жил ийм бизнес хийсэн туршлагад нь итгэж түүний дэмжинэ, тусална гэсэнд найдаж маш гоёор ярьсныг нь мөрөөдөж нэг мэдэхэд би худалдаад авчих мөнгөгүй мөртлөө Ц.Б ахад зөвшөөрсөн байв. Ингээд худалдан авах бэлэн мөнгөгүйгээ хэлэхэд Б ах санаа зоволтгүй, зохицуулчихна болно ах нь банкныхантай ярьчихсан, авто гаражийн байраа барьцаанд тавиад зээл авъя гэж хэлээд намайг барьцаат хөрөнгөтэй зээлдэгч болгон 2013.10.28-ны өдөр Төрийн банкнаас 65.000.000 төгрөгийн зээл авахуулж уг мөнгийг Б ах өөрийнхөө дансанд шилжүүлж авсан. Ингээд авто гаражийн ажлын байр худалдах худалдан авах гэрээ маань банкны зээлээ төлбөр хийгдэж төлбөрийн үнэ 65.000.000 төгрөг болон багасч худалдан авагч миний бие хүссэн хүсээгүй Төрийн банкны зээлдэгч болж зээлээ төлөхийн тулд зүтгэж зүтгэж Ц.Б ахын хэлсэнчлэн өдрийн 300.000 төгрөгний орлогоос буудаггүй авто гаражийн үйлчилгээнээсээ зээлээ төлж чадахгүй болж банкнаас намайг шүүхэд өгөх үед төөрөгдөлд орж чадуулж, хохирч яваагаа мэдэв. Тухайн үед бол төөрөгдөлд орсноо мөн хууран мэхлэгдэж байгаагаа мэдээгүй хэлцэл хийх үед саад болох нөхцөл байдал бол тухайн хөрөнгийн бодит үнэ байсан ...ийм төрлийн бизнес хийх нь бүү хэл авто гаражаар үйлчилгээ явуулах талаар ямар ч ойлголтгүй байгаа. Ц.Б ах надад чи эрт босч эрт нээж миний өгсөн ажилтнаар ажлаа сайн амжуул тэгээд л орлого гэдэг ороод ирнэ шүү дээ ... гэх мэтээр маш гоёор сайхан ярьж итгэл үнэмшил төрүүлж авто гаражийн үйлчилгээг явуулсан. Түүний ярьснаар бас тодорхой хугацаагаар ашиглуулж банкны зээлийг төлөх гэж хирэндээ зүтгэсэн. Ингээд авто гаражийн байр худалдагч /мөн 432 кв.м газартай худалдсан Ц.Б ахад мэхлэгдэн чадуулж хуурамч, бодитой биш үнээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч өөртөө хохиролтой хэлцэл хийжээ гэдгээ хожим буюу 2015.04.09-ний өдөр Төрийн банкны Хөвсгөл салбарт эхнэр бид хоёрыг шүүхэд өгөхөд мэдлээ. Энэ талаараа би Ц.Б ахад хэлсэн. Тэр надад мөнгөтэй бол эргүүлээд авмаар байна гэж хариу хэлсэн ...Ц.Б ах ...үйлчилгээний орлого олох талаар л надад яриад байснаас биш уг үл хөдлөх хөрөнгө яг бодитойгоор ямар үнэ төлбөртэйг баттай хэлээгүй. Ц.Бгийн гэрээнд дурдсан үнэ 76.000.000 төгрөг банкны зээлээр 65.000.000 төгрөг банкны барьцаанд 48.000.000 төгрөг гурван өөр өөр үнэтэй албан ёсны үнэлгээний үнэ ба өөр байх болно. Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2013.10.23 өдөр хийсний дараагаар 2013.10.28 өдөр бэлэглэлийн гэрээг байгуулж авто гаражийн үйлчилгээний байр 432 кв.м газар тус тус Х.О надад шилжүүлсэн. Энэ нь илэрхий хууль бус болно. Иймд хууль зөрчин хийгдсэн

1.    2013.10.23 өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ

2.    2013.10.18 өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг

3.    2013.10.28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Х.О : Б ах анх надад гражаа зарахдаа ах нь чиний төлөө л хэлж байна. Ах нь энэ гражийг ажиллуулаад сард 300000-350000 төгрөгийн цэвэр орлоготой ажилладаг. Миний дүү ахаасаа худалдаж аваад амьдралаа дээшлүүл гэж байгаад зарсан. Тэгээд нөгөө граж нь ямар ч орлогогүй мөн маш муу хямд материалаар барьсан хуучин граж байсан. Тиймээс би тус гражийг худалдах худалдан авах гэрээ, мөн бэлэглэлийн гэрээг, газрын гэрээг хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан юм. Ямар үндэслэлээр буцаах гэж байгаа юм гэхээр би анх гэрээ хийхдээ мөн худалдан авахдаа төөрөгдөлд орсон байсан. Хоёр талын хэлцэл дээр хийгдсэн гэрээ биш хэт нэг талыг барьсан гэрээ байсан. Б ах байнга л надруу залгаад яасан бэ гээд байсан тэгээд л би бараг сүүлдээ эмээгээд хурдхан л авъя гэж бодсон юм. Би Б ахад итгээд л худалдаж авсан. Тийм учраас эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сард Х.О надтай ирж уулзаад та *************** хороонд байгаа гаражаа зарах уу гэж асууж би ч зарах бодолтой байгаа тухайгаа хэлж байсан. Ингээд хааяа манай засварын газраар орж гарч байхдаа засварын газрын ажлын тухай орлого ашгийн талаар болон миний *************** хороонд байрлах шинээр барьсан авто засварын газрын талаар асууж сонирхож ярьдаг байсан. Би *************** тоотод байрлах авто засварын газраа өөрөө ажиллуулахаар барьсан боловч ажиллах боловсон хүчин болон өөрийн зав боломжоос болоод ажиллуулж чадахгүй байсан тул зарах санаатай байгаа тухайгаа ярьж Х.Оыг сонирхож байгаа бол худалдаж авч болох тухай хэлэхэд Олонбат ч зөвшөөрч бид 2013.10.23-ны өдөр Худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зуралцаж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэн албан ёсоор Х.Оын өмчлөлд шилжүүлэн өгсөн. Бид дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анх 75.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч Х.О бэлэн мөнгөгүй байгаа тул одоо банкнаас зээл авч төлье, мөн миний кроун машиныг төлбөрт нь оролцуулаад авчих гэж гуйхаар нь би зөвшөөрч Төрийн банкинд Х.О хүсэлтээ гарган материалаа бүрдүүлэн өгч судлуулан банк зөвшөөрч худалдагч тал буюу миний дансанд зээлийн 65.000.000 төгрөг шилжин орж ирсэн. Үүнээс би 28.000.000 төгрөгийг Х.Оад бэлнээр нь буцаан өгч түүний санал болгосноор кроун маркын автомашиныг 13.000.000 төгрөгт тооцон авч нийтдээ тавин сая төгрөгөөр Мөрөн сумын 6.8.17 тоотод байрлах авто засварын газартай, 6х6 харьцаатай автомашины гаражтай 432 кв.м газрыг Х.Оад зарсан юм. Ингээд нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэтэл бэлэн мөнгөгүй байсан тул бид ярилцаад бэлэглэлийн гэрээ байгуулсан нь үнэн. Би Х.Оыг авто засварын газар ажиллуулахад нь тусалж өөрөө ийм бизнес эрхэлдэг туршлагатай хүний хувьд зааж зөвлөөч гэж гуйсных нь үндсэн дээр Хятад улсын Эрээн хот руу дагуулж явж өөрийн бизнесийн хамтрагчтай танилцуулж өөрийн нэрээр 3.000.000 төгрөгийн барааг зээлээр авч өгсөн. Одоо хүртэл энэ мөнгөө аваагүй байна. Надад Х.О авто засварын газар ажиллуулах сонирхолтой байна. Таныг зарвал авмаар байна гэж эхэлж өөрөө санал тавьж авчихаад бүтэн 2 жил болсны дараа хууртагдсан, төөрөгдсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ор үндэсгүй байна. Би Х.Оад худал ташаа зүйл яриагүй, худалдаж авсан цагаасаа эхлэн энэ засварын газрыг ажиллуулж эхэлсэн. Одоо ч ажиллуулж байгаа байх. Би энэ хашааг 2012 онд 23.000.000 төгрөгөөр худалдан авч өөрийн хөрөнгөөр 20 орчим сая төгрөгөөр авто засварын газрыг барьж ажиллуулж байсан. Байрлал сайтай авто засварын газрын зориулалтаар баригдсан. Энэ чиглэлээр нь ажиллуулж эхэлсэн хүн амьтан мэддэг болсон ийм үйлчилгээний газрыг тухайн үед би 80.000.000 төгрөгөнд зарна гэж байгаад Х.О эхнэрийн хамт ирээд 50.000.000 төгрөгөнд өгчих тэгвэл авлаа гэхээр нь зөвшөөрч өгч байсан. Тэр үед 80.000.000 төгрөгөөс яриад зарна гэж байсныг тэнд ажиллаж байсан хүмүүс болон асууж сонирхож байсан хүмүүс ч мэдэж байгаа. Иймд Х.О бидний хооронд хийгдсэн Худалдах худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр болно гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хоорондоо ярилцаж байгаад тохиролцсоны үндсэн дээр хийж байсан. Эдгээр гэрээнд ямар ч хууль бус зүйл байхгүй. Тиймээс би Олонбатын ямар ч хуурч мэхэлсэн асуудал байхгүйХэргийн материалд гаргасан зураг нь зарснаас хойш хоёр жилийн дараах зураг байна лээ. Шинэ граж байсан талаар нотлох зураг нь үл хөдлөх хөрөнгийн газарт байгаа. Би тийм хуучин граж өгөөгүй Олонбат өөрөө ч мэднэ гэв.

ؿ .

:

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Бод холбогдох 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.О нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг ноцтой төөрөгдөлд орсны улмаас зөвхөн нэг талын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ учир дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Ц.Б нь дээрх гэрээнүүдийг хоёулаа харилцан тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр байгуулсан гэрээ, хуурч мэхэлсэн болон ноцтой төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй учир хүчин төгөлдөр хэлцэл юм гэж маргажээ.

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Боос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** багийн 8 дугаар гудамжны 17 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай авто гражийг, газрын хамт худалдаж авсан болох нь V-************** дугаартай 200 кв.м талбайтай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээний дугаар 000169218, улсын бүртгэлийн дугаар *************, нэгж талбарын дугаар ************* дугаартай газар худалдах, худалдан авах, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг бэлэглэх тухай гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай заасан ба дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн бол шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох тухай заасан байна.

Нэхэмжлэгч Х.О нь ... Ц.Б ах надад чи энэ гражийг ав, одоо авто засвар үйлчилгээний ажил маш их орлоготой байна, ашигтай болохоор чи дор нь үнэ төлбөрийг нь олно, өдрийн орлого 300.000 төгрөгөөс буухгүй, авсан чи алдахгүй, амьдралаа өөд нь тат, чи хөөрхөн л мөнгөтэй болно. ...гэх мэтээр маш гоё ярьж итгүүлэн авахгүй гэвэл уурлах гээд байсан болохоор Ц.Б ахад хэлцэл хийхийг зөвшөөрч ноцтой төөрөгдөлд орсны улмаас 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хийсэн. ...гэх тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд орж дээрх хэлцлүүдийг хийсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Төөрөгдөл гэдэг нь тухайн хэлцлийн хувьд үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох эрх, үүрэг, тэдгээрийн үр дагаврын талаар хэлцлийн аль нэг тал, хоёр тал урьдчилан буруу төсөөлсөн байхыг ойлгоно. Тухайн хэлцлийн талуудын тэрхүү төөрөгдөл нь өөртөө ноцтой шинжийг агуулсан байх ёстой бөгөөд энд олох ёстой байсан ашгийн хэмжээнд хүрч байгаа эсэхийг хамааруулж болохгүй юм.

Мөн хэлцлийн аль нэг тал нь нөгөө талдаа тухайн хэлцэлтэй холбоотой эрх үүрэг болон түүнээс үүсэн гарах үр дагаврын талаар зориуд санаатайгаар буруу төсөөлөл бий болгохыг хууран мэхлэх гэж ойлгох бөгөөд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Х.Оыг хууран мэхэлж дээрх гэрээнүүдийг байгуулсан гэх хууль зүйн үндэслэл, үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5*************** зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамж 617.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бод холбогдох 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Оаас 617.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН