| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00222/И |
| Дугаар | 155/ШШ2016/00368 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: РД*********** дугаар регистртэй, Урианхай овогт Цийн М-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/00222/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Ц.М- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.М- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд Хөвсгөл аймаг дахь Ойн техник мэргэжлийн сургуульд суралцаж, суурь машинистын мэргэжил эзэмшин төгссөн. Тэгээд тус сургуульдаа 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгч, хувцас өлгөгчөөр ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицид 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сорьц угаагч буюу дээж угаагчаар ажиллаж байсан. Дараа нь дахиад Хөвсгөл аймаг дахь Ойн техник мэргэжлийн сургуульд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тогооч, мастер багшаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орсон бөгөөд миний дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдийн тушаал олдохгүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би шүүхэд 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч 1995 оноос 1996 оны хоорондох хугацааг улсад ажиллаж байснаар нөхөн тооцуулсан тул тус хугацааг тооцуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд намайг Хөвсгөл аймаг дахь Ойн техник мэргэжлийн сургуульд 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгч, хувцас өлгөгчөөр, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, мастер багшаар, Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицид 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сорьц угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.М- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд 1995 оноос 1996 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзан хүсэлтийн шаардлагаа багасгасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ц.М- Хөвсгөл дахь Ойн техник мэргэжлийн сургуульд 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгч, хувцас өлгөгчөөр, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, мастер багшаар, Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицид 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сорьц буюу дээж угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон ...02. 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ойн ТМС-ийг хоёр жил суралцуулан суурь машин тохируулах мэргэжил эзэмшүүлэн төгсгөж, Ойн ТМС-ийн мэдэлд шилжүүлэв, сургуулийн захирлын 1981 оны 06 сарын 28-ны өдрийн 79 тоот тушаалаар, 03. 1981 оны 07 сарын 05-ны өдөр, Хөвсгөл Ойн ТМС-д хичээлийн байрын үйлчлэгчээр томилон ажиллуулав, сургуулийн захирлын 1981 оны 07 сарын 10-ны өдрийн 60 тоот тушаалаар, 1982 оны 10 сарын 19-ний өдөр, үйлчлэгчийн ажлаас өөрчлөн хувцас өлгөгчөөр дэвшүүлж ажиллуулав, сургуулийн захирлын 1982 оны 10 сарын 19-ний өдрийн 78 тоот тушаалаар, 05. 1984 оны 03 сарын 30-ны өдөр, өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул хувцас өлгөгчийн ажлаас чөлөөлөв, сургуулийн захирлын 1984 оны 03 сарын 31-ний өдрийн 28 тоот тушаалаар, 06. 1984 оны 04 сарын 10-ны өдөр, Зураглалын экспедицид сорьц угаагчаар томилон ажиллуулав, Зураглалын экспедицийн даргын 1984 оны 04 сарын 13-ны өдрийн 35 тоот тушаалаар, 09. 1985 оны 06 сарын 01-ний өдөр, өөрийн хүсэлтийг үндэслэн сургуулийн гуанзанд тогоочоор авч ажиллуулав, сургуулийн захирлын 1985 оны 06 сарын 01-ний өдрийн 53 тоот тушаалаар, 10. 1992 оны 06 сарын 28-ны өдөр, тогоочийн ажлаас чөлөөлж, тогооч нарийн боовчин мэргэжлийн ангийн мастер багшаар томилон ажиллуулав, сургуулийн захирлын 1992 оны 06 сарын 28-ны өдрийн 21 тоот тушаалаар, 1995 оны 01 сарын 01-ний өдөр, 1995 оны 01 дүгээр сарын 01-нээр тасалбар болгон жил сар хоног улсад ажилласныг баталгаажуулж, нийгмийн даатгалын №430836 тоот дэвтэр олгов... гэх бичилттэй №042708 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ардын боловсролын яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1...Ц овогтой М-ыг 1982 оны 10 дугаар сарын 16-наас эхлэн хувцас өлгөгчөөр ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилчин авах тухай №78 дугаартай тушаалын хуулбар,1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1. Тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байгаад чөлөөтэй байсан Ц овогтой М-ыг өөрийнх нь хүсэлтийг харгалзан 1984 оны 3 сарын 30-наар тасалбар болгон ажлаас чөлөөлж аймгийн ХНХ хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №28 дугаартай тушаалын хуулбар, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Зураглалын экспедицийн ангийн даргын 1984 оны 04 сарын 13-ны өдрийн ...3/...Мөрөн хотын харьяат Ц.М-ыг Богдын 6-р ангид дээж угаагчаар тус тус 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж шилжүүлэх, ажил өөрчлөх, ажилд шинээр томилох тухай №39 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ...6-р ангийн сорьц угаагч М-ыг 3-р ангид гуравдугаар зэргийн сорьц угаагчаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Зарим ИТА, өрмийн мастер, жолооч, засварчдыг ажилд өөрчлөн томилох тухай №09 дугаартай тушаалын хуулбар, Ардын боловсролын яамны харъяа Хөвсгөл дахь Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ...2...Худалдааны ТМС төгссөн тогооч мэргэжлийн Ц.М- нарыг 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Зарим мэргэжлийн ангийг өөрчлөх, мастер багш томилох тухай №28 дугаартай тушаалын хуулбар, Шинжлэх ухаан боловсролын яамны харьяа Хөвсгөл дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ...мод бэлтгэлийн бригадыг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай...Тогооч... М-... гэх бичилттэй Мод бэлтгэлийн бригад томилон ажиллуулах тухай №46 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Геологи хувьцаат компанийн Ц.М-ын 1985 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, цалингийн цэс, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Геологи хувьцаат компанийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ц овогтой М-ын 1985 оны 1, 2, 3, 4-р саруудад Мөрөн дахь Зураглалын экспедицийн /хуучин нэрээр/ 6, 3-р ангиудад ажилладаг байсныг тэр үеийн материалаас цалингийн тодорхойлолт хийсэн нь үнэн болно гэх бичилттэй 01 дугаартай тодорхойлолт, Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын 54-р тогтоолын дагуу тус байгууллага нь Хөвсгөл Геологи ХК болж улсын бүртгэлд 1992 оны 5 сарын 04-ний өдөр бүртгэгдсэн болохыг тодорхойлов гэх бичилттэй 02 дугаартай тодорхойлолт, гэрч Х.Х-гийн ...Би 1981 онд сургууль төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Геологийн лабораторид инженерээр ажилласан. Ц.М- нь тус аймгийн Зураглалын экспедицийн Богдын 6-р ангид дээж угаагчаар ажилладаг байсан...Экспедици нь дотроо 13 ангитай байсан ба М- нь 6-р ангид ажилладаг байсан...1984 оны 4 сараас 1985 оны 4 сар хүртэл нэг жил гаруй ажилласан. Дээж угаагч нар хээрийн үйлдвэрлэлээс авсан дээжээ лабораторид тушаадаг байсан юм. Би лабораторид ажилладаг байсан ба манай лабораторид өгдөг байсан учир сайн мэдээд байгаа юм...Ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан ба хавар нь ажилчид Улаанбаатараас цаашаа 200 мянганы зураглалд явж байсан. Намар нь ирдэг байсан. 11 сарын 07-ноос хойш хээрийн үйлдвэрлэлийн ажил буудаг байсан. Өвөлдөө дээжний уут хийх, хайрцаг уут бэлтгэх ажилтай байдаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Ш.Д-гийн ...Ц.М- нь Хөвсгөл аймгийн тэр үеийн Ойн техник мэргэжлийн сургуулийг 1981 онд төгсөөд сургуульдаа 1981 оны 7 сараас үйлчлэгчээр ажилласан. Тэгээд өлгүүрчин болсон. 1984 оны хавар нь гараад Хөвсгөл аймгийн Геологид ажилласан. Буцаад 1985 оны 6 сараас нь Ойн ТМС-д тогоочоор ажиллаж байгаад мастер багш болж 1996 оны 7 сар хүртэл ажилласан...Тэр үеийн Ойн ТМС-ийг 1981 онд суралцаж төгсөөд сургуульдаа 1981 оны 7 сараас 1996 оны 7 сар хүртэл ажилласан. Дунд нь нэг жил Хөвсгөл аймгийн Геологид ажилласан...Би тухайн үеийн Ойн ТМС-д 1978 оноос 2005 он хүртэл ахлах тогооч, жижүүр, нярав зэрэг ажлыг тасралтгүй хийж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Ц.М-ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Тус аймгийн Зураглалын экспедицийн 1985 оны даргын тушаал шүүж үзэхэд Ц.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/120 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Урианхай овогт Цийн М-ын Хөвсгөл дахь Ойн техник мэргэжлийн сургуульд 1981 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгч, хувцас өлгөгчөөр, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогооч, мастер багшаар, Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицид 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сорьц буюу дээж угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА