| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2203003160362 |
| Дугаар | 2023/ДШМ/140 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/140
2023 01 31 2023/ДШМ/140
Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, Ж.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1832 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох 00000000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-гийн Б-, Өвөрхангай аймагт 1967 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, халдвар судлаач мэргэжилтэй, --------- ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 000 дүгээр хороолол, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,
Д.Б- нь “-” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS4968:2000” стандартын шаардлагын 2.1 дэх заалт “үйлдвэрлэлийн ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана...” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан -ын төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц- 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах -т ковид 19-н шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч Д.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэнийг бүрэн, хөдөлбөргүй тогтоогоогүй байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж, мөн хуулийн 28.1.4-т ажил олгогч нь “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон хэргийн оролцогч нарын хүсэлт, тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд “-” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв эмнэлэг нь “Ковид 19”-ын түр шинжилгээний цэгийг байгуулан шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулан үйл ажиллагаа явуулахдаа ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, шинжилгээ өгөхөөр ирсэн иргэдэд аюулгүй үйлчлүүлэх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй тус эмнэлгийн дарга Ч.Ень хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Түүнчлэн тус эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х нь эмнэлгийн даргын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахаас гадна байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль дүрэм, журам стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлж ажиллах үүрэгтэй зэргээс дүгнэхэд “-” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв эмнэлгийн дарга С.Е, тус эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х нар энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхэд прокуророос хууль зүйн дүгнэлт хийлгүй тус эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б-г яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 1.7 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх” зэргийг прокурор хянах үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял завшуулахгүй байх/ “гэм буруу”-гийн болон “шударга ёс”-ны зарчимд нийцэх ёстой.
Иймд дээрх үндэслэлүүдээр яллагдагч Д.Б-д холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Мөн шүүхийн зүгээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн тоочин зааварлах нь зохимжгүйг дурдаад, захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэж шүүхэд хэргийг нэг мөр шилжүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг прокурорт буцаажээ.
Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.” гэж заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй тул шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоохын тул хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтыг судлаагүй, талуудын мэтгэлцээн явагдаагүй байхад мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Прокуророос гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтоон яллагдагчийг яллах, цагаатгах бүхий л нотлох баримтыг цуглуулж яллагдагчийн гэм буруутай эсэхийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох, эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал юм.
Шүүгчийн захирамжид дурдагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэн, хэн хэрхэн зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, яллагдагч Д.Б- болон тус эмнэлгийн бусад албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан тул шүүх хуралдааны үед шинжлэн судалж, прокурор хууль зүйн дүгнэлтээ шүүх хуралдаанд гаргах ёстой байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн захирамжид дурдагдсан “-” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв эмнэлгийн дарга С.Е, тус эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х нар нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг прокурор шалгасан бөгөөд хэрэгт дээрх нэр дурдагдсан хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ авагдсан байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзнэ гэж ойлгодог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж тодорхой заасан байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.” гэж заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй тул шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоохын тул хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтыг судлаагүй, талуудын мэтгэлцээн явагдаагүй байхад мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Прокуророос гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тогтоон яллагдагчийг яллах, цагаатгах бүх нотлох баримтыг цуглуулж яллагдагчийн гэм буруутай эсэхийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох, эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал юм. Шүүгчийн захирамжид дурдагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэн, хэн хэрхэн зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, яллагдагч Д.Б- болон тус эмнэлгийн бусад албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан тул шүүх хуралдааны үед шинжлэн судалж, прокурор хууль зүйн дүгнэлтээ шүүх хуралдаанд гаргах ёстой байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн захирамжид дурдагдсан “-” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв эмнэлгийн дарга С.Е, тус эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Х нар нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг прокурор шалгасан бөгөөд хэрэгт дээрх нэр дурдагдсан хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ авагдсан байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзнэ гэж ойлгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж тодорхой заасан байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Яллагдагч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буянзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн 20 дугаар талд шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасантай холбогдуулан С.Еийг шинжээчийн дүгнэлтээр буруутгасан. Ковидын шинжилгээ авах түр цэг нь сантехникийн шугам хоолой руу орох хэсэгт байрласан байсан. Сантехникийн шугам хоолой байгаа газар хаалга, хаалт хийж болдоггүй. Гэтэл С.Е, Ч.Х нар түр цэгийг энэ газар байрлуулсан. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын ажилтан гэдэг гэрчилгээг “Ололт амжилт” сургалтын төвөөс авсан байдаг нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Миний үйлчлүүлэгч улирал, сар бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөний дагуу ажил олгогч болон орлогч дарга, холбогдох мужаан ажилтнуудад заавар, зааварчилгаа өгч эрсдэл, аюулыг үнэлэх талаар байнгын тэмдэглэл хөтөлж байсныг хавтас хэрэгт хавсаргаагүй. Миний үйлчлүүлэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээсэн, 300 хүнийг хариуцаж ажилладаг бөгөөд мужаан, аж ахуйн албаны болон орлогч даргын хийх ёстой ажлыг хийх үүрэг хуульд болон ажлын байрны тодорхойлолтод дурдагдаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд сантехникийн шугам хоолой руу орохтой холбогдуулан барилга, байгууламжийн дүгнэлтийг байцаагч Урангоогоос гаргах уу гэж асуухад “барилга байгууламж, барилгын норм дүрмийн стандартын шаардлага хангасан эсэх дүгнэлтийг барилгын техникийн хяналтаас гаргах боломжтой, би гаргах боломжгүй гэсэн байдаг” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, хэрэгт нотолбол зохих зүйлүүд болон холбогдох ажиллагаа хийгдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хаана, яаж гэмт хэрэг үйлдсэнийг эргэлзээгүй тогтоох ёстой байхад энэ талаар эргэлзээгүй тогтоож чадаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн буюу хэргийн газар үзлэг хийхдээ холбогдох хуулийг зөрчиж хөндлөнгийн гэрчийг оруулсан атлаа яллах дүгнэлтэд нөхөн үзлэг гэж дурдсан нь хууль зөрчсөн байна. Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийг зөрчсөн. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хамрагдах эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт болон холбогдох ажил үүргийн чиглэлийг тодорхой болгоогүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулах талаар дурдсан боловч ямар хэсгийг хүчингүй болгуулах тухай дурдаагүй. Мөн хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой байхад прокурор эсэргүүцэлдээ аргачилсан зааврыг зөрчиж С.Е, Ч.Х нарын асуудлыг өөрөө шалгасан гэж тэмдэглэсэн байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Д.Б-г “-” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS4968:2000” стандартын шаардлагын 2.1 дэх заалт “үйлдвэрлэлийн ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана...” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Улаанбатар төмөр замын төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц- 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах -ын төв эмнэлэгт ковид 19-н шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн гүйцэт, хөтөлбөргүй тогтоогоогүй байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг шат шатандаа биелүүлж ажилласан эсэхийг тодруулж, шалгах зайлшгүй шаардлагатай.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “...-ын төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана/ гэснийг хангаагүй байна.
... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” гэсний дагуу -ын байдлыг хангуулах хяналт тавих үүргийг төв эмнэлгийн дарга Ч.Ехариуцна.
... - -ын даргын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ заасны дагуу Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр Д.Б-г томилж түүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн зорилтод зааснаар -ын төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүү ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй байна. -ын төв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хийн ажлын байрны тодорхойлолтын 3.4, 3.5-т -ын удирдах газар болон эмнэлгийн даргын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган хяналт тавьж ажиллах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль дүрэм, журам стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлж ажиллах үүрэгтэй гэж заасан байна.
-ын төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан тухай ажилчдад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа үүрэг чиглэл өгч байсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
... -ын төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалтыг, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор тухайн ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг тус тус хангаж ажиллаагүйгээс осол гарсан байна.
... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу -ын төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хяналт тавих үүргийг төв эмнэлгийн дарга Ч.Ехариуцна.
УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга Ч.Ень Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т ажил олгогч нь ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх үүрэгтэй гэж заасны дагуу эмнэлгийн Ковидын шинжилгээний түр цэгийн байранд эрсдлийн үнэлгээ хийлгүүлээгүй, эрсдлийг арилгах арга хэмжээг авч ажиллаагүй байна.
... УБТЗ-ын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалтыг хангаагүй.” гэсэн байхад дээрх дүгнэлтийг анхаар үзээгүй, гэрч нарын мэдүүлгүүд болон ажлын байрны тодорхойлолт зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж, үнэлэлт өгөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан.
Яллагдагч Д.Б-гаас өөр этгээд уг хэрэгт холбоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь шударга ёсны зарчмыг хангахад ач холбогдолтой.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1832 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ